Д.Пүрэвдорж: Ачаагаа олж чадвал олон улсын тээвэр нээлттэй

“Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт “Мон-Авто транс” компанийн захирал Д.Пүрэвдоржийг урьж ярилцав.

-Танай компани өнгөрсөн оны сүүлээр  олон улсын авто тээв­рийн анхны тээвэр­лэл­тийг хийлээ. Хэзээнээс энэ тээврийг сонирхож эхэлсэн бэ?

-2016 онд манай ком­пани анх туршилтын тээвэр хийж Улаан-Үд, Тяньжин хүрсэн.  Ту­хайн үед ЗТХЯ, Авто тээврийн Үндэсний төвөөс төлөөл­лүүд дагалдаж явсан учраас жолооч бие даасан тээвэр хийгээгүй.

Харин энэ удаагийн тээвэрлэлтийн онцлог нь  бид  ачаагаа өөрсдөө  олж, Эрхүүгээс байгалийн ус ачаад, БНХАУ-ын Тяньжин боомтод тээвэрлэж хүргэсэн. Энэ ачааг манай олон улсын тээвэр зуучлалын Туушин компани оруулсан.  Бидэнд ямар нэгэн саад бэрхшээл тулгараагүй. Хэлэлцээрийн дагуу хийсэн энэ тээвэрлэлт  далайд гарцгүй манай орны хувьд маш чухал ач холбогдолтой гэдгийг холбогдох газрын төлөөллүүд онцолж байгаа. Энэ нь Ази-Европыг холбох хамгийн дөт зам тул манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэх оруулна гэж тооцож байгаа. Манай компани Туушин группийн охин компани. Туушин олон улсын тээвэр зуучлалын компани. Одоогоор олон улсын тээвэрт явж байгаа авто тээврийн хоёр компанитай. Нэг  нь нүүрс тээвэрлэлтийнх нөгөөх нь улс хоорондын авто тээврийнх. Туушин тээвэр зуучийн анхны компани учраас БНХАУ-аас Европ руу, Европоос Хятад руу  тээвэр хийх бололцоогоор хангаж өгдөг. Энэ ачаа Туушин компанийн гэрээний дагуу хийсэн ачаа. Эрхүү мужийн “Байкаль Си” гэдэг байгаль нуурын усыг савалдаг компани. Энэ компанийн ачааг энэ удаа Тяньжин хүргэсэн. Энэ асуудлыг ЗТХЯ болон АТҮТ шийдвэрлэж өгч монгол жолооч олон улсын тээвэрлэлтэд оролцох боломж бүрдэж, олон улсад нэвтрэх тээврийн өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой болсонд маш их баяртай байна. Анх энэ замаар Монголын талаас ямар ч тээвэрлэлт хийгээгүй. Тиймээс энэ боломжийг ашиглан манай компани анхдагч больёо гэж зориглон  харилцагч компанидаа санал болгосон. Өөрөөр хэлбэл “Байкаль Си” компанид бид танай усыг шууд Тяньжинд хүргэж өгье гэсэн. Тэдний зүгээс та нар үнэхээр чадах юм бол маш сайхан байна гэсэн. Тухайн үед энэ тээврийг хийхэд урьдчилан гарах хүндрэлийг хэлэх боломжгүй байсан. Яамнаас ажлын хэсэг гарсан ч яриа хэлэлцээрээс хэтэрдэггүй байсан. Харин өнөөдөр өөрсдөө явж үзсэн болохоор хаана ямар асуудал гарахыг мэддэг боллоо. Туушин “Монгол тээвэр нэгтгэл”-ийг үүсгэн байгуулагч. 2016 оны туршилтын тээврийг “Монгол тээвэр нэгтгэл” зохион байгуулсан. Тэр үед манай нэгтгэлийн  гурав, Орос, Хятад талаас мөн тус бүр гурван тээврийн хэрэгсэл хамтарч явж байсан.

 

-Танайхаас өөр компани энэ тээвэрлэлтэд оролцох боломжтой юу. Эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой  вэ?

 

-Монгол тээврийн компаниудын хувьд одоогоор өрсөлдөгч гэж ярихад эрт байна. ОХУ-ын тээвэрлэгчидтэй өрсөлдөх тухай ярьж болно. Гэхдээ манай талаас  зөв зохион байгуулалтаар Монголын тээвэрлэгч компаниа дэмжих хэрэгтэй. Тяньжинээс наашаа ачаа тээвэрлэх урсгалыг бий болгох. Тэндээс ачаа бараагаа ачих чиглэлийг гаргах хэрэгтэй. Тяньжинд  манай улс  10  га газартай юм байна. Энэ газрыг ачаа, барааны эргэлтийг цэг болгох.  Монгол талын худалдаа үйлчилгээний компаниудыг ачаагаа монгол тээвэрчдээр тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд манай тээвэрлэгч нарт ашигтай. Олон улсын тээвэрлэлтэд тавигддаг стандарт шаардлагыг хангасан ямар ч компанид нээлттэй.  Тухайн компани ачаагаа олоод ачаа илгээгчтэйгээ гэрээгээ байгуулсан тохиолдолд хэдэн ч аж ахуйн нэгж  оролцох боломжтой. Гэхдээ гурван улсын  хооронд тус бүр 200 тээврийн хэрэгсэлээр тээвэрлэлт хийх  эрхийг олгохоор байгаа юм билээ. Цаашдаа манай улсын нутаг дэвсгэр дээгүүр БНХАУ, ОХУ-ын тээвэрчид дайран өнгөрөх болно. 200 хэрэгсэл нэг жилийн хугацаанд бага мэт боловч цаашид машины тоо эргэлтийг тооцож нэмэх боломжтой гэсэн.

