Э.Содонтогос: Улаанбаатарчууд ундны усаа үйлдвэрлэдэг болох гэж байна

Удирдсан хамт олны­хоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэгэн хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм.

Манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпо­рацтай байгуулсан эхний Компакт гэрээний хүрээнд төслүүдээ амжилттай хэрэг­жүүлж дууссан. Тэгвэл улс ор­нуудад тэр бүр олдоод байдаггүй боломж буюу хоёр дахь Компакт гэрээг байгуулж, 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ ажлыг гар­дан хариуцаж байгаа “Мон­голын Мянганы сорилтын сан” УТҮГ-ын Гүйцэтгэх захирал Э.Содонтогосыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нэгдүгээр хүн” буландаа урилаа.

-Бидний урилгыг хү­лээж авсан танд их баяр­лалаа. АНУ-аас олгож байгаа буцалтгүй тус­ламжийг бодит үр дүн болгох хариуцлагатай ажлыг та удирдаж бай­на. Америкчууд яа­гаад энэ удаагийн туслам­жаа усны салбарт зориу­лахаар сонгосон талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

 

-Нэгэнт танай сонины энэ хүндтэй буланд зочноор уригдсан болохоор эхнээс нь дэс дараатай ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах нь Мянганы сорилтын корпорацын гол зорилго гэдгийг юуны өмнө хэлье. Америкийн талаас 2014 оны арванхоёрдугаар сард Монгол Улсыг хоёр дахь удаагаа Компакт гэрээ бай­гуулах боломжтой ор­ноор шалгаруулж, дахин туслалцаа үзүүлэх шийд­вэр гаргаснаа мэдэгдсэн. Гэхдээ энэ удаад олон сал­барт биш, ул суурьтай судалгаан дээр үндэслэн нэгээс хоёр салбарт төв­лөрч, чанартай хөрөнгө оруулалт хийх шаардлага тавьсан юм. Ингээд 2015 оноос судалгаа хийх, тө­сөл боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэх Үндэс­ний ажлын албыг бай­гуулсан. Хөрөнгө оруулах салбараа тогтоохын тулд эхлээд манай улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсийн судалгааг Үндэс­ний ажлын алба, Үн­дэсний хөгжлийн хүрээлэнгийн эдийн засагчид Амери­кийн мэргэжилт­нүүдтэй хам­тарч хийгээд да­раах гол хүчин зүйл­сийг тодорхойлсон. Нэг­дүгээрт, макро эдийн зас­гийн орчин сул, тогт­вор­гүй, нэг салбараас буюу уул уур­хай­гаас хэт хамаа­ралтай байна. Хоёрдугаарт, микро түвшиндээ бодлого, хууль тогтоомж хоорондоо зөр­чил­тэй, хэрэгжилт уялдаагүй байгаа нь биз­не­сийн орчинд сөр­гөөр нөлөөлж байна. Гурав­дугаарт, агаарын бохирдол эрүүл мэндийн салбарыг хойш татаад зогсохгүй, улсын эдийн засагт ихээ­хэн дарамт учруулах нь. Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотод удахгүй үйлдвэрийн зориулалттай болон ундны усны хомсдол нүүрлэж, энэ нь эдийн засгийг өсөл­тийг хязгаарлах гол хүчин зүйлсийн нэг болох нь. Эдгээрээс гадна, эрчим хүч, боловсрол, эрүүл мэн­дийн гээд бусад асуудлыг ч эрэмбэлээд ярилцсан л даа. Тэгтэл Мянганы сорилтын корпорацын зү­гээс “Бидний олгох бу­цалт­гүй тусламжийн хэмжээ 250 сая ам.доллар. Нэмэгдлээ гэхэд 270 сая л болох байх. Эдийн засгийг төрөлжүүлж дэмжих нь тавхан жилийн зорилт биш, 10, 20 жилээр яриг­дах стратегийн төлөвлөлт байдаг учир энэ мөнгө хүрэлцэхгүй. Агаарын бо­хирд­лын хувьд өөр ший­дэл олсон нь дээр байх, өмнөх гэрээгээр хэрэг­жүүлсэн ажлууд ч бий. Энэ Компактаар утаанаас дутахгүй асуудал болох усны хомсдлыг шийд­вэрлэхэд тусалъя” гэсэн.

