Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯА:

МЭХ-ны 95 жилийн ойг тохиолдуулан хацар гоо охидтой, хатан ээжүүдийн ухааны үргэлжлэл болж Монгол төрийн голомтод тулга түшилцэн суугаа Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн ажил амьдралын түүх, амжилт зорилгын талаар эрхэм уншигчидтайгаа хуваалцахыг зорилоо.
Тэрээр өнгөрсөн жил ирээдүйн шилдэг манлайлагчдын жагсаалтыг танилцуулдаг Аполитикийн судалгаагаар Шинжлэх ухаан, тэргүүлэх чиглэлүүдийн хэдэн зуун нэр дэвшигчдийн дундаас олон улсын Засгийн газрын хамгийн нөлөө бүхий залуусын нэг “ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ”-аар шалгарсан юм. 
Энэ бол Монгол бүсгүй, Монгол улс төрч, Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяа... 


-Идэр залуу насандаа Монголын төрд сайдын алба хашиж яваа оюунлаг Монгол эмэгтэйн амжилтын замналыг сонирхох хүмүүс цөөнгүй байх. Таны ямар орчинд төрж өссөн, хаана, ямар боловсрол эзэмшсэн тухайгаас ярилцлагаа эхэлье.

-Ээж аав минь хүүхдүүдээ бүх талаар хөгжүүлэх, хүмүүжүүлэхийн төлөө амьдралаа зориулсан хүмүүс.  Охин хүүхэд өөртөө итгэх итгэлийг ааваасаа олж авдаг гэдэг. Аав минь надад “Миний охин мундаг. Чи хүссэн бүхэндээ хүрч чадна. Чамд ямар нэгэн хязгаар байх ёсгүй” гэж сургасан. Магадгүй энэ нь намайг аливаа зүйлээс хойш суухгүй, өөртөө хязгаарлахгүй өсөхөд нөлөөлсөн байх. Хүчирхэг ээжийн охид хүчирхэг эмэгтэй болж төлөвшдөг гэдэг. Ээж минь чадвартай, карьерлаг эмэгтэй. Бүсгүй хүн ажил хийж, амжилт гаргаж, ар гэр, үр хүүхдүүддээ ч  анхаарал хандуулж болдогийг өөрөөрөө үлгэрлэж харуулсан хүн. 1993-1996 онд ээж Австрали улсад магистр хамгаалснаар надад тус алсад дунд сургуульд суралцах боломж олдсон. 

Монголд ирж 10-р ангиа төгсөөд, Хятадад эдийн засгийн бакалавр, дараа нь АНУ-ын Йелийн их сургуульд мастер хамгаалсан. Мөн, Японд багшлахын хажуугаар Япон хэл сурсан гээд миний үеийнхэнд ховорхон олдох гадаадын олон оронд сурч боловсрох, мэргэжлээрээ ажиллах боломж олдсон. Өөрөө ч их хичээж, сурсан сургуульдаа шилдэг оюутан байж, тэтгэлэг авч, сурахын хажуугаар ажил хийж, мөнгө цуглуулж ээж аавыгаа зовоохгүй байхыг аль болох хичээдэг байсан. Жижиг орны иргэн гадаадад амьдрахад наад зах нь “Энэ муу Ази хүүхэд” гээд дээрэлхэх өнгө аяс цухалздаг байсныг одоо ч санадаг. Тэр үед хэдий нас бага ч хор шар хөдөлж, хэзээ нэгэн цагт боломж, нөхцөл бүрдвэл улс орноо сайн сайхан болгоход хүчин зүтгэнэ гэж боддог байлаа.

-Монголдоо ирэхээс өмнөх үеийн ажлын туршлагыг тань сонирхвол?


