Л.Мөнхтүшиг: БНСУ-аас Улаанбаатарт ирэх нислэгт халуурсан иргэдийг суулгахгүй байгаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газраас БНСУ-д шинэ коронавирусийн халдварын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан холбогдох мэдээллийг дамжууллаа.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "БНСУ-д эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсад сууж буй ЭСЯ болон Бусан дахь Консулын газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Өмнөд Солонгос улсад 48,100 гаруй монгол иргэн амьдарч байгаа. Үүнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй 24,800 орчим иргэн бий. Өвчлөл БНСУ-ын ихэнх мужид тархсан бөгөөд холбогдох мэдээллүүдийг Элчин сайдын яамаараа дамжуулан авч байна.

ЭСЯ болон Бусанд байгаа Консулын газар уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн Улаанбаатар рүү явж буй нислэг бүрд давхар хяналт тавьж байгаа мэдэгдье. Түүнчлэн онгоцонд суухаас өмнө хоёр удаа биеийн халууныг нь шалгаж, асуумж авч байна. Халуурсан иргэдийг нислэгт суулгахгүй байгаа.

Тэгү хотоос 60 орчим км-ын зайд Бусан дахь Консулын газар ажиллаж байгаа бөгөөд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

БНСУ-д жилд дунджаар давхардсан тоогоор 100 мянга орчим иргэн зорчдог. Нөхцөл байдал ийм болж буйтай холбогдуулан нэн шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.

Олон нийтийн сүлжээнд БНСУ-д байгаа иргэдтэй холбоотой ташаа мэдээлэл их гарч байна. Тус улсын Засгийн газар хүчээ дайчлан ажиллаж байгаа. Түүнчлэн 2015 онд МЭРС вирусийг тарсан туршлагатай улс тул үр дүнтэй арга хэмжээг авсаар байгаа.

Арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуулиуд амарсан. Нийтдээ 193 их, дээд сургууль байдгаас 157 нь ирэх сарын 16-ныг хүртэл амралтаа сунгасан.

Өнөөдрийн байдлаар 14 сургууль гуравдугаар сарын 2-нд хичээлээ эхлүүлнэ гэсэн мэдээлэл бий.

БНСУ-аас гадна Италид халдварын тоо нэмэгдэж 78 болсон. Зөвхөн БНСУ гэлтгүй гаднын улсуудад зорчиж буй иргэд анхаарал сэрэмжтэй байхыг хүсье. БНСУ-аас ирж буй иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг хүсье" гэв.

ХӨСҮТ-өөс ойрын хугацаанд тусгаарлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгөв. Тус төвөөс мэдээлснээр:

  • Хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 тохиолдлын хариу сөрөг буюу шинэ коронавирус илрээгүй.
  • Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээний хариу мөн сөрөг гарсан. Хяналтын хугацаа дуусаж байгаа.
  • 22-нд ХӨСҮТ-д зургаан тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээний хариу маргааш гарна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Цагаан сарын өдрүүдэд эхэлж байна. Хөдөлгөөнийг тусгаарласан шийдвэрүүд онож гарсан, үүнийг иргэд биелүүлэх шаардлагатай. Өөрийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаална гэсэн үг тул гаргасан зөвлөмжүүдийг биелүүлээрэй.

Хариуцлагатай байх ид үе эхэлж байна. Өчигдрийн байдлаар хөл хөдөлгөөн ихтэй байсынг иргэд шүүмжилж байсан. Шийдвэрүүд гарсан байтал хөл хөдөлгөөн ихтэй байх нь хохирол авчирна. Нэг хүний аюул улс оронд ямар их хөнөөл тарж байгаагаас харж байгаа байх. Баяраа голлож биш, хариуцлагатай үеэ голлох хэрэгтэй байна" хэмээлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)