Эрүүл мэндэд тустай, өрхийн санхүүд дэмтэй шийдэл

АГААРЫН БОХИРДОЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО

 

-Өвлийг таван ханатай гэртээ тав тухтай давж буй айлын түүх-

Идэр есийн жавар  тачигнавч таван ханатай гэрт халуу дүүгнэ. Хүүхдүүд нь хөл нүцгэн гүйлдэж, гэрийн эзэн хоймортоо цээж нүцгэн шахуу налайж, тав  тух эднийд ноёлжээ. Агаар, хөрсний бохирдолтой, халаалт, бохирын шугамгүй гэр хороололд орон сууцныхнаас дутахгүй тохилог сайхан амьдарч болдгийн жишээ энэ.

Дулаанаа цахилгаан буюу шалны халаалтаар шийдсэн энэ айл Сонгинохайрхан дүүргийн VI хорооны оршин суугч Э.Энхбаатарынх. Эднийх жилийн өмнө бусдын л нэгэн адил “утаа үйлдвэрлэгч” өрх байв. Дэрсхэн өсч буй гурван хүүхэдтэй. Отгон охин гэртээ, харин ах, эгч хоёр нь цэцэрлэгт явдаг. Хүүхдүүдээ дааруулж, ханиад томуу хүргэхгүйн тулд байнга галлаж, гэрийнхээ дулааныг нэгэн хэвийн буюу тогтмол хэмд байлгах нь тэдний хувьд маш том бэрхшээл байжээ. Ахиухан нүүрс түлчихвэл таван ханат нь байж суухын аргагүй халуу дүүгнэ. Тэгсэн атлаа тун амархан дулаанаа алдана. Гал түлэлгүй жаахан удах юм бол гэрт нь хүйтэн жавар хургачихдаг байсан гэнэ. Хаалга онгойлгох тоолонд хүйтэн жавар бас утаа өрсөлдөх мэт гэр рүү “зүтгэнэ”. Зуух, яндангаа хөөлж, үнсийг нь авахаас өгсүүлээд тагийг сөхөх бүрт нүүрсний утаа угаараар гэр дүүрнэ. Гэр хорооллын айл өрх бүрт ийм хүндрэл бий. Э.Энхбаатарынх ч тэдний л нэг. Гэхдээ энэ хүндрэл, бэрхшээлийг зөв зохистой шийдэх бүрэн боломжтойг батлан харуулснаараа онцлогтой юм.

“Утаа үйлдвэрлэгч” 1400 айлын тооноос хасагджээ

Утаа үйлдвэрлэхгүйгээр дулаанаа шийдэж болох олон төрлийн арга туршлагыг судалж, энэ айлын хувьд хамгийн тохиромжтой нь шалны халаалт болохыг тэд мэджээ. Энэ сонголт нь ч зөв байв. Халаалтын шийдлээ олсон өрхийн тэргүүн сонголтоо хийж, Солонгос шалны халаалт оруулж ирдэг “МБО Трейд” компанид хандаж, 1-1.2 сая төгрөгөөр асуудлаа бүрэн шийджээ. Энэ зардалд гэрийнхээ буурин дээр бетон цутгах, халаалт, пракет, тогны утас, залгуур солих зэрэг ажлын өртөг багтсан байна. Нөхөр нь ажил хийж, эхнэр нь хүүхдүүдээ харан гэртээ суудаг айлын хувьд ийм хэмжээний мөнгийг нэг дор гаргах нь мэдээж хүндрэлтэй. Энэ эрсдэлийг ч тэд тооцоолж, бага багаар хуримтлуулсаар зорилгодоо хүрч, яндангаа буулган хорооныхоо “утаа үйлдвэрлэгч” 1400 айлын тооноос хасагджээ. Тус хороонд тэднийх шиг болон бусад шийдлээр дулаанаа шийдэж, утаа үйлдвэрлэхээ больсон 50 гаруй өрх бий. Гэхдээ цахилгаанаар дулаанаа шийдэж буй айл өрхүүдийн хувьд сард төлөх цахилгааны мөнгө толгойны өвчин болох нь энүүхэнд. Тэгвэл төр, засгаас зохих шийдвэрийг гаргаж, шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлсэн нь тэдэнд том боломж олгосон байна. Э.Энхбаатарынх л гэхэд ес эхэлчихсэн ид хүйтэнд цахилгааны төлбөрт сард дунджаар 140-150 мянган төгрөг тушаасан бол намрын сэрүүн саруудад үүнээс хамаагүй бага төлбөр гарч байжээ.  Гэрийн эзэд өөрсдөө хүсвэл зардлаа хянах бүрэн боломжтой. Учир нь, шалны халууны хэмийг их, бага хэмжээнд болон цаг, минутаар тохируулж болдог тул зарим үед хэрэглээгээ хязгаарлачихдаг байна. 