- Ээж, аав минь “Чи бол Монгол улсын боловсон хүчин. Хаана ч, ямар ч сургуульд сурсан эргээд Монголдоо амьдрах ёстой. Монголд сайхан амьдрах боломж бүрэн байгаа” гэж хэлдэг байсан. Хаана ч явсан Монголдоо буцаж очин ажиллаж, амьдарна гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй байлаа. Ирэхээсээ өмнө хөгжиж буй олон орны Сангийн яаманд хэрэгжиж буй санхүүгийн менежментийг сайжруулах төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан. Ард түмэн нь эх орноо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй байвал хөгжиж болдог, үгүй бол олж авсан бүхнээ алдаж болдгийг харсан нь надад их зүйлийг сургасан, бас ухааруулсан. 

-Хоёр нийгмийн шилжилтийн зааг, улс орон бүү хэл айл өрхөд ч амаргүй даваа байсан он жилүүдэд эцэг эх тань сайн боловсрол эзэмшүүлжээ. Харин та өөрийгөө энэ орчлонд ямар үүрэгтэй ирсэн хүн гэж төсөөлдөг вэ? 


-Бурхан хүн бүрт боломж олгодог гэж боддог. Харин түүнийг амжилт болгох уу, үгүй юу гэдэг өөрөөс нь шалтгаална. Манай үеийнхэнд гадаадад амьдрах, сурах амаргүй байсан. 1990-ээд оны монголчууд нийтээрээ мөнгө муутай, үзсэн харсан нь ч бага. Тэр үед сурахын хажуугаар ажил хийгээгүй монгол оюутан байгаагүй. Магадгүй одоогийн зарим оюутнуудын эцэг эх боломжтой болоод “Өөрөө мөнгөө олоод сураарай биш, олсныг авч яваад сур” гэж хэлдэг болсон байх. Үүргийн тухайд бол би 3,2 сая хүн амтай Монгол улсын нэг иргэн. Тэр дундаа үеийнхэн дотроосоо ховорхон боломжийн ачаар сайн боловсрол эзэмшин, гадаад, дотоодод ажиллаж, санхүүгийн хувьд, мөн өөр олон эрх чөлөөнд хүрсэн. Амьдрал надад ийм боломж олгосон учраас тодорхой хэмжээний үүрэг үүрэх ёстой гэж боддог. 

Миний эмээ найман хүүхэд төрүүлсэн. “Өвгөн бид хоёр жирийн ажилчин хүмүүс. Гэхдээ сайхан нийгэм бидний үр хүүхдүүдийг өлгийдөн авч байсан учраас тэдний ирээдүйн төлөө огт санаа зовж байгаагүй” гэж ярьдаг байлаа. Тэгвэл бид нийгмийн шилжилтийн явцад өмнөх нийгмийн олон ололт амжилтаа алдсан нь харамсалтай.  Бид одоо шалтаг шалтгаан ярихгүйгээр дараагийн үедээ зүхэгдэж, муугаар дурсагдахгүйн тулд хөгжил бүтээлийн зүг зүтгээд, ард нь гарах ёстой. Энэ үүргийг ганц би ч биш бид бүгдээрээ үүрч байгаа гэж боддог. 

-Та Монголдоо ирээд томоохон байгуул­лагуудад өндөр албан тушаал хашиж байсан. Эх орондоо эргэн суурьших, өөрийн эрдэм мэдлэг, боловсрол, туршлагаа үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэхэд ямар ямар шалгууртай нүүр тулж байв?

