Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэв

 

Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна.

Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Товч мэдээ

-  “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг сайд, аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт даалгав. 21 аймагт инженерийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээ болон 12 аймагт түрээсийн орон сууц барихад шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Улаанбаатар хотын гэр хороололд инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж барихад шаардлагатай эхний ээлжийн санхүүжилтийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаас гаргах  талаар Хятадын талтай тохиролцохоор болов.

-  Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хэлэлцээр батлагдсанаар БНЧУ-д ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа олон жилээр тасардаг, ирээдүйд тэтгэвэр авах эрхгүй болох, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг нь үгүй болох юм. 2019 оны байдлаар Монгол Улсын 8813 иргэн БНЧУ-д амьдарч байна.

-  Иргэний аюулгүй байдлын салбарт Бүгд Найрамдах Франц Улстай хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн тохирохоор болов. Энэ нь гамшгаас хамгаалах салбарт хамтрах чиглэл, цар хүрээг өргөтгөх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сургалт зохион байгуулах, эрэн хайх, аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж болон холбоо, зарлан мэдээлэх, удирдлагын төвийн чадавхийг дээшлүүлэх зорилготой юм.

-  Арабын Нэгдсэн Эмират Улсад болох “Экспо 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцоно. Монгол Улсын павилонд түүх, соёл, эдийн засаг, бизнесийн орчин, аялал жуулчлал, Төв Азийн хурдны зам, загвар, үзмэр, видео танилцуулга зэргийг түлхүү  байршуулахаар төлөвлөжээ. 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 2021 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд “Мэдлэгийг холбох, ирээдүйг бүтээн байгуулах” сэдвийн дор болох энэ үзэсгэлэнд 192 орон оролцохоо илэрхийлээд байна.

-  Түүх, соёлын дурсгал, тусгаар тогтнолын баримт нотолгоо болсон эртний газрын зургийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, түүхэн газрын зургийн гурван боть ном хэвлэн олон нийтэд сурталчилан таниулахаар болов. Газрын харилцааны салбарын төрийн архивт 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, ноорог байдаг. Төв номын сан, Үндэсний төв архив, орон нутгийн музей зэрэгт XVIII-XX зууны эхэн үед хамаарах 800 гаруй газрын зураг хадгалагдаж байна. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)