Д.Цэвээнжав: Жолоочийн хариуцлагын даатгалын тогтолцоог өрөөсгөл хэрэгжүүлж байна

Монголын хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлээс Албан журмын даатгагчдын холбоотой хамтран жолоочийн даатгалын талаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр тус холбооны гүйиэтгэх захирал Д.ЦЭВЭЭНЖАВААС зарим зүйлийг тодрууллаа.

-Хувиараа тээвэр эрхэлдэг жолооч нар албан журмын даатгалд хамрагддаг боловч түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаа талаар мэдээлж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Яг ийм асуудал, санал гомдол манай холбоонд байнга ирдэг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бас хоёр талтай авч үзмээр байгаа юм. Хариуцлага, сахилга батгүй жолооч нарын буруугаас жилдээ авто ослын улмаас 500 орчим хүн нас барж, 1000 шахам иргэн хүнд, хөнгөн гэмтэл авдаг гэх статистик тоо бий. Тиймээс 2011 онд Жолоочийн даатгалын тухай хуулийг баталж гаргаснаар жолоочийн хариуцлагын даатгалын тогтолцоо бүрэлдэж эхэлсэн. Энэ тогтолцоог бий болгосноор замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд орсон жолооч, явган зорчигчийн хохирлыг шуурхай барагдуулах нөхцөл бүрдсэн гэж үзэж болно. Одоо жилд дунджаар 15-17 тэрбум орчим төгрөгийн хохирлыг жолоочийн хариуцлагын даатгалын хураамжаас барагдуулж байна. Энэ нь нийт хураамжийн орлогын 50 гаруй хувь нь болдог.

 

Осол зөрчил гаргасан тохиолдолд хохирлыг барагдуулдаг юм байна. Гэтэл осол аваар огт гаргаагүй, иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулаагүй, өөрөөр хэлбэл, сайн жолоочийг урамшуулдаг тогтолцоо яагаад байдаггүй юм бэ?

 

-Зам тээврийн осол гаргаж байгаа жолооч нар нийт даатгуулагчдын 10 хүрэхгүй хувь нь байдаг. Цаана нь даатгалын шимтгэлээ төлөөд явж байгаа 900 мянга гаруй жолооч даатгалынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс тэднийг осол эндэгдэлгүй ажиллаж, зам тээврийн дүрмийг мөрдөж байгаагийнх нь төлөө даатгалын шимтгэлийг багасгах зэргээр урамшуулах ёстой. Энэ ажлыг хийхгүй, зөвхөн осол аваарт өртсөнийх нь дараа хохирлыг барагдуулах маягаар ажиллаж байгаа нь жолоочийн даатгалын тогтолцоо буруу байгааг харуулж байна. Тиймээс энэ байдлыг судалж сайн жолоочийг урамшуулах, саар нэгэнд нь тооцох хариуцлагын тогтолцоог илүү чанга, өндөр болгохын төлөө бид ажиллах болно.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)