ТБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.29) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.  

Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг" төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн байна. “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохирчээ. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацааг 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг эхний 5 жил зээлийн хүү 1.25 хувь, бусад шимтгэл 1,25 хувь байхаар төсөлд тусгажээ.

Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Б.Чойжилсүрэн нар  асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс төслийн үр нөлөөг тодруулахын зэрэгцээ ирэх жилийн вакцины үйлдвэрлэл, хүрэлцээ хангамж хэр байгааг тодруулав. Мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар лавласан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хариултдаа, 2020 оны хувьд графикийн дагуу хийдэг дотооддоо үйлдвэрлэдэг вакцины  нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Ноднин жил вакцин үйлдвэрлэлтэд хугацаа алдсан тал бий. Цаашдаа Биокомбинатыг өргөтгөх төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хүрээнд шүлхий, мялзангийн вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Биокомбинат дотоод нөөц бололцоогоо ашиглаад шүлхийн вакцин үйлдвэрлэх шугамыг нээхээр ажиллаж байгааг дурдав. 

Мөн тэрбээр, Засгийн газрын зүгээс мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотоодын боловсруулах үйлдвэрийн хүчин чадалд нь тааруулж түүхий эдийг бэлтгээд, илүү гарсныг экспортлох бүх талын боломжийг нээж өгөх бодлогыг барьж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд хэлэлцэж байгаа төсөл шийдвэрлэх ач холбогдолтой. 14 аймгийн 150 суманд мал эмнэлгийн лабораторийг сайжруулах томоохон арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь малчдын үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын байгууллагын шаардлага, стандартад нийцэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, цаашлаад халдварт өвчнөөс ангид бүс нутгийг баталгаажуулахад чиглэж байна гэж байлаа.

Ингээд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив.  Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан танилцуулахаар  боллоо. 

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.  

Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн хэлэлцээрийн төслийн талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохирсныг дурдав. 

Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар боллоо. 

 Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Хуралдаан  “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны 2019 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар үргэлжлэв.

Тогтоолын төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ё.Мөнхбаатар танилцуулсан. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсвийг УИХ-ын төсвийн бүрэлдэхүүнд баталж зарцуулалтыг УИХ-ын төсвийн ерөнхий менежерийн хувьд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын албан ёсны хүсэлтээр зориулалтын дагуу зарцуулж байгаа билээ. Төсвийн энэхүү харилцааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгаж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу тус Зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна. Төсөлд “5.З.Улсын Их Хурлын Тамгын газар нь Зөвлөлийн төсвийг батлагдсан төсвийн хүрээнд, зориулалтын дагуу Зөвлөлийн даргаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зарцуулна. 5.4.3өвлөлийн даргын цалин, гишүүдийн урамшууллыг Зөвлөлийн батлагдсан төсөвт туссан цалингийн сан, урамшууллын дүнд багтаан сар бүр олгоно.” гэж ажиллах журамд өөрчлөлт оруулахаар тусгасныг дурдав. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

 

 

Хуралдааны төгсгөлд  “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. 

Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлсэн үгэндээ,  Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтын 8.2 дахь хэсэгт зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос 2, Засгийн газраас 2, Монголбанкнаас 2 хүний нэрийг дэвшүүлж, хараат бус 3 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлж, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилно гэж заасны дагуу Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор зөвлөлийн гишүүдийг томилсоныг онцлон тэмдэглэв. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнд нэг гишүүний сул орон тоо гарсан тул нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох урилгыг өдөр тутмын сонинд нийтлүүлсэн. Сонгон шалгаруулалтад оролцохоор О.Бат-Эрдэнэ, Л.Отгонтуяа, Г.Энхбаяр нар өөрийн нэрээ дэвшүүлж, материалаа Байнгын хороонд ирүүлжээ.  Эдгээр гурван нэр дэвшигчээс нэг хүнийг тус зөвлөлийн гишүүнээр томилох байсан ч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлэх нэг гишүүний асуудалтай хамт хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн уг асуудлыг хойшлуулахаар болов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)