Малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулж мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны xуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Дэлхийн банкны 11.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн.

   Төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан. Энэхүү төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохироод байна. “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог чадавхижуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх бөгөөд 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна. Дэлхийн банкнаас Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь юм байна. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Дамба-очир, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга Батсайхан хариулахдаа, дээрх санхүүжилтийн 70 орчим хувь буюу 20 сая ам.долларын 5 сая ам.долларыг малын эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцооны чадавхийг сайжруулах, бодлого, дүрэм журмыг сайжруулах зорилгоор зарцуулахаар төлөвлөсөн. Олон улсын стандартад нийцсэн эрх зүйн орчныг бий болгох, тогтолцоог хөгжүүлэх, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, малын халдварт өвчин, гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх стратегийг сайжруулах, хэрэгжүүлэх; мал эмнэлгийн салбарын чадавхийг сайжруулах ач холбогдолтой хэмээн тайлбарлав. Мөн малын эмч нарыг чадавхжуулахад зарцуулна гэв. Малын өвчний тандалт, хяналт, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулахад 9 сая ам.доллар, мал эмнэлгийн цахим үйлчилгээг сайжруулахад 4 сая ам.доллар, малын эрүүл мэндийн тогтолцоог олон нийтийн оролцоотой сайжруулахад 2 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн гэв. Уг асуудлыг Б.Баттөмөр гишүүн ихээхэн шүүмжилж, төслийн танилцуулгад дурдсан хүрээнд 30 сая ам.долларын зээлийг зарцуулахад харамсалтай байна гэлээ. Д.Дамба-очир гишүүн зээлийн зарцуулалтыг өөрчилж, малын эмч нарыг чадавхжуулах, мал эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, нэмэгдүүлэх, худаг ус нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан. Дараа нь төсөлтэй холбогдуулж гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Зээлийн зарцуулалтад өндөр хяналт тавьж, гүйцэтгэлийг бүрэн хангах, бодит үр дүн гаргахад бүх түвшиндээ анхаарч ажиллахын чухалыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлж байв. Ийнхүү төслийн талаар зөвшилцөөд, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Мал аж ахуйн салбарт тулгамдаад байгаа гол асуудал нь бэлчээр, тиймээс цаашид малын тоо толгойг өсгөхөөс илүүтэй чанаржуулахад анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг Б.Баттөмөр гишүүн хэлсэн. Мал аж ахуйн салбарын бодлогыг зөв тодорхойлж, бодитой ажил хэрэг болгож хэрэгжүүлж чадах юм бол эдийн засгийн өндөр үр ашиг олох боломж бий, гол бэрхшээл нь бодлогоо оновчтой тодорхойлдоггүй, тодорхойлсон бодлогоо зөв хэрэгжүүлдэггүй бэрхшээл байгааг малчид хэлдэг гэдгийг тэрбээр онцолж байв. Ингээд Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 75 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

    Дараа нь Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ажиллахаар боллоо. 

    Хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай үргэлжлүүлсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)