Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

2020 оны нэгдүгээр сарын 14-нд Дархан-Уул аймгийн хэмжээнд амбулаторийн 2452 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 106 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байна. Нийт өвчлөгсдийн 94.4 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Түргэн тусламжийн 73 дуудлага ирснээс 17 буюу 23.8хувь нь томуу, томуу төст өвчний улмаас тусламж, үйлчилгээг авчээ.

Тандалтын мэдээгээр амбулаторийн үзлэгт томуу томуу төст өвчин Аминхолбоо өрхийн ЭМТ 6 хувь, Гэрэлтэй 1.1 хувь, Госхот өрхийн ЭМТ 5.2 хувь, МЭДСТОБ өрхийн ЭМТ 8.9 хувь, Түвшинхолбоо 1.9 хувь, Шарын гол сумын ЭМТ 0.3 хувь, Орхон сумын ЭМТ 6 хувь, Хонгор сумын ЭМТ 10.7 хувь, Нэгдсэн эмнэлэг 4 хувьтай бүртгэгдсэн байна.

2020 оны нэгдүгээр сарын 15-ны өглөөний байдлаар Хүүхдийн орны ачааллыг тооцож үзэхэд Нэгдсэн эмнэлэг 57.4 хувийн хэтрэлттэй, Шарын гол СЭМТөв 50 хувийн хэтрэлттэй, Хонгор, Шарын гол, Орхон сумын ЭМТөв хэтрэлтгүй ажиллаж байна.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

- Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах

- Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх

- Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх

- Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх

- Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх

- Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх

- Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх

- Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх

- Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших

- Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)