Одоо манай хот гүний усны 10 эх үүсвэрээс тэжээгддэг. Үүний гурав нь цахилгаан станцуудын мэдэлд байна. Үлдсэн до­лоон эх үүсвэрээс Улаан­баатар хотын нийт хүн амын унд-ахуйн хэрэгцээг хангаж байдаг. Тэдгээр эх үүсвэрийн ихэнх нь Төв цэвэрлэх байгууламжаас дээш байрладаг. Компакт гэрээгээр тусламж авч бай­гаа бүх улс эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулахаас гадна төсөл хөтөлбөрөө байгаль орчинд ямар ч сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр хэ­рэг­жүүлэх хатуу үүрэг хү­лээ­дэг. Энэ үүднээс үзвэл ус хангамжийг нэ­мэг­дүүлэхдээ Туул голын дээд хэсэгт байрлах эх үүсвэрүүдийг тэлж, гү­ний худаг нэмж гаргах боломжгүй. Учир нь дээд эх үүсвэрийг тэлэх тусам Туул голыг тэжээж байгаа эх ундаргыг дундлана гэсэн үг. Нилээд хэдэн жилийн өмнө Туулын ус 14 хоног тасалдахад  монголчуудын сэтгэл дагаад ширгэх шиг санагдаж байсан. Туул ширгэнэ гэдэг бол бидний ундны ус ширгэнэ гэсэн үг. Байгаль эхийн маш том тэнцвэр алдагдана. Тиймээс Төв цэвэрлэх байгууламждаа тусламж авахаар Мянганы сорил­тын корпорацид дахин хан­дахад бас татгалзсан хариу өгсөн.

Ингээд эцэст нь усны эрэлт, нийлүүлэлтийг ший­дэх замаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэг­жүүлэхээр болсон доо. Энэ хөтөлбөрийн хүрээнд байгаа нөөцөө шавхах биш, шинэ нөөц, шинэ эх үүсвэрээс ус үйлд­вэрлэх юм. Хотын баруун хэсэг буюу Биокомбинат, Шувуун фабрикийн ор­чимд гүний усны нөөц байдгийг бид мэддэг хэр­нээ ямар хэмжээний ашиглалтын нөөц байгааг нарийн тогтоогүй байсан. Эхлээд энэ судалгааг хийж нөөцийг баталгаажуулсан. Дараа нь Төв цэвэрлэх байгууламжийн бохир гүний усанд нөлөөлсөн эсэхийг судлаж үзэхэд то­дор­хой хэмжээнд нөлөөл­сөн байсан. Гэхдээ зөвхөн үүнээс болоод энэ үнэт нөөцийг ашиглахгүй өнгө­рөх дэндүү хайран. Бид энэ усыг гүн цэвэр­шүү­лэх үйлдвэрийг Сон­гино­хайрхан уулын бэлд барихаар болсон. Хөг­жингүй орнуудад олон арван жил амжилттай турш­сан аргуудыг харь­цуулж, гүний усыг маш гүн цэвэршүүлэх замаар ундны болон үйлдвэрийн зориулалтаар ашиглах усыг үйлдвэрлэж, нийслэлийн ус хангамжийн сүлжээнд нийлүүлнэ.

 

-Монгол Улс Ази тивийн орнуудаас хоёр дахь удаагаа Компакт гэрээ хэрэгжүүлэх боломжит орноор шалгарсан хоёрхон орны нэг болсон нь ховор завшаан гэж хэлж болно.

