Д.Сарангэрэл: Бид халдварын тохиолдол орж ирвэл шууд зарлаж, яаралтай арга хэмжээ авна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Халдвар, өвчин, судлалын үндэсний төвд ажилласан юм. 

Тэрээр ХӨСҮТ-ийн удирдлагууд болон бусад эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, нөхцөл байдлын мэдээлэл сонслоо. Энэ үеэр  сэжигтэй тохиолдлын шинж илэрч, ХӨСҮТ-д түр тусгаарлагдаад байсан нэг иргэний шинжилгээний хариуг танилцууллаа. Тус иргэний шинжилгээний хариу өчигдөр 17:00 цагт гарч, коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Коронавирусын халдварын тохиолдолд ДЭМБ-аас эмнэлгийн тусламжаар хангахыг зөвлөж байгаа. Бид дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудтай өдөрт тутам нягт хамтарч ажиллаж байна.

Дэлхий дахинд өчигдөр 10:40 цагт шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол 844, нас барсан тохиолдол 17 байсан бол яг одоо халдварын тохиолдол 1287, нас барсан тохиолдол 41 болж нэмэгдсэн байна. Бид халдварын тохиолдол орж ирвэл шууд зарлаж, яаралтай арга хэмжээ авна.

Одоогоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч бид халдвар хаалга тогшиж байгаа гэж үзэж байна. Учир нь ийм үед бид хамгийн муу байдлаар дүгнэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авах ёстой. Мөн манай лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой. Шинээр үүссэн коронавирусыг оношлоход лабораторийн чадамжгүй байгааг нуухгүй.

21 вирусын аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж үзнэ. Энэ бол бидний хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал. Цоо шинэ вирус учраас дэлхий бэлэн биш байна. Оношлуур болон урвалж бодис үйлдвэрлэхээр ажиллаж байна. Гэхдээ Япон улсаас ойрын хугацаанд оношлуур урвалжийг нийлүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ ирэх долоо хоногт манай улс оношлууртай болох юм" гэв.

Тус төхөрөөмжийг Япон улсаас авах бөгөөд төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгнөөс гаргана гэдгийг хэлж байлаа.

Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд халдвараас хамгаалах хэрэгсэл хамгаас чухал. Шинэ вирусийн халдварыг хүнээс хүнд халдахгүй гэж ДЭМБ мэдээлсэн боловч БНХАУ-ын 14 эмч халдвар авснаар шинэ коронавирус ахуйн хавьтал болон агаар дуслын замаар халддаг нь тодорхой болсон.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын халдвар хамгааллын асуудал, маск, малгай, хувцас, ариутгалын бодис зэргийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шуурхай бүрдүүлэх шаардлагатай гэж харж байна гэв. 

 

Б.Саруул 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • зочин (64.119.19.209)

    2020-01-25

    Хилээ хааж арга хэмжээ авахгүй бол в.с вирусээ тоолж чаддаггүй манайх шиг арчаагүй юмнууд ямар арга хэмжээ авна гээд байгаа юм бэ халууны эм уугаад халуунаа дараад ороод ирэх ухамсар дорой үхэр монголчууд их байгаа шү.