-Мэдээж амар байгаагүй. Миний боловсрол, туршлага, хөдөлмөрийг зохих ёсоор үнэлэх болов уу гэдэг айдас байсан. Хүний нутагт гадаад хүнд өгөх шалгалт, давах шалгуур илүү их. Сургалтын төлбөр ч хамаагүй өндөр. Гэтэл эх орондоо ирээд сурсан мэдсэнээ зориулъя гэхээр Монголд ажиллаж байгаа гаднынхнаас бага цалин өгдөг нь гайхлыг минь барж, хэсэг бухимдуулсан. Нөхрийн маань хувьд ч адил, хоёулаа эх орондоо амьдралаа төвхнүүлнэ гэж зорьж ирсэн учраас хамтдаа даван туулсан гэж боддог. Анх төрийн байгууллагад ажиллах саналууд ирсэн ч амьдралаа дөнгөж босгож байхад төрийн байгууллагын цалингаар амьдарна гэдэг хэцүү санагдсан. Тиймээс эхлээд амьдралаа төвхнүүлчихээд төрд ажиллая гэж бодсон. Монголд ирээд удалгүй олон улсын байгууллагад ажилд орох ярилцлага өгсөн юм. Ярилцлага хийсэн дарга нь “Төслийн цалин Америкаас мөн Монголын хувийн хэвшлийн цалингаас бага шүү. Чи Монголд ирээд удаагүй юм байна. Чиний боловсрол, туршлагаас харахад олон газраас ажлын санал авах байх. Магадгүй манайхыг голоод ирэхгүй ч байж мэднэ. Хариугаа удахгүй хэлэхийг бодоорой” гэж хэлсэн нь намайг Монголд үнэлэгдэх юм байна гэсэн итгэл төрүүлж их зориг өгсөн.  Манай улс миний очиж ажилласан хөгжиж буй улсуудаас харьцангуй боломж ихтэй орон. Залуу хүнд ч, эмэгтэй хүнд ч боломж олгодог. Том том компаниудын гүйцэтгэх захирлууд дөнгөж 30 гарч яваа залуус байна. Монгол эмэгтэйчүүд бүхий л салбарт амжилттай ажиллаж, гадаадад ч чамгүй нэр төртэй явж байна. Тэгэхээр Монголдоо ирэх эсэхдээ эргэлзэж буй залуусыг би ирээсэй, хамт зүтгээсэй гэж хүсдэг.

-Таны улс төрийн карьер хаанаас эхэлсэн бэ, эмэгтэй улс төрчийн манлайлалд юу түлхэц болдог юм бол?

-Би маш их хүсэл зоригоор Монголдоо ирчихээд зөвхөн ажил гэр, ажил гэр гэсэн нэг хэмнэлээр амьдрахыг хүсээгүй. Гэхдээ олны өмнө ил гарсан улс төрч болохыг ч бас зориогүй. Миний хэлний мэдлэг, гадаад харилцааны туршлагыг ашигла, залуучуудын хөгжилд зориулсан сургалт семинар зохион байгуулъя, тэднийг гадаад улсад сурахад тус нэмэр болно гэж зорин МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны гишүүн болж, энэ чиглэлийн ажил хариуцдаг байсан. Багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан болохоор олон ажилд идэвх зүтгэлтэй ажилласаар нэг мэдэхэд НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч, удалгүй МАН-ын Нарийн бичгийн дарга болж жинхэнэ их улс төр рүү орсон. 

Эмэгтэйчүүдэд улс төрд орох орон зай бий. Гэхдээ эрчүүдтэй харьцуулахад хувь хүн талаасаа илүү олон шалгуур давдаг. Ер нь залуу эмэгтэй хүн карьер хөөнө гэдэг амаргүй. 28 насандаа олон улсын төслийн удирдагчаар ажиллаж, ааваасаа ч ахмад хүмүүсийг удирдах болж байлаа. Төслийнхөө гадаад ажилтантай хуралд оролцож явахад намайг туслах гэж ойлгон, “Кофе аваад ир” гэх хүн ч таарч байлаа. Мөн Монгол хүний хүмүүжил, ёс заншлаас үүдэн залуу, эмэгтэй дарга өөрөөсөө ахмад эрэгтэй хүний дээд талд суух, олон ахмад эрчүүдийн үгийг тасалж өөрийгөө илэрхийлэх ч хэцүү байсан. Гэхдээ “Хэрэв та жинхэнэ удирдагч юм бол  удирдлагын ширээнд суух ёстой” гэсэн үг байдаг. Монголчууд ч “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэж төрөө эрхэмлэдэг. Хэчнээн ахмад настай хүн ч “Сайд та дээшээ суу” гэж хүндэлдэг сайхан заншил бидэнд бий. 