 

-Унданд хэрэглэж бо­ло­хоор гүн цэвэршүүлж чадна гэсэн үг үү?

 

-Тийм. Энэ үйлдвэрт түүхий усыг мэс заслын нэрмэл ус болтол нь цэвэршүүлж чадна. Өртөг өндөр, гэхдээ маш сайн хүчин чадалтай. Хүссэн хүсээгүй монголчуудад ус хэрэгтэй байна, нөөц хомс байна. Буцалтгүй тусламжаар орж ирж бай­гаа энэ хөрөнгийг өөрс­дийн боломж, бэл бэнчин хүрэхгүй байгаа зүйлдээ хэрэглээд авъя. Монгол Улсын Засгийн газар маш зөв шийдвэр гаргасан гэж би боддог. Одоохондоо хүмүүс ус хомсдоно гэдгийг ойлгохгүй, төсөөлөхгүй байх шиг байна. Бид ерээд оны эхээр картын бараанд дугаарлаж, сахар, талхаа тоотой худалдан авдаг бай­­сан. Түүнтэй адил өдөрт 50 литр ус хэрэглэх хязгаартай болбол яах вэ? Улаан­баатарчууд усны хан­гамжаа шийдэхгүй бол ийм байдалд орох нь бодит үнэн.

Нөгөө төсөл бол усны эрэлтийг шийднэ. Манай усны гол ашиглагчдын нэг нь дулааны цахилгаан станцууд. Технологийн хувьд зайлшгүй цэвэр ус хэрэглэх шаардлагатай ажил­лагаанууд бий. Гэхдээ цамхаг хөргөх, үнс зай­луулах зэрэг техникийн зориулалтаар ч бас л ра­шаан шиг цэвэрхэн гүний ус ашиглаж байна.  Тэгэхээр ДЦС-уудад ийм зориулалтаар хэрэглэж бай­гаа цэвэр усных нь оронд дахин боловсруулсан ус нийлүүлье гэж байгаа юм. Төв цэвэрлэх байгуу­лам­жаас өдөрт 160-250 мян­ган куб метр цэвэрлэсэн хаягдал ус гарч байгаа. Хаягдал ус дахин боловс­руулах үйлдвэр барьснаар үүнээс өдөрт 50 мянган куб метрийг нь бид да­хин боловсруулна. Тэр үйлд­вэрээс гарах ус бол ундны ус биш, зөвхөн ДЦС-уудад техникийн зориулалтаар нийлүүлэх ус байх юм.

 

 

Дэд бүтцийн ийм хоёр том төсөл хэрэгжих гэж байна. Үүнд 350 сая ам.долларыг АНУ-ын Засгийн газар өгнө. Үүн дээр тусламж авч байгаа улсын Засгийн газар 15 хувиас доошгүй хэмжээний хөрөнгө нэмж гаргах ёстой тул дор хаяж 52 сая ам.долларыг манай улс гаргана. Манайд хэрэгжих төслүүдийн хувьд өртөг өндөр тул Засгийн газар үүн дээр 60 орчим сая ам.дол­лар нэмж, нийтдээ 460 сая ам.долларын хө­рөн­гө оруулалт хийгдэнэ гэсэн үг.

 

 

-Усны салбарт маш том капитал хөрөнгө оруу­лалт болох нь. Энэ өндөр өртгийг нөхөхийн тулд үнэ тарифын ямар бодлого баримтлах бол?

