Утаагүй Улаанбаатар

 

АГААРЫН БОХИРДОЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Утаа багассан уу. Энэ асуултад арван иргэний долоо нь “тийм”, гурав нь “үгүй” гэсэн хариулт өгч байна. Тэд бодит байдлыг харснаа дүгнэж хариулж байгаа нь энэ. Харин бодит байдал буюу иргэдийн үзэл бодлыг бататгах эсвэл няцаах зүйл нь агаарын бохирдлыг илэрхийлэх тоон үзүүлэлт юм. Холбогдох газруудын мэдээлж буйгаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 45 хувиар буурчээ. Мөн утааны оргил үе буюу арванхоёрдугаар  сард PM10 тоосонцор өмнөх оны мөн үеэс 43, PM2.5 тоосонцор 38 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ бол хамтын хөдөлмөрийн үр дүн. Төр засгийн оновчтой шийдвэр,  иргэдийн идэвхтэй оролцооны үр дүнд агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулж чадсан нь энэ. Тодруулбал, Засгийн газраас 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гаргаж, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг түүхий нүүрс хэрэглэхийг өнгөрсөн оны тавдугаар сарын 15-наас эхлэн хориглосон. Иймд түүхий нүүрстэй харьцуулахад шаталтын үедээ угаарын хий болон азотын давхар ислийг гурав дахин бага ялгаруулдаг сайжруулсан шахмал түлшийг “Тавантолгой түлш” компани үйлдвэрлэж, гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Энэ нь агаарын бохирдлыг дээрх хэмжээнд хүртэл бууруулахад голлон нөлөөлсөн. Түүнчлэн гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн нь ч мөн голлох үүрэгтэй. Эдгээрээс гадна томоохон халаалтын зуухуудыг буулгаж, төвлөрсөн дулаанд холбож, цахилгаан халаагуурт шилжүүлэхийн зэрэгцээ нам даралтын зуух болон атобусны янданд утаа шүүгч суурилуулах зэргээр олон талын ажлыг  эрчимтэй хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. Гэхдээ үүнд сэтгэл ханаж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй ажлаас хөрөнгө оруулалт, төсөв мөнгө харамлах ёсгүй. Энэ жилийн хүрсэн үр дүн бол зөвхөн эхлэл. Цаашид агаарын бохирдлыг үүнээс ч илүү хэмжээнд бууруулж, утаагүй Улаанбаатарыг бий болгохын төлөө хамтдаа хичээх ёстой. Эс бөгөөс нийслэлчүүд, ялангуяа өндөр настан, хүүхдүүд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр өвдөж, тэр хэрээр эрүүл мэндийн байгууллагуудын зардал өснө гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа.

Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр өвдөж буй 0-18 насны хүүхдийн эмчилгээнд 2016 онд эрүүл мэндийн байгууллагууд 10.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.  Хүүхдүүд өвөл буюу утааны улиралд ихэвчлэн ханиад томуу, уушгины болон гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, амьсгалын замын бусад халдвараар, иргэд болон өндөр настнууд цус харвалт, зүрхний шигдээс, уушгины архаг бөглөрөлт, хавдар зэргээр өвддөг. Иймд агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулахгүй бол 2025 он гэхэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын  0-18 насны хүүхдэд зарцуулах эдийн засгийн ачаалал 24.8 тэрбум төгрөг болно гэж тооцжээ. Тиймээс бид өнөөдрийн хүрсэн үр дүнгээ бататгахын зэрэгцээ түүнээс хэд дахин бууруулж, олон улсын байгууллагын зөвшөөрөх хэмжээнд хүргэх ёстой. Ингэхийн тулд хоёр талын хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал.  Нэг талаас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд төр засгаас гаргаж буй шийдэл шийдвэр, иргэдэд олгож буй боломж, үзүүлж буй хөнгөлөлт урамшуулал байгаа оносон, хөрсөндөө бууж байх ёстой. Нөгөө талаас иргэд өөрсдөө идэвх санаачилгатай, аливаад оролцоотой бусдадаа сайнаар үлгэрлэдэг байх хэрэгтэй. Үүний үр дүнд цэвэр агаартай хотыг бий болгох бүрэн боломжтой. Суурийг нь ч тавьчихлаа.  

