Я.Содбаатар: Зарим оронд тэтгэврийн зээлийг яг өөртөө зориулах үед зөвшөөрдөг

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-МАН-ын бүлэг хуралдаж, тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийг дэмжлээ. Энэ талаар ярихгүй юу?

-МАН-ын бүлгийн зүгээс энэ асуудлаар тодорхой шийдвэр гаргасан. Маргааш(өнөөдөр) Эдийн засгийн байнгын хороо, холбогдох байнгын хороодуудаар ороод энэ долоо хоногийн чуулганаар орно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нэгэн томоохон асуудлыг шийдсэн. Байгалийн баялгийг ард иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, байгалийн баялгаа эдийн засгийн зөв эргэлтэд оруулж, байгалийн баялгийн хүртээмжийн асуудал Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр маш их яригдаж, Үндсэн хуульд орсон. Энэ л хэрэгжиж байна. Түүнчлэн нийгмийн хамгийн зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн нийгмийн салбарын бодлогын асуудал нэлээн чухлаар тавигдаж байгаа. Тиймээс амьжиргааны эх үүсвэр болж байгаа тэтгэвэр, цалингийн зээлийг зээл хэлбэрээр гаргаад байх нь зөв үү гэдгийг ч мөн авч үзэх ёстой. Энэ асуудлыг ч бид хамтад нь авч үзнэ. Энэ бол тодорхой ордын асуудал шийдэгдсэнтэй холбогдуулж, амьжиргааны түвшин хамгийн доогуур, хүндрэлтэй байгаа гэж үзэж буй хэсэг рүүгээ чиглэсэн нийгмийн бодлого гэж үзсэн учраас бүлэг дэмжсэн.

-Тэтгэврийн зээлийг огт байхгүй болгох асуудлыг ч ярьж байна шүү дээ...

-Энэ бол манай улсын тулгамдсан асуудлуудын нэг л дээ. Тэтгэвэр, цалин гэдэг шууд эдийн засаг руу орж байдаг. Хадгаламж болдоггүй зүйл шүү дээ. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудалтай хамт энэ асуудал орж ирэх байх. Тэгэхгүй бол амьжиргааны үндсэн орлого болж байгаа зүйлийг зээл хэлбэрээр тараах нь буруу. Олон оронд тэтгэврийн зээл, барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоож, хориглодог. Үүнийг цуг авч үзнэ.

-Олон улсад хориглодог гэсэн үг үү?

-Хязгаарлалт тавьдаг. Хугацаа болон олголтын хувьд, зээлийн агуулгын хувьд гээд. Зарим оронд амьжиргааны орлогоо олдог цалин, тэтгэврийн зээлийг хориглочихсон байдаг. Зарим оронд тухайлсан нөхцөлд буюу эмнэлэгт зориулсан ч юм уу, яг өөртөө зориулах үед зөвшөөрдөг. Тэтгэвэр гэдэг насны эцэст өөртөө зориулах мөнгө байхгүй юу.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхээр болсон. Гол орж байгаа өөрчлөлтүүд нь юу вэ?

-2015 онд хэрэгжиж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ерөнхий нурууг барьж, боловсруулсан. Энэ сардаа багтааж Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийн хуулиа хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн сонгууль мэдээж улс нэг тойрог тогтолцоогоор явна. Өөрчлөлт гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд хязгаарлалтуудыг нэлээн хийж өгч байгаа. Учир нь сонгох, сонгогдох эрхэнд халдах мөнгөний оролцоо, хөндлөнгийн нөлөөллүүдийг багасгах чиглэлд энэ удаагийн сонгуулийн хуулиуд голлон чиглэгдэж байгаа. Ер нь сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгаалж, сонгох, сонгогдох эрхийг хангаж, гаргадаг учраас энэ чиглэлийн өмнөх сонгуулиуд дээр гарч байсан алдаа дутагдлыг засч гаргаж байгаа. Парламентад суудалтай намууд хүнээ нэр дэвшүүлэх зохицуулалт хэвээрээ байгаа. Мөн улс төрийн намуудад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өндөр босгууд тавигдаж байгаа. Улс төрийн намыг улс төрийн бодлого тодорхойлдог, улс төрийн нам байх манлайллыг үзүүлж байх институтынх нь хувьд төлөвшүүлэх чиглэлд батлагдаж байгаа сонгуулийн хуулиуд чиглэгдэж байгаа. Ер нь 2008 оны улс төрийн сонгуулиас хойш, сонгуулийн сурталчилгааны хоног, өдрүүд дээр нэлээн хязгаарлалт хийж, тухайн сонгуулийн жилд, сонгууль болохоос зургаан сарын өмнөөс сонгуулийн сурталчилгааг хязгаарладаг гээд олон зохицуулалтыг хуульдаа хийж өгсөн. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталж, гаргаад 2020 онд болох УИХ-ын сонгуулийн товыг зарлана. Үүнтэй холбогдуулан сонгуулийн мандат, тойргийн хуваарилалтыг хийж дуусгана.

Б.Амартүвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • tuya (64.119.18.58)

    2020-01-11

    Ingej hudlaa medemhiireh hereg bn uu? Zugeer l dargadaa songuulid bagtaagaarai geed guichih Oyunhorol ta nar ireh songuulid yu l bl medehgui ym .