Л.Мөнхбаатар: Бусдын малыг хулгайлсан л бол хэд байхаас үл хамаарч ял шийтгэл заавал хүлээнэ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таны хувьд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан гишүүдийн нэг. Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтүүд тусгагдав?

-Энэ хуульд туссан гол зохицуулалт нь бусдын малыг хулгайлсан л бол нэг байна уу, олон байна уу гэдгээс үл хамааран эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл заавал хүлээхээр боллоо. Малын хулгай ярихаараа нэг л их тоо яриад байна гэж яригдаж байсан. Энэ талаар тайлбар хэлэхэд мал хулгайлсан л бол ямар ч маргаангүй, ял шийтгүүлэх нь тодорхой. Харин хэдэн мал, ямар нөхцөлд мал хулгайлснаас шалтгаалан зарим тохиолдолд оногдуулах ял шийтгэлийг илүү хүндрүүлэх шаардлага байдаг. Тиймээс малын тоо, мал хулгайлахад үүссэн нөхцөлийг малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд яриад байгаа юм.

Хэрвээ найм хүртэлх тооны бог, эсхүл нэг бод, өөрөөр хэлбэл найм хүртэл тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулна. Мөн найман бог, эсхүл, хоёр бод, түүнээс дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал хулгайлсан гэж үзэж өмнөхөөс илүү хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Үүнтэй холбогдуулан нэг бодыг дөрвөн богд шилжүүлэн тооцохоор хуульд тусгасан.

Түүнчлэн хулгайлсан малын тооноос үл хамааран дараахь байдлаар мал хулгайлсан бол бас хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Үүнд, бүлэглэн мал хулгайлсан,улсын хилээр нэвтрүүлсэн, машин механизм ашиглан ноцтой хор хохирол учруулан мал хулгайлсан бол хэдэн тооны мал хулгайлснаас үл хамааран хүндрүүлэх нөхцөлтэйгөөр буюу шууд хоёроос найман жилээр хорих ял шийтгэхээр тус тус тусгасан. Малын хулгайг зөвхөн Эрүүгийн хуульд заасан. Өөрөөр хэлбэл, мал хулгайлах нь зөрчил биш, гэмт хэрэг. Зөрчлийн хуульд “хулгайлах” зөрчил байдаг боловч энэ нь малын хулгайд хамаарахгүй бөгөөд мал хулгайлсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Бидний санаачилсан хуулиар Зөрчлийн хуульд орсон өөрчлөлт нь хулгайлсан мал, махыг мах бэлтгэлийн зориулалтаар худалдан борлуулахад зөрчлийн хариуцлага хүлээлгэдэг болгож байна. Өмнө нь мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсвэл мал, мах тээвэрлэсэн гэдэг зөрчил байсан боловч түүнийг худалдаалж, борлуулсан этгээдэд зөрчил хүлээлгэдэггүй байсан. Энэ өөрчлөлт орсноор хулгайлах замаар олж авсан мал, махыг тодорхой хэмжээнд худалдаалахыг хязгаарлана гэж үзэж байгаа.

-Энэ өөрчлөлтийн амин сүнс нь малын хулгайтай тэмцэхэд чиглэж байна гэж ойлгож байгаа. Мал хулгайлсан л бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ. Өнчин ишиг хулгайлсан ч ял авах юм байна. Арай хатуу хууль болчихов уу гэх зүйл яригдаж байна....

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг бусад хуулиар малын шилжилт хөдөлгөөний хяналт, малын бүртгэл, им тамга, малын индексжүүлсэн бүртгэл, мал, махны гарал үүслийн гэрчилгээ гэх мэт захиргааны хяналт, зохицуулалтын шинжтэй хуулийн зохицуулалтууд хэрэгжээд явж байгаа. Гэлээ гэхдээ мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй байна. Энэ төрлийн гэмт хэрэг улам л өсч байна. Үндэсний статистикийн газрын мэдээллээс үзэхэд мал хулгайлах гэмт хэрэг 2017 онд 901, 2018 онд 1096, 2019 оны байдлаар 1800 гаруй мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил бүр тасралтгүй өссөөр байгаа. Сая бидний санаачилсан хууль бол малын хулгайн гэмт хэрэг гарсны дараа мал хулгайлсан этгээдэд оногдуулах ялыг чангатгасан зохицуулалт бүхий Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. Мэдээж ялын бодлого бол нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирсон ял шийтгэлийг оногдуулах зорилготой. Нөгөө талаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх буюу энэ гэмт хэргийг үйлдвэл ийм ял шийтгэл эдлэх юм байна гэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байдаг.