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар, БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон бусад холбогдох газраас хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн мөн иргэд өөрсдөө хэр зэрэг идэвх санаачилга, оролцоотой байгааг бид өнгөрсөн хугацаанд сурвалжилсан билээ. Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн ам, гэр хороололтойгоор нь  Сонгинохайрханыг сонгосон юм. Хамгийн түрүүнд бид угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдэд үнэ төлбөргүй суурилуулж буй угаар мэдрэгчийг тараах ажлын явц, түүнийг иргэд хэрхэн ашиглах, дуугарсан үед ямар арга хэмжээ авах ёстойг “Угаар мэдрэгч “дугуй цагаан” үүргээ гүйцэтгэж эхэллээ” сурвалжилгаараа хүргэсэн. Энэ үеэр гэр хорооллын айл өрхүүд нэг үеэ бодвол сайжруулсан шахмал түлшийг зөв, стандартын дагуу түлж сурсан нь ажиглагдаж байв. Үүний дараа “Эрүүл мэндэд тустай, өрхийн санхүүд дэмтэй шийдэл” сурвалжилгаар дулаанаа шалны халаалтаар шийдэж, өвлийг таван ханатай гэртээ,  тав тухтай өнгөрүүлж буй залуу гэр бүлийн туршлагаас хуваалцсан юм. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдэд хамгийн их хэрэгтэй ч хүссэн хүн бүр нь хамрагдаад байж чаддаггүй зээлийн асуудлыг “Ногоон хүсэл” нийтлэлээрээ хөндсөн юм. Гэр хорооллын айл өрхүүд тухайн зээлд хамрагдаж, дулаанаа эко аргаар шийдэхийг хүсдэгч банкны шаардлагад өвдөг сөхөрдөг тул үүнийг эргэн харахыг хүсч байлаа. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, дулаанаа эко техник, технологи ашиглан шийдсэн айл өрхийн туршлага, олон нийтийн мэдлэг, мэдээлэл, хандлагыг өөрчлөхөөр иргэдэд илүү ойртон ажиллаж буй “Агаар орчны бохирдлыг бууруулах техник технологи, мэдээллийн төв”-өөс “Улаанбаатарын утаагүй гудамж”, “Дулаалга сайн бол халаагуур гологдохгүй”, “Эко хорооллыг бүтээгчид” зэрэг нийтлэлийн бэлтгэн хүргэсэн нь олон хүнд санал сэдэл өгч байна.

Дээрх цуврал нийтлэлээр агаарын бохирдлыг бууруулахад төр засгаас хэрэгжүүлж буй ажил, иргэдийн оруулж буй хувь нэмэр, туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх, цаашид юунд анхаарах ёстойг харуулахыг зорьсон юм. Тодруулбал, гэр хорооллын айл өрхүүд дулаанаа утаа гаргахгүйгээр буюу байгальд ээлтэй, эко аргаар шийдэхийг эрмэлздэг ч зарим нь эдийн засгийн хувьд гацдаг бол нэг хэсэгт нь цахилгааны хүчин чадлын асуудал тулгардаг байна. Тиймээс цаашид гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ “Ногоон зээл”-ийн өндөр босгыг намасгахад анхаарал хандуулах нь зүйтэй. Харин иргэд байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи ашиглаж, дулаанаа шийдэхийн тулд хамгийн түрүүнд гэр, байшингаа зориулалтын материалаар стандартын дагуу дулаалах ёстойг мэргэжлийн хүмүүс төдийгүй ийм аргаар асуудлаа шийдсэн айл өрхийн эзэд онцгойлон тодотгож байсныг үүгээр дамжуулъя.

 

С.Юмсүрэн

“Монголын Үнэн” сонин

2020.02.14

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.215.122)

    2020-02-15

    itgehiin argagui utaagui saihan baina