Ши Жиньпин: Хятад, Монгол хоёр улс харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хуваалцсан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийж буй билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суусан тусгай үүргийн онгоц БНХАУ-ын нийслэл Бээжингийн олон улсын нисэх буудалд 14 цаг 45 минутад газардсан бөгөөд дараа нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийв.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглээд Хятад, Монгол хоёр улс харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хуваалцсан найрсаг хөрш гэдгийг энэ айлчлал дахин гэрчилж байна гэжээ.

Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)