Сэлэнгэ аймгийн бүсгүйчүүд шиг бусдадаа тусалцгаая

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд амны хаалтыг сүүлийн хэдэн өдрийн турш хэрэглэж хэвшиж байна. Үүнээс шалтгаалж маскны хомсдол үүсээд байгаа бөгөөд иргэд нөөц бололцоогоо ашиглан амны хаалт оёх болжээ. Зарим нэг нь оёсон маскаа үнэгүй тарааж бусдад тусалж байгаа юм.

Ийм нэгэн үлгэр дуурайлыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 20 дугаар цэцэрлэгийн эмэгтэйчүүд эхлүүлжээ. Тус цэцэрлэгийн оёдлын машинтай бүсгүйчүүд хамтран маск оёж сумынхандаа үнэгүй тарааж байна. Тэд эхний ээлжид 1000 хүнийг масктай болгожээ. Сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд одоо ч гэсэн маск оёж байгаа аж.

Тэд дахин 1000 хүнийг эрсдэлээс сэргийлэхээр санаа нийлэн ажиллаж байгаа юм. Мэдээж гар аргаар хийсэн маск үйлдвэрийнхийг бодоход үзэмжээр тааруу. Гэхдээ дахин угааж хэрэглэх боломжтой бөгөөд зориулалтын самбай даавууг стандартын дагуу давхарлан хийснээрээ давуу талтай юм.“Сайны хажуугаар саар” гэгчээр шинэ коронавирусээс сэргийлэх шаардлагатай болсноос худалдаачид маскны үнээ хэд дахин нэмсэн. Иргэд 200-гаар авдаг байсан нэг удаагийн амны хаалтаа 800-1000 төгрөгөөр аваад байсан юм. Харин сайн санаатай иргэдийн тусламжтайгаар зарим иргэн үнэ нэмсэн маскыг авах шаардлагагүй болжээ. Дэлхий нийтээр аюулт өвчинтэй тэмцэж буй энэ үед бид“Манай улсад шинэ коронавирусийн тохиолдол гараагүй” гэж алгуурлаж болохгүй. Аюулт өвчин гараагүй байх тусам хувийн хариуцлагаа нэмэгдүүлж өөрийгөө төдийгүй бусдыг эрсдэлд орохоос сэргийлэх шаардлагатай. Мөн боломжоороо нэг нэгэндээ тусалж, Сэлэнгэ аймгийнхан шиг аян өрнүүлбэл олон хүнд тусалж чадах юм.

 

Н.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)