 

-Тийм ээ. Үүнийг усны салбарынхан хувьсгал гэж нэрлэж байгаа. Үнэ тарифыг ямар аргачлалаар бодох вэ гэдгийг яг одоо судалж байна. Үндэсний статистикийн хороотой хамт хэрэглэгчдийн саналыг авах судалгааг хийж байгаа. Энд зориуд дурдахад, манай Үндэсний статистикийн хороо асар чадалтай, сэт­гэл­тэй ажиллаж бай­гааг энд зориуд хэл­мээр байна. ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, мөн А.Амарбал дарга болон ажилт­нуудад нь маш их талархаж байна.  Түүнчлэн  усны салбарын засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, агентлаг хоорондын уялдаа холбоог хангах гээд бусад асуудалд тодорхой хэмжээнд оролцоод явна. Хөрөнгө оруулалтын тодор­хой хэсгийг одоо нийс­лэлийн ус хангамжийг дангаараа хариуцаж байгаа Ус сувгийн удирдах газ­рыг чадавхжуулахад зар­цуулна. Энэ байгууллага их алдагдалтай ажиллаж байгаа. Үйл ажиллагаа, засвар үйлчилгээний зард­лаа орлогоороо нөхөж чадахгүй байна. Гэр хорооллын ус хангам­жийг сайжруулахад ч бас тодорхой хөрөнгө оруу­лалт хийнэ. Картаа уншуулаад хоногийн аль ч цагт ус авах боломжтой ухаалаг худгийн тоог 80 гаруйгаар нэмэгдүүлж, ачилтын худгийн тоог мөн нэмнэ.

 

-Бүтээн байгуулалт яг хэзээ эхлэх вэ. Төслийн ажил одоо ямар шатандаа яваа бол?

 

-Бид 2015-2018 онд хэ­рэг­жүүлэх төслүүдийнхээ ТЭЗҮ-үүдийг хийлээ. ТЭЗҮ хийх гэсэн том аж­лын сан­хүүжилтийг мөн Мянганы сорилтын корпо­рацын буцалтгүй тусламжаар шийдэж чад­сан. Өнөөх 350 сая ам.дол­­лараас тусад нь гар­­гуул­сан гэсэн үг. Үйлдвэр барихад ТЭЗҮ гэдэг зөвхөн ерөнхий зураглал. Одоо бид шинэ эх үүсвэр, үйлдвэрийнхээ нарийвчилсан зураг төслийг боловсруулж, бүх нарийн тооцоог гаргаж байна. Байршил, шугам сүлжээний трассыг тогтож, инженер геодези, инженер геологи, гидрогеологи, геофизикийн бүх судал­гааг өнгөрсөн зун гүйцэт­гэлээ. Ийм нарийн төвөг­тэй ажлыг цогцоор нь хийх компанийг сонгон шалгаруулахад дангаараа 6-7 сарын хугацаа шаард­лагатай. Олон улсын тен­дерийн шаардлагын дагуу Америкийн талаас тендерийн бичиг баримтыг боловсруулахаас эхлээд хүртэл өндөр шаардлага тавьдаг. 

Компакт гэрээг батал­сан гэдэг нь шууд мөнгө орж ирээд, ажил эхэлнэ гэсэн үг биш. Гэрээнд 2018 оны долдугаар сард гарын үсэг зурж, есдүгээр сард тунхаглалаа гаргаад 2019 оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар соёрхон баталсан. Ингэснээр манай хоёр улсын гэрээ олон улсын гэрээ болж байгаа юм. Одоо гэрээгээ хүчин төгөлдөр болгох том ажил үлдсэн. Хэрэв хүчин төгөлдөр болчих юм бол өнөөх таван жил маань гүйж эхэлнэ гэсэн үг. Таван жилдээ ажлаа багтааж, санхүүжилтээ бүрэн ава­хын тулд бүх зүйлээ жин тан болгож байж эхлэхгүй бол амжихгүй, хэцүүднэ.

 

 

-Төсөл хэрэгжиж дууссанаар онолын тооцооллоор 40, мэргэжилтнүүдийн албан бус яриагаар 100 жилийн ус хангамжийг баталгаатай болгоно.

 

-Тэгэхээр яарах хэрэг­гүй байх нь ээ?

