Я.Буянжаргал: Солонгос, Япон, Итали зэрэг улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалтад авна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улсын онцгой комиссоос тогтоол гаргаж, нэмэлтээр нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон ариутгалын бодисын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Түүнчлэн аймаг, нийслэлийн бүх Засаг дарга нарт тусгаарлах байруудыг бэлэн болгох болон голомтоос ирж байгаа иргэдийг тусгаарлаж, ажиглалтад авах чиг үүргийг өгөөд байна.
 

Улсын онцгой комиссын тогтоолоор Солонгос, Япон, Итали зэрэг улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс 14 хоног тусгаарлан ажиглалтад авах шийдвэр гарсан.
 

Шийдвэрийн дагуу одоогоор Дорнодод 5, Замын-Үүдэд 104, Жаргалантад 17, Асралт эмнэлэгт 37 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт ч тусгаарлан ажиглаж байгаа иргэд бий.
Өнөөдөр Турк, Бангкокоос нислэгүүд орж ирж байгаа. Тиймээс бид энэ нислэгүүдээр голомт дахь нутгаас ирсэн иргэдийг тусгаарлан сэргийлэх арга хэмжээг авсан.

 

Үүнээс гадна дараагийн нислэгүүдээр ирэх иргэдийг тусгаарлах эмнэлгүүдийг бэлэн болгосон.
Түүнчлэн Сөүлээс Эрхүү рүү дамжин ниссэн иргэдийн мэдээлэл бидэнд байгаа учраас тусгаарлах өрөөнүүдийг бэлдэн ажиллаж байна.

 

Төр засгаас маш их арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ өвчний тархалтыг хязгаарлах боломж хумигдаж байгаа учраас хүн бүр урьдчилан сэргийлэх ажлыг хариуцлагатайгаар авах зайлшгүй шаардлагатайг ДЭМБ-аас хэлж байна" гэв.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)