Уг нэмэлт, өөрчлөлт бол гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой хууль. Үүний өмнө Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталсан. Уг хуулийн төслийг би УИХ-ын зарим гишүүний хамт санаачилсан. Энэ хуулиар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх буюу гэмт хэрэг гаргахгүй байхад төрийн болон орон нутгийн байгууллага, цагдаагийн байгууллага, иргэдийн чиг үүрэг зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар зохицуулсан. Нөгөө талаар малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нь зөвхөн цагдаагийн болон бусад хуулийн байгууллагын чиг үүрэг гэж орхилгүйгээр холбогдох тал талын илүү өргөн хүрээтэй оролцоо, хамтын ажиллагаа чухал байна.Цагдаагийн байгууллагын хэрэгжүүлдэг хяналтаас гадна, бусад захиргааны байгууллагууд, хуулиар малын шилжилт хөдөлгөөний хяналт, им тамганы хэрэглээ, бүртгэлжүүлэлтийн асуудлаар ямарваа нэг үүрэг хүлээсэн бүх этгээд нэгдсэн зохион байгуулалттайгаар нэг чиг зорилго, нэгдмэл сүлжээ үүсгэн хамтран ажиллах шаардлагатай. Хичнээн хатуу чанга, нарийвчлан зохицуулсан хууль байгаад үр дүн муутай байна.

-Урьд нь малын хулгайн шийтгэл оногдуулах зүйл анги нь сул байсан гэж үзэж байна уу. Нийтэд тустай ажил хийх заалт хасагдаж байгаа юм билээ...

-Мал хулгайлах гэмт хэрэг өсч байгаа нь ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой боловч нөгөө талаар мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын бодлого нь үр нөлөө багатайгаас гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна гэж үзсэн. Иймд малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, хуулийн хийдэл гаргахгүй байх зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилсан. Өмнө нь буюу энэ нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө 24 бог, найман бодоос дээш тооны мал хулгайлсан нөхцөлд ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулдаг байсан. Тухайлбал, 23 бог хулгайлсан этгээдэд 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой байсныг хуулиас хасч байна. Өөрөөр хэлбэл, 23 бог хулгайлсан этгээд өмнө нь ял эдлэх нэрээр аймгийн төвд хэдэн өдөр гудамж шүүрдэж байгаад буцаад сумандаа хүрээд ирдэг байсныг таслан зогсоож, тэдэнд зохих ял шийтгэлийг эдлүүлэхээр хуульд тусгасан.

-Малын хулгайг ихэвчлэн бүлэглэн хийдэг. Энэхүү хууль гарснаар эдгээр этгээдүүдэд ямар шийтгэл оногдуулах вэ?

-Үнэхээр малын хулгайг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлддэг тохиолдол их байна. Амьдрал дээр малын хулгайг бүлэглэн үйлдчихээд нэг нь даадаг явдал гардаг. Ганцаараа үйлдсэн нөхцөлд олон тооны мал хулгайлаагүй бол бүлэглэн үйлдсэнээс хөнгөн ял шийтгэл оногдуулдаг. Гэхдээ хуулийн энэ нөхцөлийг өөрчлөх боломжгүй. Ер нь гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөх, нотлох ажиллагаатай илүү холбоотой асуудал. Малын хулгайг ганцаараа,бүлэглэн, бусдынхаа өмнөөс ганцаараа ялыг дааж байна уу гэдгийг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгч, прокурор, шүүгч ялган тогтоох ёстой.

Б.Номин-Эрдэнэ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)