Эцэг, эхчүүд хүүхдээ хэр сонсдог вэ

Бидний амьдралын утга учир бол яахын аргагүй гэр бүл, тэр дундаа үр хүүхдүүд минь билээ. Эцэг, эх бүр л хүүхдээ сайн хүн болоосой, сайн сайхан амьдраасай, ямар нэгэн таагүй зүйлд бүү ороосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

Эцэг, эхчүүдийн олонх нь би хүүхдээ сайн сонсдог, тэдэнтэй ярилцдаг гэдэг боловч хүүхдүүд нь эсрэгээрээ тэд сонсдоггүй, ойлгодоггүй гэсэн зөрүүтэй мэдээлэл өгөх нь элбэг. Тэгэхээр хоёр үеийнхний дунд харилцан ойлголцолд хүрэхгүй байгаа энэ үзэгдэл маш их тархацтай байгааг Сэтгэл судлалын үндэсний төвийн хүүхдүүдийн дунд явуулсан судалгаа батлан харуулав. 

ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ яриаг гүйцэд сонсдоггүй. Харилцааны явцад хүүхдийнхээ хэлэх гэсэн санааг бүрэн гүйцэд сонсолгүй, өөрт төрсөн бодол сэтгэгдлийг хэлж, зааж зааварчилдаг. Эцэст нь эцэг, эх өөрсдөө л маш их ярьснаас болж "Би хүүхэдтэйгээ ярилцдаг, тэднийг маш сайн сонсдог” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.

Эцэг, эхчүүд сэтгэл зүйн хэрэгцээг гэхээсээ физиологийн хэрэгцээнд түлхүү анхаардаг. Томчууд бид өдөр тутамдаа дараах мэдрэмжүүдийг мэдэрч байдаг. Үүнд: даарах, халууцах, өлсөх, цангах, айх, баярлах. Эдгээр мэдрэмжүүдэд нэн түрүүнд анхаарал хандуулснаар би хүүхдээ маш сайн ойлгож, сонсдог гэсэн ташаа ойлголтыг өөрсдөдөө авч байдаг. Эцэг, эхчүүд өөрсдөө худал ярихыг багаас нь үлгэрлэдэгээ анзаардаггүй. Жишээ нь: даргыгаа залгах үед хүүхэддээ "Утас аваад аавыгаа байхгүй гэж хэлчих”- гэж зааж өгдөг.

ЯАЖ ХҮҮХДЭЭ СОНСДОГ БОЛОХ ВЭ

·Анхааралтай сайн сонсож яриаг нь дуусгаж байх хэрэгтэй. Ингэснээр таны эргэлзээ тайлагдаж та түүнийг илүү сайн сонсож ойлгох болно.

·Хүүхдийнхээ байр сууринд өөрийгөө тавьж сур. Хэрвээ би хүүхдийнхээ оронд байсан бол "Магадгүй би 13 настай байсан бол яах байсан вэ?” гэж тухайн зүйлд ханддаг, боддог байх хэрэгтэй.

·Үргэлж сайн дэмжигч гэдэг итгэлийг төрүүлж, мөн итгэлийг даа. "Аавд битгий хэлээрэй”- аавд дамжуулсныг мэдсэн тохиолдолд хүүхэд танд итгэж өөр зүйлийн талаар ярихгүй. Хүүхдийнхээ итгэлийг олж авсны дараа хүүхэд танд сэтгэгдлээ нээлттэй хуваалцдаг болно.

·Зөв бурууг нь хослуулан тайлбарла. Эцэг, эхчүүд бурууг нь олж хараад зөвийг нь орхигдуулдаг. Хийсэн зүйлийн юу нь буруу, юу нь зөв болох талаар мөн гарах үр дагаврыг нь маш сайн ойлгуулах ёстой. Хүүхэд бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн хувь хүн учраас түүнд бас таалагддаг, таалагддаггүй зүйл гэж байгаа гэдгийг сана.

·Хүүхэдтэйгээ ярилцах тогтмол цаг гарга. Өдөрт хүүхэддээ багахан ч гэсэн цаг гаргаж юу хийсэн талаар, ямар байсан тухай, маргааш юу хийх талаар ярилцаж сонсож хэвшсэнээр дараагийн удаа хүүхэд тань таныг асуугаагүй байхад танаас асуух болно.

Танд амжилт хүсье.

Сэтгэл судлаач: Ц.Нямцэцэг
Сэтгэл Судлалын Үндэсний төв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)