-Та Монгол Улсын эдийн засагт тодорхой үүрэг гүйцэтгэдэг “Оюу толгой” бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслийн гал тогоонд нь ажиллаж байсан. Эдийн засагч хүний хувьд хөрөнгө оруулалт гэдэг улс орны хөгжилд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар, мөн Монгол Улсын эдийн засгийн баримжаа, хөгжлийн чиг хандлагын талаар санал бодлоо хуваалцана уу?

-Манай улсын эдийн засаг 34 их наяд буюу 13 тэрбум доллар. Манай төсвийн жилийн орлого 11 их наяд буюу 4 тэрбум доллар. 1,1 сая хүн татвар төлөөд, 2,1 сая хүнээ бид авч явдаг. 1,1 сая орчим нь 18-аас доош насны хүүхдүүд. Тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тоо, мөн өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна. Ийм их ачааллыг хүн амын 1/3, хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа үүрч байгаа тул шаардлагатай дэд бүтцийг татах, бүтээн байгуулалтыг хийхэд гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж шаардлагатай болдог. Хөгжлийн санхүүжилт бол хоёр хувиас бага хүүтэй, 20-30 жилийн дараа төлөгдөхөөр байдаг. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг зөв зарцуулж, мэдээлэл нь ил тод байж чадвал эдийн засагт үр өгөөжтэй, ажлын байр нэмэгдүүлэх, Монгол улсын өрсөлдөх чадварыг сайжруулах боломж бий. Нэг хурлын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “1953 онд дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш найман жилийн дараа Япон улс Дэлхийн банкнаас ойролцоогоор 860 орчим сая доллар зээлсэн. (Өнөөгийн ханшаар 60 тэрбум орчим ам.доллар) Тэр зээлээр өнөөгийн Япон улсын гол дэд бүтцүүдийг бүтээн байгуулсан. Жишээлбэл, Токайда Шинкансэн хурдан галт тэрэгний зам, том том усан цахилгаан станцууд, хурдны замууд зэрэг дэд бүтцүүдийг бүтээн байгуулж, ингэснээр Япон улс өнөөдрийн хөгжилд хүрч, үйлдвэрлэл хөгжин, ажлын байр олноор бий болж, тэргүүлэгч, орон болсон. Энэ зээлийг бид зогсолтгүй төлсөөр хамгийн сүүлд 1990 оны 7-р сард Дэлхийн банкинд өрөө хаасан” гэж ярьж байсан. Тэгэхээр бид гадаадын хөрөнгө оруулалт, зээлээс айхаас илүүтэйгээр, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдэд, ил тод, хариуцлагатай байдлаар хөрөнгө оруулалт хийж, хяналтыг ч мөн чангатгах ёстой. 

-Монгол улс гаднынхнаас суралцаж, зөвлөгөө авч, даган дуурайх хандлага сүүлийн жилүүдэд түлхүү ажиглагдах болсон. Монголоос үлгэр дуурайл, туршлага авдаг улс орон гэж байна уу? Хэдий нас залуу ч танд харьцуулах, үнэлэх, дүгнэх, баримжаалах зүйлс олон бий байх.

-Бид дэлхийн бусад улс орнуудтай жишвэл хүний хөгжлийн индекс, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ алтан дундаж л явж байна. Манайхаас доогуур хөгжилтэй орнууд ч олон. Монгол бол маш залуу хүн амтай, боловсон хүчин, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт харьцангуй сайн улсуудын нэг гэж үнэлэгддэг. Дэлхийн том том сургуулиудад монголчууд торох юмгүй тэнцдэг, тэр ч бүү хэл багшилдаг, маш том судалгаануудад оролцдог болсон. Нобелийн шагналын судалгааны багт Монгол хүн ажиллаж байна. Дэлхийн топ компаниудын санхүү хариуцсан захирлаар Монгол хүн ажиллаж, том зах зээлд IPO гаргаад явж байна. Монголын төрийн байгууллагууд цомхон, босоо удирдлагатай тул Монголд олон улсын төслүүд хэрэгжүүлэхэд үр дүн нь илүү хурдан харагддаг. Тиймээс Монголд сайн хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг судлахаар гаднынхнаас ирэх нь их, мөн биднийг урих нь ч их байдаг. Зөвхөн ойрын жишээ дурдахад, Сангийн яаманд олон жил ажилласан, зөвлөх Т.Батсүх хоёр сарын өмнө НҮБ-ын Ази номхон далайн бүсийн хуралд Монгол Улсын Сангийн яам Тогтвортой хөгжлийн зорилтуудад суурилсан төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлж байгаа туршлагаас хуваалцсан. НҮБ-аас "Танай энэ туршлагыг хөгжиж буй орнууд их сонирхож байна, сургалт хийж өгөөч" гэдэг хүсэлт ирүүлсэн юм. 

