АТҮТ-өөс 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” -ээр зарлалаа

АТҮТ-өөс энэ оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил”-ээр зарласантай холбогдуулан удридах ажилтны зөвөлгөөнөө өчигдөр эхлүүллээ. Жилийн хүрээнд тээврийн аюулгүй ажиллагаа, зорчигчдын болон иргэдийн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллах зорилт дэвшүүлж байгааг зөвөлгөөний эхэнд тус төвийн дарга Б.Гүрсоронзон онцолж байна. Өнгөрсөн онд тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх жил болгосонтой холбогдуулж төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулснаар иргэд чирэгдэлгүй хялбар аргаар мэдээлэл авч эхэлсэн нь үр дүнгээ өгсөн байна. Ингэснээр автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг цахимаар захиалах боломж бүрдсэнээс гадна зорчигчид тасалбараа мөн урьдчилан гар утаснаасаа захиалах сонголтыг нэвтрүүлжээ. Тээврийн чиглэлээр авч байгаа бүх үйлчилгээг ухаалаг болгосноор эдийн засаг, цаг хугацааны хэмнэлтийг хийсэн байна. Үйлчилгээ илүү хурдтай болж төлбөр төлөлтийн дугаарлалт арилж илүү хялбар шийдэл болжээ. Ухаалаг системийг амжилттай нэвтрүүлснийг үнэлж 2019 онд Мэдээлэл, технологийн газраас шилдэг инноваци нэвтрүүлэгч төрийн байгууллагаар шалгаруулсан байна. Ирэх онд эдгээр ажлаа нэмэлтээр сайжруулж дэлхийн стандартыг нэвтрүүлэхээр судалгаа шинжилгээний ажлаа эхлүүсэн хэмээн зөвөлгөөний эхэнд газрын дарга танилцуулсан юм. Нэрлэсэн жилийн ажлын хүрээнд тулгамдаж буй ХААБ-ын ажлыг сайжруулах чиглэлээр ХНХЯ-тай хамтран тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн дунд сургалтыг хийхээр төлөвлөсөн байна. Тээврийн ХААБ гэж юу болох хувцас хэрэглэл малгай, гутлыг хэрхэн бүрэн гүйцэд хэрэглэж дадах гэх мэтээр мэдлэг, мэдээллээр хангах юм байна. Мөн тээвэрчид ХААБ-ын чиглэлээр мэдлэг, боловсролоо дээшлүүлхэд дэмжлэг өгөх зорилго тавьжээ. Иргэдийн үйлчилгээг хялбар болгох үүднээс тоон гарын үсэг нэвтрүүлэх ажлыг хийхээр гар утасны апп хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлснээ танилцуулгад дурдаж байв.

Апп-аар дамжуулан гаднаас оруулж ирсэн тээврийн хэрэгслийн түүхийг мэдэх боломжтойн зэрэгцээ тухайн машины эвдрэл, ослын болон дугуй, км-ийн түүхийг нарийвчлан харах цахим цэсийг бий болгох гэсэн олон технологийн дэвшлийг нэвтрүүлэхээр зорьж байгаагаа зөвлөгөөнд оролцогчдод танилцуулав. Энэ үеэр АТҮТ-ийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын тээвэр зохицуулах хэлтсийн дарга Г.Доржпалам “Дамжин өнгөрүүлэх тээвэрлэлт гурван улсын Засгийн газрын хэлэлцээрээр явагддаг. Азийн автотээврийн сүлжээний AH4 маршрут нь Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор Европоос Ази руу дамжин өнгөрөх олон улсын автотээврийн туршилтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж анхны тээвэрлэлтийг амжиллтай хийлээ. Мөн AH3 гэсэн Улаан-Үдээс Тяньжин хүртэл автозамын сүлжээгээр тээвэрлэлт хийх туршилтыг хийсэн. Энэ бүхэнд манайхаас хяналт тавьж ажиллана. Дархан чиглэлийн зам засварын ажилтай холбогдон зарим ажил хойшлогдож буйг эс тооцвол тээвэрлэлт яваад эхэлсэн” гэлээ. Энэ онд тус төвөөс авто машин импортлогч Солонгос, Японы үйлдвэрлэгчтэй холбогдож тухайн тээврийн хэрэгслийн гарал үүслийн лавлагааг авах, шалгах зэргээр холбоо, харилцаа тогтоон санамж бичиг байгуулсан байна. Зөвлөгөөнд оролцогчдын төлөөлөлтэй уулзлаа. Завхан аймгийн АТТ-ийн дарга П.Ганзориг “Энэ жил манай аймагт АТҮТ-өөс нэг тэрбум 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар автотээврийн нэгдсэн төвийг ашиглалтад оруулсан. Авто вокзал, тээвэр оношилгооны төв баригдаж зорчигч, иргэдэд ая тухтай орчинд үйлчлэх боломж бүрдсэн. Завхан 70 гаруй мянган хүн амтай томоохон аймгуудын нэг. Хот хоорондын тээвэр өндөр хэмжээнд явагддаг. Урд нь манай төвийн үйл ажиллагаа энд тэнд түрээсийн байранд явагддаг байсан. Энэ жилээс шинэ байранд орсноор иргэд нэг дороос иж бүрэн цогц үйлчилгээг авах болсонд баяртай байгаа” гэв. Ийнхүү өнгөрсөн онд АТҮТ дөрвөн аймагт Авто тээврийн нэгдсэн төвийг ашиглалтад оруулсан аж. Одоогоор 21 аймгаас 12-т нь ийм төвийг байгуулаад байгаа юм байна. Цаашид бүх аймгийг нэгдсэн төвтэй болгохоор зорьж байгаа аж. 21 аймаг зургаан дүүргийн АТҮТ-д 800 орчим хүн ажиллаж байна. Зөвөлгөөнд төв, хөдөөгийн удирдах шатны 100 орчим албан хаагч хамрагджээ.

 

М.Саранцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)