Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ

УИХ-ын чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”-ыг Засгийн Газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж, судалгаа, тооцоолол хийсний үндсэн дээр тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлэхээр арилжааны банкуудад төлбөрийн даалгавар илгээгээд байна.

Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарч байна. Үүнд:

1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.

Уг хуулийн үйлчлэлд хамаарч буй иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдлийг ийнхүү өнөөдөр олгож байна. Харин ирэх сараас үндсэн тэтгэвэртэй нь хамт олгогдоно. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд ирэх сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд мөн хамрагдана.

Эх сурвалж: НДЕГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)