-Энэ онд Монголын эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Эмэгтэй удирдагчийн хувьд тантай дэлхийн эмэгтэйчүүдийн асуудлаар ярилцъя гэж бодлоо. Гадны улс орнуудын эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогын талаар танд ямар мэдээллүүд байна вэ. “Эмэгтэйчүүд хөгжвөл улс орон хөгжинө” гэдгийг олон улс анзаарчихсан яваад байна, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дарга илтгэхдээ “Хөгжиж буй орнуудад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхэд жилдээ 2.1 триллион доллар шаардлагатай” гэж хэлж байсан. Гэхдээ энэ мөнгө байхгүй. Бид дэлхий нийтээрээ нэг жилд 200 тэрбум долларыг тусламжид зарцуулдаг. Гэтэл үүний дөрвөн хувийг л эмэгтэйчүүд хүртдэг бол дэлхийн нийт ажлын цагийн гуравны хоёрыг эмэгтэйчүүд гүйцэтгэж байна. Харин орлогын аравны нэгийг л хүртдэг гэсэн олон улсын судалгаа байдаг. Энэ бүгдээс харахад эмэгтэйчүүд рүү эдийн засгийг чиглүүлж чадах юм бол ядуурал, хүүхдийн эрх, эрүүл мэнд, байгаль орчны асуудлуудыг хурдан шийдэх боломж байна гэж олон улсын байгууллагууд үзэж байна. Тэгвэл Япон улсад болсон "Их хорь"-ийн уулзалтын үеэр эдгээр орнууд эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн өөрийн улс орнуудаас гадна бусад орнуудад хэрхэн яаж хангах вэ гэдэг асуудалд шийдэл хайн амлалт өгсөн. Жишээлбэл “Япон улс хөгжиж буй орнуудын дөрвөн сая охид, эмэгтэйчүүдийг боловсролоор хангах зорилгыг хариуцъя” гэдэг амлалтыг авсан. Германы Канцлер Меркел “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн санаачилга” буюу Women Enterpreneurs Finance Initiative (WEFI)-ыг санаачлаад, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөхтэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Мөн EMPOWER буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны сүлжээг бий болгох ажлыг Канадын Ерөнхий сайд Жастин Трудо санаачлан удирдахаар болж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт эдийн засгийн наян хувийг бүрдүүлдэг, дэлхийн хамгийн хүчирхэг 20 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэгдэж, хамтран ажиллахаар боллоо. Хамгийн их хөгжсөн улсууд ч тасралтгүй хөгжихийн тулд эмэгтэйчүүдийг дэмжихэд онцгой анхаарч байна. Тэгвэл манайд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” гэдэг энэ түүхт байгууллагыг дэмжихгүй, анзаарахгүй өнгөрчихөөд байна уу даа гэж би харамсдаг. Мөн Монгол улсын нийт хүн ам 3.2 сая, үүний 1,7 саяыг нь хойшоо суу гэвэл бид  яаж хөгжих вэ. Бид 3.2 сая хүнээ, хүн тус бүрийг нь бараг хоёр хүн шиг ашигламаар байна.  

-Та Япон улсаас жишээ татах гэж байх шиг санагдсан. Япон улсын эмэгтэйчүүддээ хандсан бодлогын талаар?