 

-Долоо хэмжиж нэг ог­тол гэдэг зарчмыг л ба­рим­талж ажиллаж байна. Бидэнд алдаа гаргах эрх байх­гүй. Тиймээс хэтэрхий яарч болохгүй, бас сунжруулж удаж ч болохгүй. Цаг хугацааг асар нарийн мэдэрч ажиллах хэрэгтэй байна. Дээрээс нь гэрээ хүчин төгөлдөр болохын өмнө Америкийн Засгийн газ­раас бидэнд бас давхар болзлууд тавьсан. Үүний нэг нь шинэ Төв цэвэрлэх байгууламжид Хятадаас авах санхүүжилтийн гэрээг хийсэн, ажил эхэлсэн байх ёстой гэсэн шаардлага. Энэ асуудал дуншаад л байгаа. Мянганы сорилтын корпорац баталгаатай зүйлд л суурилж мөнгө өгнө. Дээрээс нь Төв цэ­вэр­лэх байгууламж руу орж байгаа хаягдал усны бохирдлыг 2013 оны түв­шин буюу түүнээс бага хэмжээнд хүргэж буу­руулах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж батал­сан байх ёстой. Бо­хирдол 2013 онд арай гай­гүй байжээ. Одоо Хар­гиа урьдчилан цэ­вэр­лэх байгууламж бараг ажил­лахгүй, хүнд мета­лын агууламжтай ус шууд Төв цэвэрлэх бай­гууламж руу орж байна. Тиймээс томоохон ус бохир­дуулагч үйлдвэр, ком­па­ниудыг дэргэдээ бага оврын цэвэршүүлэх байгууламжтай болох шаард­лагыг тавьж байгаа. ­Бас нэг болзол нь УСУГ-ын зардал нөхөх нарийв­чилсан төлөвлөгөөг гаргаж өг гэсэн. Мянганы сорилтын корпорац жил бүрийн арванхоёрдугаар сард биднийг үнэлж хуралдана. ТУЗ-ийн дарга нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга буюу Гадаад хэргийн сайд нь өөрөө байдаг. 

Энэ мөнгөний төлөө улс орнууд жил бүр өрсөлдөж байна. “АНУ-д Монгол ер нь ямар хамаатай юм. Латин Америкийн ор­нууд­даа л тусалж бай­вал барав” гэж боддог улс­төрчид тэнд олон. Танайх ашиглахгүй юм бол Латин Америкийн аль нэг оронд өгье гээд авчихад их амархан. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард Гана Улс гэрээний нөхцөлөө зөрчсөний улмаас 190 сая ам.долларын буцалтгүй тусламжаа цуцлуулсан.

 

 

Монгол Улс Ази тивийн орнуудаас хоёр дахь удаагаа Компакт гэрээ хэрэгжүүлэх боломжит орноор шалгарсан хоёрхон орны нэг болсон нь ховор завшаан гэж хэлж болно.

 

 

Ер нь АНУ-ын талтай маш зөв харилцаж, мөнгөө хадгалуулахыг хичээж байна. Мэддэг чаддаг бүхнээ л ашиглаж байна даа /инээв/.

 

-Гэрээ хүчин төгөл­дөр болох асуудал зөв­хөн төслийн ажлаас хамаа­рахгүй юм байна. Гэхдээ танд багцаалсан хугацаа байна уу. Та түрүүнд на­рийв­чилсан зураг төс­лийн талаар ярьж байсан. Хэзээ дуусах вэ?

