Замын цагдаа явган зорчигчийг ч удирдах эрхтэй

Манай улсад дагаж мөрдөж буй Замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход чиглэсэн болохыг нийтлэг үндэслэлд нь заасан байдаг. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх хүнд хамааралтай гэж ойлгож болно. Гэтэл уг дүрэмд тусгасан явган зорчигчтой хамаарал бүхий цөөхөн заалтаас иргэд гэрлэн дохиогүй газарт давуу эрхтэй гэдгээ л сайн мэддэг. Харин Замын хөдөлгөөний дүрмийн 5.3,5.13-т заасан зохицуулагч /замын цагдаа/ болон явган зорчигчид хамаарах чухал заалтыг төдийлөн мэддэггүй буюу мэдсэн ч үл ойшоодог бололтой. МУИС-ийн хичээлийн I байрны урд талын дөрвөн замын уулзварт өглөөнөөс эхлэн ачаалал их болдог. Энэ үед зохицуулагч замын голд зогсож, эрээн модоо гялалзтал эргүүлж хөдөлгөөнийг зохицуулж байхтай бараг өглөө бүр таарах юм.Замын цагдаа явган зорчигчдыг дохиураар зохицуулж эс дийлээд эцэст нь шүглээ үлээж, амаараа хашгираад ч барсангүй. Иргэд түүнийг ч анзаарах сөхөөгүй, шуурганд уруудсан мал мэт ногоон гэрлээр цагаан шугамаар зам хөндөлсөн хуйлрав.

 

Дүрэм ёсоор (5.3) замын цагдаагийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй байх нөхцөл үүсдэг. Энэ нь таны зам хөндлөн гарах чигт /өөдөөс чинь харсан дохион дээр/ сөрөг урсгалыг зөвшөөрсөн байвал цагаан шугамаар нэвтрэх эрхгүй, хөдөлгөөнийг хориглосон гэсэн үг.

 

Энэ тохиолдолд явган зорчигч зөвхөн зохицуулагчийн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрдөг гэдгийг томчууд төдийгүй хүүхэд багачууддаа зааж сургахад илүүдэхгүй юм. Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.13 дахь заалт буюу “Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэл болон дүрмийн бусад заалтаас давуу байна’’ гэсэнтэй нийцэж байгааг онцлон дурдъя.

Дашрамд хэлэхэд, МУИС-ийн хичээлийн I байрны өмнөх дөрвөн замын уулзвар дахь гэрлэн дохионы нэг талын ногоон нь асахаа болиод удаж байгааг Замын хөдөлгөөний төвийнхөнд дуулгая.

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)