-Япон улс түүхэндээ байгаагүй олон эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан байна. 25-аас дээш насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтээрээ аль хэдийнээ АНУ-ыг давсан гэж ерөнхий сайд нь саяхан мэдээлсэн. Зөвхөн Япон улс гэлтгүй хоёр жилийн өмнө NEWSWEEK дээр АНУ-ын эмэгтэйчүүдийг Хятадын эмэгтэйчүүдтэй харьцуулсан нийтлэл гарсан. Тус нийтлэлд Хятад эмэгтэйчүүд Америк эмэгтэйчүүдээс илүү хүчирхэг, амбицтай болсон. Хятад ээж, аавууд өөрийн хүүхдээ эрэгтэй, эмэгтэйгээс үл шалтгаалан хамгийн сайн боловсрол, амьдралын боломжоор хангадаг. Хятадын том компаниудын удирдлагад  эмэгтэйчүүд ажиллаж байна. Хятад эмэгтэйчүүд дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд болсон гэж мэдээлсэн. Тэгвэл Япон улс эмэгтэйчүүддээ эрчүүдийн нэгэн адил хөдөлмөр эрхлэх боломж олгохгүйгээр цаашид улс хөгжих дараачийн том давалгааг бий болгож чадахгүй гэж үзсэн. Тиймээс Шинзо Абэгийн өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Үйлчилгээний татвараа 1.5 хувиар нэмж, эндээс олсон орлогоороо боловсрол, хүүхэд хамгааллыг сайжруулан, ээж нартаа амар тайван ажиллах, сурах, хөгжих, эдийн засагт өөрийн хувь нэмрийг оруулах боломжоор хангая” гэсэн байдаг. Энэ хөгжилтэй орон эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр улс орон хөгжихгүй, “Эмэгтэйчүүд улс орны хөгжлийг илүү төгөлдөршүүлнэ” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. 

НҮБ-ын 2010-2018 онд парламентад болон орон нутгийн иргэдийн хуралд эмэгтэйчүүдийн оролцоо ямар түвшинд байгааг харуулсан судалгаанаас үзэхэд Азийн улс орнуудын дундаж 19 хувь, түүнээс Монгол улс 17 хувьтай байна. Гэтэл Бангладеш, Пакистан, Туркменстан, Афганистан, Армен, Зүүн Тимор зэрэг улсууд манайхаас өндөр оролцоотой байна. Монголын эмэгтэйчүүд Афганистаны эмэгтэйчүүдээс илүү эрхтэй, эмэгтэйчүүдийг дэмжсэн нийгэмд амьдарч байгаа гэж боддог ч яг үнэндээ Пакистан, Туркменстан, Афганистан, Армений ард байна. Мэдээж бид Шинэ Зеланд, Австралитай харьцуулашгүйг хүлээн зөвшөөрч болох юм. Олон улсын судлаачид тухайн улсын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооноос тухайн нийгэм эмэгтэйчүүдийг хэр хүлээн зөвшөөрч байна вэ, эрчүүд эмэгтэйчүүдийг дэмжиж чаддаг уу, үгүй юу, эмэгтэйчүүд, хүүхэд, нийгэм руу чиглэсэн, эрүүл мэнд, боловсрол, хүний эрхийн асуудлууд сайн хангагдаж байна уу гэх мэт олон асуудлыг үнэлж дүгнэдэг.

-УИХ-д нэгэн цагт хоёрхон эмэгтэй гишүүн байсан үеийг бодвол өдгөө 13 эмэгтэй гишүүн, хэд хэдэн дэд сайдтай болсон нь дэвшил шүү.