 

– Тогтсон нэг маршруттай юу. Хоёр хөршийн газар нутаг руу  орсон тохиодолд ямар нэгэн хүндрэл гарах зүйл байсан болов уу?

 

-Азийн авто замын сүлжээнд орсон IH3 гэсэн маршрутаар эхний ээлжинд зөвшөөрсөн. Өөр хот руу орох, өөр замаар явах боломжгүй. Заагдсан маршрутаар явах гэрээтэй. Бээжингийн зургадугаар тойргоор дайрч Тяньжин боомтод хүрсэн. Анхны бие даасан тээвэр байсан учраас АТҮТ, ЗТАЖЯ-тай байнгын холбоотой явж саад тохиолдвол тэр дор мэдэгдэж туслалцаа авах яриатай явсан болохоор Эрээнээр ороход ямар нэгэн бэрхшээл байгаагүй. Танхим, АТҮТ, яамнаас мэдээлсэн учраас саадгүй орсон. Жолооч нар IH3 гэсэн маршрутаар явахын тулд замын тэмдэг, тэмдэглэгээг харж хаагуур салж хурданы зам руу орох уу гэдэгт эхний толгой машины жолооч  ард явж байгаа жолооч нарт холбоогоороо  дамжуулан мэдэгдэж явсан. Нийт 10 машин явсан. Мөн АТҮТ-өөс жолооч нарт гарын авлага болон гурван улсын замын хөдөлгөөний дүрмийг тайлбарлаж өгсөн.

 

-Замын чанар ямар байв. Хураамж мэдээж авч байсан байх?

 

-Эрээнээс Тяньжин орж гарахдаа  нэг талдаа 1500 юаны төлбөр төлсөн. Бусад тохиолдолд ямар нэгэн хураамж төлөөгүй. Манай Улаанбаатар Дарханы замын засвартай холбоотой нөхцөл байдал бага зэрэг хүндрэлтэй  байсан. ОХУ-ын тээвэрлэгчдтэй уулзахад манай зам хэцүү байгааг хэлж байсан. Гэхдээ удахгүй сайжирна гэсэн хүлээлттэй. Энэ замд цаг хугацаа нэлээд алдаж байсан. Дугуйны элэгдэл их гарсан. Бусад зам болон хөрш хоёр орны зам чанартай, ямар нэгэн бэрхшээл байгаагүй. Стандартын шаардлага хангасан тохиолдолд аж ахуйн нэгжээс гадна хувь хүн  тээвэрлэлт хийх боломжтой. Тээвэрлэлтийн үнэ ханш нь тухайн тээвэрлэгч, ачаа илгээгч нарын хоорондын гэрээгээр зохицуулагдана.

 

-Тээвэрлэлт хэдий хэрийн хугацаанд үргэлжилсэн бэ?

 

– Улаан-Үдээс  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд гарч Тяньжин ороход  нэг талдаа долоо хоногийн хугацаа зарцуулсан. Энэ хооронд 2200 км. Хоёр талдаа 4400 км. Олон улсын стандартад 400 км тутамд жолооч нар амрах дүрэмтэй.  Энэ дүрмээр дээрхи хугацаа зохицуулагдсан. Мөн жолооч нарт хэлний шаардлага тавигдаж байгаа.

 

-Төмөр замын тээвэрлэлтээс давуу тал нь юу байв?

 

-Төмөр замын тээвэрлэлтээс  ачаа, бараа бүтээгдэхүүний үнэ харьцангүй үнэтэй. 1-2 нэр төрлийн барааг бөөнөөр нь их хэмжээгээр ачдаг. Гэхдээ цаг хугацааны хувьд хурдан. Авто тээврээр болон төмөр замаар тээвэрлэлт хийх эсэхээ аж ахуйн нэгж  өөрсдөө сонгох эрхтэй.

 

– Нэлээд олон оронд тээвэр хийх эрхтэй гэж байсан. Түүнчлэн аюултай, эмзэг барааг гаргах зохицуулалт бий юу?

 

– Манай улс өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украйн, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литв, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг 16 улстай авто тээврийн салбарт хамтран ажиллах болж байгаа.  Цаашид Франц, Итали зэрэг улстай энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой болсон. Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс олон улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай БНХАУ-ын тээврийн яамтай байгуулсан Протоколыг 2019 онд шинэчилэн байгуулсан.  Уг шинэчлэлээр шилжүүлэн ачих боломжгүй овор хэмжээ ихтэй, аюултай ачааг БНХАУ-д бүртгэлтэй чиргүүлээр Монгол-Хятадын хооронд тээвэрлэлт хийх боломжтой болсон гэлээ. Тус шинэчилсэн протокол энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)