Эдийн засаг, санхүүгийн эрсдлээс сэргийлэхэд Засгийн газар, Монголбанктай хамтарч ажиллана

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагуудтай уулзлаа. Шинэ коронавирусын эрсдэлтэй холбоотойгоор Монгол улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эдийн засагт сөрөг үзүүлэлтүүд мэдрэгдэж, тэр нь эдийн засагт нөлөөлж болзошгүй байгаа энэ үед төв банкны зүгээс бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газар,  УИХ-тай хэрхэн хамтран ажиллах талаар Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо.

Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд зөвхөн УОК, ЭМЯ ажиллахаас гадна Монгол улсын эдийн засагт хүндрэл учрах, энэхүү давагдашгүй хүчин зүйлээс хамаарч аж ахуйн нэгж, иргэдэд арилжааны банкуудтай холбоотой санхүүгийн болон зээлийн эргэн төлөлтийн аливаа эрсдэл үүсэхээс сэргийлсэн тодорхой арга хэмжээ авах зорилго бүхий Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсгийг яаралтай байгуулах шаардлагатай байгааг Сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. 

Мөн Монгол Улсын Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардуулан өгөв. Өнгөрсөн сард аймгуудын удирдлагууд болон улс төрийн намуудын дарга нарт энэхүү баримт бичгийн төслийг хүлээлгэн өгсөн юм. Монгол Улсын ирээдүйн 30 жилийн энэхүү томоохон төлөвлөлтөнд Монголбанкны зүгээс идэвхитэй оролцож, уг баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шатанд болон үүнээс өмнөх хэлэлцүүлгийн үеэр холбогдох санал, дүгнэлтээ тусгуулах, бусад хэлбэрээр хамтарч ажиллах шаардлагатай байгааг тэрээр илэрхийлэв. 

Урт хугацааны хөгжлийн бодлогыг цаашид хэрэгжүүлэхэд Засгийн газар, Монголбанк болон бусад мэргэжлийн байгууллагууд, улс төрийн намуудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр төв банкны мөнгөний бодлого болон Засгийн газрын хөрөнгө оруулалтын бодлогууд харилцан уялдаатай, нэг чиг баримжаатайгаар хэрэгжих ёстойг ч уулзалтын үеэр  онцолсон юм.

 Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкнаас сүүлийн жилүүдэд баримталж буй банк, санхүүгийн салбарын шинэчлэлийн бодлого, мөнгөний болон макро зохистой бодлогуудын үр дүн, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдал зэрэг холбогдох асуудлаар товч мэдээлэл өгсөн бөгөөд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төсөлд Монголбанкны зүгээс анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм гэж Засгиaн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)