-Тийм ээ, энэ удаагийн парламентад олон эмэгтэй гишүүд гарсан нь түүхэн ололт. Гэхдээ энэ хангалттай тоо биш. Эдгээр эмэгтэйчүүд дараагийн 20 эмэгтэй гишүүний сонгогдох, хүлээн зөвшөөрөгдөх суурийг нь тавих хэрэгтэй. Бид ар гэрийнхээ олон ачааг эмэгтэйчүүдэд үүрүүлж чаддаг атлаа яагаад УИХ-ын 76 гишүүний 20-30 нь эмэгтэй байж болохгүй гэж. Хүн амын хүйсийн тэнцвэрээр нь харвал Монголын нийт хүн амын 50 гаруй хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл төрд зайлшгүй байх ёстой. Гэхдээ гарааны боломж төдийлөн адил биш байна. Америкийн Ерөнхийлөгч асан Картер "Бүхий л салбар дахь эмэгтэйчүүдэд яагаад бага зэргийн дэмжлэг хэрэгтэй байдаг вэ гэвэл саяхныг хүртэл /1920 он/ тэдэнд гарааны боломж битгий хэл ийм эрх ч байгаагүй. Эрхээ хасуулан шоронд суусан хүнийг шоронгоос  гарахад нь бүх насаараа олимпид бэлдсэн тамирчинтай "Өрсөлд, чамд ч хөл байгаа, гүйх боломж байгаа" гэж хэлж байгаатай адил юм" хэмээн хэлсэн байдаг.  АНУ-ын эмэгтэйчүүд цагаан ордныхоо өмнө жагсаж, эсэргүүцэл, дарангуйлал амсаж, үсдүүлж, зодуулж, хоригдож, зарим сенатын гишүүдийн эхнэрүүд нөхрөөсөө сална гэж айлган байж сонгох, сонгогдох эрхийг олж авсан байхад Монголын эмэгтэйчүүд 1924 онд анхны үндсэн хуулиараа энэ эрхээ баталгаажуулчихсан, тэмцэл багатайгаар олдсон энэ эрхээ төдийлөн сайн тоодоггүй, торддоггүй. 

-Бидний дунд дэлхийн түвшинд боловсорсон, хөгжлийн чиг хандлагыг баримжаалдаг, олон улсын эмэгтэйчүүдтэй энэ зэрэгцэх түүхтэй, зэрэгцээд ажиллахад зиндаанд нь хүрдэг, бүр цаашилбал тэднээс цараатай сэтгэдэг эмэгтэйчүүд цөөнгүй бий. Та эмэгтэй манлайлагчийн хувьд МЭХ-г хойшид хэрхэн ажиллаасай, нийгэмд, эмэгтэйчүүдийн өмнө ямар үүрэг гүйцэтгээсэй гэж  хүсдэг вэ?

-Би Монголын эмэгтэйчүүдийн холбоог хөгжил, хамгаалал, эмэгтэйчүүдийн манлайллын тухай хамгийн хүчтэй ярьдаг, дэмждэг мэргэжлийн байгууллага байгаасай гэж хүсдэг.  Эмэгтэйчүүдийг өнгө үзэмжээс нь эхлээд жижиг сажиг зүйлээр дайрч доромжлоход өмгөөлж хамгаалдаг, бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдээ, өнөөгийн парламентад байгаа эмэгтэй гишүүдээ бодлогоор дэмждэг байгаасай гэж хүсдэг. Энэ нь өнөөдөр тэдэнд, бидэнд чухал гэхээс илүүтэй хойшид эмэгтэйчүүдийн бизнес, улс төр, төрийн байгууллага зэрэг бүхий л салбарт манлайлах замыг засч байгаа чухал суурь болно гэж боддог. Харин удирдах түвшний эмэгтэйчүүд эргээд нийгэмд хөгжлийг авчрах олон бодлогод оролцох, санаачлах, дэмжих үүргийг хүлээх ёстой. Учир нь тэд олон эмэгтэйчүүдийн мөрөн дээр зогсож, тэр тавцанд гарч ирснээ мартах ёсгүй юм. 

-МЭХ-ны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй олон улсын эмэгтэйчүүдийн хурлаас та ямар хүлээлттэй байна вэ?