 

– Бид 2018 оны зун олон улсын нээлттэй тендер зарлаж, хамгийн шилдгийг нь шалгаруулсан. АНУ-ын AЭКOM компанитай 2019 оны дөрөвдүгээр сард гэрээ байгуулж, зураг төслийн ажлыг эхлүүлсэн. Сая зураг төслийн 30 хувь нь дуусч, инженерийн магад­лалаар ороод ерөнхий зураг гарлаа. Энэ оны гуравдугаар сард 60 хувь, тавдугаар сард 90 хувь гээд долдугаар сард бүх зураг бэлэн болно. Хаана, хэдэн эрэг шураг орох вэ гэдэг нь хүртэл маш тодорхой гарч ирнэ. Ингээд бүтээн байгуулалтын тендерүүдийг олон улсын стандартын дагуу зарлана. Бүтээн байгуулалтын ажилд монгол компаниу­дыг орж ирээсэй гэж хүсч байгаа. Мэдээж шал­гуур нь олон улсын стандартын дагуу маш өндөр тавигдана. Уг нь бидний зорилго бол ирэх оны хавар, зуны барилгын улирлыг ашиглачихмаар байна. Гэхдээ ний нуугүй хэлэхэд амжихгүй бол яана гэсэн айдас бас бий. Барилга угсралтын ажил дангаараа 3.5 жилийг авна шүү дээ. Манайх урт өвөлтэй. Хаана, ямар эрсдэл байгааг мэдэрч, барилгын салбарын эрсд­лүүдийг сайтар ойлгож байж эхлүүлэх хэрэгтэй байна л даа. Одоо яг тэр судалгаануудаа хийгээд явж байна.

 

-Маш олон үе шаттай ажлууд өрнөж байгаа юм байна. Гэтэл усны асуудалд энэ их мөнгийг хийгээд эдийн засгийг яаж өсгөх юм гэсэн шүүмж­лэл байна?

 

-Ус гэдэг бидний амьд­ралын үндсэн орц. Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн түүний эд нь ус. Хүний амьдралын хамгийн суурь хэрэглээ бол ус. Ингээд тодорхойлчиход ойлгомжтой байх. Зуун мянган айлын орон сууц гэхчилэн том том төсөл, хөгжлийн төлөвлөгөөнүүд ярьдаг. Орон сууц барьж болно оо. Харин усгүй бол яах вэ. Өнөөдөр гэр хорооллын нэг иргэн өдөрт багадаа долоон литр, ихдээ 20 литр ус ашиглаж байна. Харин орон сууцанд нэг хүн дунджаар 149 литр ус хэрэглэж байна. Долоон литр ус хэрэглэдэг байсан хүн байранд ороод 149 литрийг хэрэглэдэг болох нь. Энэ ус хаана байна вэ. Нөгөө талаас устай байж, үйлдвэрлэл нэмэгдэнэ. Үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр эдийн засаг тэлнэ, ажилтай, орлоготой болно.

 

-Төсөл хэрэгжиж дуус­са­наар бид усны хомсдол гэсэн айдсаас холуур байх вэ?

 

-Онолын тооцооллоор 40, мэргэжилтнүүдийн албан бус яриагаар 100 жилийн ус хангамжийг баталгаатай болгоно. 

 

-250 сая ам.доллараар яригдаж байсан шүү дээ. Яаж 350 сая болгосон юм бэ?

 