Хэдий тэдний цахилгааны төлбөр  сард хэрэглэх сайжруулсан шахмал түлш болон модны мөнгөтэй дүйцэж байгаа ч үүний цаана бий болж буй давуу талыг дурдвал урт жагсаалт хөвөрнө. Тухайлбал, тохь тухтай байдал, хэмнэлт, дотоод орчны агаарын чанар, чөлөөт цаг зав, амрах хугацаа болон ажлын бүтээмж нэмэгдсэн зэргээр хүний эрүүл мэндэд тустай, өрхийн санхүүд дэмтэй олон давуу талыг гэрийн эзэд санал нэгтэйгээр нэрлэсэн юм.  Хамгийн чухал нь угаартаж эрүүл мэндээрээ хохирч, цаашилбал амь насаа алдах вий гэсэн айдасгүй амар тайван амьдарч буйгаас гадна хүүхдүүд нь урдынх шигээ ойр ойрхон ханиад томуу хүрэхээ больсныг тэд онцгойлон дурдав. 

Цахилгааны төлбөр бага гарч буйд учир бий

Цахилгаанаар дулаанаа шийдсэн айл өрхүүдтэй харьцуулахад сарын төлбөр нь бага гарч буйд учир бий гэнэ. Э.Энхбаатар утаа үйлдвэрлэгч байхаас татгалзаж, дулаанаа зөв, оновчтой байдлаар шийдэх зам эрэлхийлж, олон хүнтэй уулзан, арга туршлага судлахдаа гэрээ сайтар дулаалах ёстойг маш сайн ойлгожээ. Тиймээс буурин дээр цутгасан бетоныг зориулалтынх нь материалаар дулаалсан байна. Мөн хамгийн их буюу тус бүртээ 20 хувийн дулаан алддаг хана болон дээвэртээ эсгий нэмж давхарласнаас гадна түүнийг ус, чийгнээс хамгаалж брезент мөн тавьжээ.  Тооноо шиллэсэн байсан ч энэ нь дулаан алдахгүй гэсэн баталгаагүй тул зузаан гялгар уутаар давхар бүрхсэн байна. Гаднаас орох агаарын хүйтэн урсгалыг сарниулахын тулд хаалганы гадна талыг дулаалж, үүдний амбаар барихаа ч тэд мартаагүй аж. Ингэж таван ханатай гэрээ тал бүрээс нь стандартын дагуу дулаалахад 280-300 орчим мянган төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд дулаан алдагдал эрс буурч, цахилгааны төлбөр нь бусдаас харьцангуй бага гардаг тухай гэрийн эзэн сэтгэл хангалуун хүүрнэв. 

Дулаан алдагдлыг багасгаснаар түлш, цахилгааны төлбөрөө хэмнэнэ

Улаанбаатар хотын гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийн 45 хувь нь монгол гэрт, үлдсэн нь галлагаатай байшинд амьдардаг. Эдгээр айл өрх дулааныхаа 50-55 хувийг дээвэр, хана, тааз, шал, тооно, цонхоороо алддагийг судалгаагаар тогтоожээ. Гэрээ дулаалж, шалны халаалт тавихаас өмнө Э.Энхбаатарынх  чийгтэй, галласан ч хүйтэн жавар нь бүрэн гардаггүйн шалтгаан энэ байж. Ийм бэрхшээл тулгарахаас гадна хөгц, мөөгөнцөр үүсч, обой хуурвал хана, таазнаас, хүүхдийн хоолой ойр ойрхон өвдвөл шалнаас, салхивч цантаж, мөствөл цонхоор дулаан алдаж буйн илэрхийлэл аж. Тиймээс дулаалга хийхэд өргөн хэрэглэдэг полиуретан хөөс, эсгий, брус мод, чулуун хөвөн, уур, ус тусгаарлагч зэрэг түүхий эд, материал ашиглан гэр, байшингаа зөв дулаалснаар түлш, төлөх цахилгааны төлбөртөө хэмнэлт гаргах бүрэн боломжтойг Э.Энхбаатарынх нотолжээ. Гэхдээ байшинтай айлын хувьд ам метрээсээ шалтгаалан цахилгааны төлбөр нь монгол гэрийнхээс арай өндөр гарах нь ойлгомжтой. Тухайлбал, VII хорооны оршин суугч М.Даваасүрэнгийнх эхний ээлжид 190 гаруй ам метр талбайтай бөгөөд хоёр давхар байшингийнхаа доод хэсэгт шалны халаалт тавьжээ. Тэднийх тогны мөнгөнд сард дунджаар 400-500 мянган төгрөг төлдөг байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар гэр, байшингаа дулаасан тохиолдолд талбайн хэмжээнээсээ хамаарч, түлэх түлшний хэмжээ 2-25 дахин буурч, дотор орчны агаар хоёр дахин сайжирдаг байна. Энэ хэрээр агаарын бохирдол буурч байгаа юм.