-Монголтой адил түвшинд хөгжиж буй бүс нутгуудын эмэгтэйчүүдтэй хамтарсан хурал зохион байгуулж, бие биенээсээ суралцах юмсан гэж боддог байсан. Тогтвортой хөгжлийн зорилтод эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн, яаж хангах вэ. Эмэгтэйчүүд эх, нярайн эндэгдэл, байгаль орчин, эдийн засаг зэрэг салбаруудын асуудлуудад тусгагдсан учраас үүнд манай эмэгтэйчүүдийн байгууллагууд хэрхэн яаж хамтран ажиллах талаар илүү их яриасай гэж хүсч байна. Мөн эдийн засгийн хувьд эмэгтэйчүүд хүчирхэг болохгүйгээр тулгамддаг асуудлуудлаа шийдэж чадахгүй. Азийн ихэнх улсуудад өмч хөрөнгө эрчүүдийн нэр дээр байдаг. Цаашлаад эмэгтэйчүүдийн асуудлыг зөвхөн эмэгтэй хүн ярих ёсгүй. Хэдийгээр үүнийг эмэгтэйчүүдийн байгууллага зохион байгуулж байгаа ч эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуй, жижиг, дундын салбар, зам тээвэр, эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар, шийдэл дээр нь олон улсын экспертүүд, олон улсын байгууллагуудын төлөөллийн сайн туршлагуудаас авч, нэгдсэн шийдлүүдийг улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт суулган, цаашлаад Засгийн газрын хөтөлбөрт оруулж, Монголын эмэгтэйчүүдийн асуудалд ихээхэн хувь нэмэр  оруулна. 

-Та улс төрд ороод тодорхой хугацааг өнгөрүүллээ. Энэ салбарт эрчүүдтэй мөр зэрэгцээд явах, эмэгтэй хүний нарийн нандин ухаанаар өөрийн үзэл санааг илэрхийлэх, бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэж ажиллахад ямар давааг давж явна вэ?

-Эмэгтэйчүүдийн орон зай улс төрд бийг дахин хэлье. Эрчүүд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсдог, үнэлдэг. Тэр тусмаа аль ч салбарт хийсэн ажилтай, хэлэх үгтэй, чадалтай эмэгтэйчүүдийг эрчүүд "цаашаа суу" гэхгүй хамтран ажиллаж, дэмжихэд бэлэн байдаг. Харин манай эмэгтэйчүүд өөрсдөө хойш суух тал ажиглагддаг. Гэр бүлийн дэмжлэг, үр хүүхдээ өсгөх гээд олон даваа бий ч үүнийг ярихаас илүү нэгэнт хэцүүг мэдэж байгаа юм чинь эмэгтэйчүүд өөрсдөө нэгдсэн дуу хоолой, нэгдсэн шийдэлтэй, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бие биенээ бүх талаас нь дэмждэг байх хэрэгтэй юм.

-Таныг албан бус дүрээр олж харвал? 

-Амьдрал эмэгтэй хүнийг маш олон дүртэй байхыг шаарддаг. Ажлын талбарт ямар ч өндөрлөгт гарсан албан дүрийг гэртээ гаргах ёсгүй. Хувцсаа солиод ээжийн, ханийн дүрдээ орно. Үр хүүхдүүддээ үлгэр болсон сайн ээж байхыг хичээдэг. Ээж, аавынхаа өмнө охин нь, дүү нараа ирэхэд хоол цайгаар дайлаад гаргадаг эгч нь. Амьдралыг аль болох сонирхолтой, заримдаа эрсдэлтэй, амттай байлгахыг хүсдэг. Чөлөөт цагаараа спортоор хичээллэнэ. Триатлоны спортоор сүүлийн жилүүдэд хичээллэж хоёр жил дараалан улсын аварга шалгаруулах тэмцээнд орж байна. Амьдралд хүсэл тэмүүлэлтэй, гэхдээ бас байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, аливаад алтан дунджийг олж амьдрахыг зорьдог жирийн л Монгол эмэгтэй.  

Ярилцсанд баярлалаа.  

 

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (83.20.243.139)

    2020-02-20

    Dandaa hulgaich avgai nar gishuun boloh jum

  • Хэнчбиш (98.244.106.112)

    2020-02-19

    76-ийн нэг суудалд сууж байж болох хүн шиг санагддаг 2032 оны монголын Маргарет