-Эрэлт, нийлүүлэлтийн менежментийг хоёуланг нь хийхэд яах ч аргагүй мөнгө хүрэхгүй байсан л даа. Америкчуудын хувьд гэрэлт хөшөө гэдэг шиг анд нөхөд минь бидэнд үүнийг хийж өгсөн шүү гэж дурсах мөр үлдэх нь чухал. Нүдэнд харагдаж гарт баригдах зүйл хийхэд мөнгө хүрэхгүй байна гэсээр нэмүүлж чадсан. Гэрээний хүрээнд хийж ажлууд бүгд шинжлэх ухаа­ны үндэслэлтэй тооцоо судал­гаан дээр явж байгаа. Бид давхар их олон судалгаа шинжилгээ баримтыг цуглуулж чадлаа. Энэ дашрамд, мөн бидэнтэй хамтран ажиллаж ирсэн, одоо ч ажиллаж буй БОАЖЯ, Нийслэлийн за­хир­гаа, БХБЯ, ЭХЯ, УСУГ, Хот, суурины ус хан­гамж, ариутгах та­туур­гын ашиглалт, үйл­чилгээг зохицуулах зөв­лөл, ОСНААУГ, Дэлхийн банкны дэргэдэх “Усны нөөцийн бүлэг-2030”-ын баг, тэр дундаа Д.Дорж­сүрэн докторт онцгойлон талархаж явдаг. Бүтээн байгуулалтыг дагаад ирдэг зөөлөн дэд бүтэц гэж бий. Манайд ажиллаж байгаа залуучууд усны талаар маш их мэдлэгтэй болж байна. Тун удахгүй бид олон нийтэд хандсан контентуудыг ч хүргэнэ. Үндэсний хэмжээний, сайн сайхан аж амьдралын суурийг бид тавьж байна. Тиймээс аль нэг байгууллагын жижиг эрх ашгийг хаях хэрэгтэй. Улсаараа хөдөлж байж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Манай байгууллагын Удирдах зөвлөлд холбогдох яамд, тухайлбал Гадаад харилцааны яам, БОАЖЯ, БХБЯ, Эрчим хүчний яам, Сангийн яам, мөн нийслэл, хувийн хэвшлийн төлөөллүүд бий. Тэд бол асар өндөр хариуцлага үүрч байгаа гэж Монголын мян­ганы сорилтын сан хардаг.

 

 

-Одоохондоо хүмүүс ус хомсдоно гэдгийг ойлгохгүй, төсөөлөхгүй байх шиг байна. Бид ерээд оны эхээр картын бараанд дугаарлаж, сахар, талхаа тоотой худалдан авдаг бай­­сан. Түүнтэй адил өдөрт 50 литр ус хэрэглэх хязгаартай болбол яах вэ? Улаан­баатарчууд усны хан­гамжаа шийдэхгүй бол ийм байдалд орох нь бодит үнэн.

 

-Америкийн талаас өндөр шаардлага, хяналт тавьдаг гэсэн?

 

-Татвар төлөгчдийнхөө мөнгийг бидэнд үнэгүй өгч байгаа юм чинь аргагүй шүү дээ. Бид нэг центийг ч дураа­раа зарцуулах эрх­гүй. Байгууллагын захирал хүн албаныхаа унаагаар гэртээ ирж, очиж болдог доо. Би болдоггүй. Мөнгийг нь төлье гэсэн ч зөвшөөрөхгүй. Нэг талаасаа маш зөв систем. Америкчуудын нэг сайхан юм нь их сайхан тэнүүн сэтгэлтэй, юмыг зөв тайлбарлаад өгөх юм бол зовлонг ойлгох чадвартай. Хамтарч ажиллахад найрсаг, нөхөрсөг. Цаг хуга­цаа олон юмыг шийддэг юм байна. Тогтвортой, тууштай, үнэнч шударга байж чадвал хамтын ажиллагаа сайхан үр дүнд хүргэдэг. Өнөө маргаашаа бодоод аргацаагаад, ил тод биш, хаалттай харилцаатай явбал хэцүү. Хоёр улс хам­тарч ажиллаад 30 гаруй жил болж байгаа болохоор ойлголтын зөрүү улам л багасч байна. Хоёр дахь удаагаа Компакт гэрээ хэрэгжүүлж байгаа нь хам­тын ажиллагаагаа амжил­таар баяжуулж байгаагийн бодит жишээ мөн. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Майкл Клеческиг энд бас дурдах ёстой. Биднийг их ойлгож дэмждэг. Мөн Мянганы сорилтын корпорацын Монгол дахь Суурин захирал Алекс Рассин байна. Өмнө нь Армен болон Йорданы Компактыг хэрэгжүүлэхэд МСК-ын Суурин төлөөлөгчийн газ­рын Захирлаар амжилттай ажилласан туршлагатай. Тэр дундаа дэлхийн хамгийн хуурай, усны хомс­долтай Йордан улсад Усны Компактыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн туршлагатай удирдагч. Ер нь би өдөр тутамдаа мон­голчууд дэлхий нийттэй нэг хэмнэлээр ажиллаж сурах ёстойг ойлгож, харж байна. Англи хэлтэй байх юу ч биш болж байна. Англи хэлний цаана тэр хөгжингүй орнуудын хү­мүү­сийн оюун, сэтгэлгээг ухаж ойлгохын тулд өөрийгөө асар их дайчлахыг шаардаж байна. Манай хамт олон ч ингэж хичээдэг. Өндөр чадвартай, дээрээс нь сэтгэлтэй, зөв хандлагатай хүн бидэнд хэрэгтэй. Би багаа тэгж ч бүрдүүлэхийг хичээсэн. Одоо багаараа улам хөгжихийн тулд өдөр бүр хамтдаа урагшилж байна, цаг хугацаатай уралдаж байна. Ер нь гэхдээ зээлээр, буцалтгүй тусламжаар юм хийх хоёр асар ялгаатайг сайн ойлгож байна даа /инээв/.

