ХЗБХ: Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.28) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.  

    Эхлээд Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. 

    Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 09 сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг нь 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны 05 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

    Тус нэмэлт, өөрчлөлтөөр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасч, 8 bis дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд тус зүйлээр батлан хамгаалахын, эсхүл улс төрийн шууд оролцоотой буюу удирдах албан тушаалтан тус гэмт хэргийн (үйлдэгч) субьект болохоор заасан нь Ромын дүрэмд дурдсан бусад 3 төрлийн олон улсын гэмт хэргээс ялгаатай юм.

    Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 ter дугаар зүйл нэмсэн. Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах хэрэггүй бөгөөд оролцогч улс эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар болсон. Мөн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд 2 төрлийн хязгаарлалт тогтоосон. Нэгдүгээрт, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрдугаарт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, асуулт асууж, Н.Энхболд сайдаас хариулт мэдээлэл авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил хэлэлцэж буй асуудал болон олон улсын гэрээ, конвенцтэй холбоотой, эдгээрийн хэрэгжилттэй холбоотойгоор олон улсын мэргэжилтнүүдээс ирүүлсэн зөвлөмжийг тоймлон Улсын Их Хурлын гишүүдэд ирүүлж байх саналыг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь төслийг дэмжсэн тул энэ санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

    Дараа нь Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. 

    Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 29.1 дүгээр зүйлийн гарчиг, 29.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайныг” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайныг” гэж,  29.1 дүгээр зүйлийн гарчиг, 29.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, 29.2 дугаар зүйлийн гарчиг, 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайн” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайн” гэж тус тус өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Ийнхүү өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, тухайлбал Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан нэр томьёотой уялдуулж, нэг мөр болгох юм.

    Илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын хууль тогтоомжийг нэг мөр нийцүүлэх шаардлага байгааг анхаарч, төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх шаардлагатайг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар ажлын хэсэгт санууллаа. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд 90.9 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)