Таван мянга гаруй айл цахилгаан болон бусад шийдлээр дулаанаа шийджээ

Гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн нь Э.Эрдэнэбаатарынх шиг айл өрхийг утаа бус цэвэр агаар үйлдвэрлэгч болгож чаджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг бусдаасаа хүн ам, гэр хороолол олонтой. Тус дүүргийн 43 хорооны 35 нь гэр хороолол. Эдгээр хороололд 64 мянган айл өрх амьдарч буйгаас 58324 нь утаа үйлдвэрлэгч бол үлдсэн таван мянга гаруй нь цахилгаан болон бусад шийдлээр дулааныхаа асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн мэргэжилтэн Ж.Энхтөгсмаа хэллээ. Утаа гаргахгүйгээр дулаанаа шийдсэн айлуудад орон сууц түрээслэн амьдарч буй өрхүүд ч багтаж буй аж. Дүүргийн зарим оршин суугч өөрсдийн хөрөнгө мөнгө, санаачилгаар, нэг хэсэг нь төр, засгаас олгож буй хөнгөлөлттэй “ногоон зээл”-ийн хүрээнд гэр, байшингаа дулаалж, утаа гаргахгүйгээр дулаанаа шийдэж бусдадаа сайн үлгэр дуурайл болж байгаагийн жишээ нь дээр дурдсан Э.Энхбаатар, М.Даваасүрэн нарын гэр бүл юм.  Ийм үед төр, захиргааны байгууллага нь ч гар хумхин зүгээр суусангүй. Дүүргээс нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, утаа үйлдвэрлэдэггүй жишиг гудамжийг бий болгожээ. Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд XI хорооны арван айлын дулааныг хийн халаагуураар шийдсэнээр тэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж эхэлсэн бол XX хорооны нэг гудамжны бүх айлыг дулаалж, үүдний амбаар барьж өгснөөр тухайн өрхийн дулаан алдагдал буурч, түлшнийх нь хэрэглээ багассан байна.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсний хэрэглээнээс халж сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр өнгөрсөн оны хүйтний улирал буюу арванхоёрдугаар сард агаар, орчны чанарын үзүүлэлт сайжирч,  PM2.5, PM10 тоосонцрын агууламж өмнөх оны мөн үеэс дунджаар 38-43 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүнд дээрх хоёр айлын хувь нэмэр ч бий. Дүүрэг, хорооны оршин суугчид бусдаасаа суралцаж, туршлага, арга барилаа хуваалцан  цэвэр агаартай хотыг хамтдаа бүтээхийн төлөө хувь нэмрээ оруулж байгаа нь энэ билээ. Утаа гаргахгүйгээр дулаанаа шийдсэн айл өрхийн тоо хэн нэгэнд чамлалттай санагдаж болох ч далайд дусал нэмэр гэдэг дээ.

Цэвэр агаартай хотыг бүтээхийн төлөө гар бие оролцсон Сонгинохайрхан дүүргийн VI хорооны 50 гаруй өрх 100, 200 болж, жил бүр нэмэгдсээр нэг л өдөр 1400-д хүрэх нь тодорхой. Учир нь, нэг л өдөр өргөс авсан мэт цэвэр агаартай болох боломжгүй. Богино, дунд, урт хугацааны бодлого, шийдвэрийг тууштай хэрэгжүүлсний үр дүнд цэвэр агаартай хотыг бий болгоно. Гэхдээ хамтдаа энэ бүхний ард гарна гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

                                                                                      

С.Юмсүрэн

“Монголын Үнэн” сонин

2020.01.29

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)