 

-Энэ ажлын ард гарчихвал танд ямар мэдрэмж төрөх бол оо?

 

-Компакт гэрээгээ байгуулчихаад их баярласан. Гэвч цаашаа хийх ажил маш их байгааг бодоод айх үе байсан. Удирдагчийн хувиар энэ айдсаа тэр бүр гаргаж болохгүй шүү дээ. Одоогийн байдлаар надад бусад зүйлд зарцуулах цаг зав үнэхээр алга. Ойрын тав, зургаан жилдээ үүнээс халих боломжгүй. Хүн бүрт улс үндэстнийхээ өмнө ийм том хариуцлага хүлээх хувь заяа тохиохгүй. Энэ хариуцлагын ард амжилттай гарч чадах юм бол үхэхэд ч харамсах зүйлгүй. Үүний ард гарчихвал бусад хүсэл дэндүү жижигхэн санагдана байх. Уйлахаас бусад шаардлагатай бүх л зан аашаа гаргаж явна даа. Угаасаа ч би төмөр шиг хатуу талдаа хүн.

 

-Энэ чухал ажил үүргийг гүйцэтгэхэд таны үндсэн мэргэжил, гадаад хэлний өндөр мэдлэг маш том суурь чадвар болж байгаа байх?

 

-Би 2015 оны гуравдугаар сард Үндэсний ажлын албаны даргаар томилогдож байсан. Улмаар Монголын Мянганы сорилтын сангийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, 2019 оны гуравдугаар сараас Гүйцэтгэх захирлаас ажиллаж байна. Намайг зүгээр л нэг АСЕМ-ийн орчуулагч, энэ төслийн ард гарч чадахгүй гэж басамжилж байсан хүмүүс бий. Гэхдээ энэ чухал биш. Орчуулагч гэдэг өөрөө маш нарийн ажил. Дандаа давхар ухаанаар харна. Орчуулж байгаа болон сонсч байгаа хүний нүүдлийг давхар харна. Шатар тоглохтой л адил.  Зарим хүн самбарын өмнө зогсож байгаад “This is an apple” гэдгийг орчуулж байгаатай л адил боддог шиг байгаа юм. Энэ ажлыг хийхэд өнгөрсөн амьдралын замнал минь бүхэлдээ намайг бэлдсэн мэт санагддаг. Төр, хувийн хэвшилд аль алинд нь ажилласан туршлага, сурсан мэдсэн зүйлс, өөртөө хэвшүүлсэн дадал одоо их хэрэг болж байна. Дипломат эдийн засгийн харилцаа гэдгийг хэрэгжүүлж байна. Хотол олондоо ус тээгээд ирнэ дээ мөд.

 

 

Б.Солонго

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)