Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн эмчлэх, сувилах эрхийг ердөө л 300 мянган төгрөгөөр зарж байжээ

Эмчлэх эрхийг наймаалцах асар том хахуулын хэрэг байдаг аж.  Монгол Улсад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар гэж бий. Энэ байгууллага эрүүл мэндийн салбарт хяналт тавих сургах үүрэгтэй.
Монголд амьд явах баталгаа алга гэж ярьдаг. Эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг хүлээсэн эмч нарын чанар, чадвар муу байгааг бүгд л гайхаж,  хоцрогдсон боловсролын систем, хуучирч муудсан тоног төхөөрөмжинд эмч нар буруугаа чихээд л энэ асуудал нам дарагддаг. Тэгвэл эмчлэх эрхийг наймаалцах асар том хахуулын хэрэг байдаг аж.  Монгол Улсад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар гэж бий. Энэ байгууллага эрүүл мэндийн салбарт хяналт тавих сургах үүрэгтэй.
 
Гэтэл Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн ажилтны сургалт, судалгаа, зөвшөөрлийн хэлтсийн шалгалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Ичинноров гэгч эмэгтэй эмчлэх, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохдоо хахууль авч байгаад баригдаж, шүүхээр шийтгүүлээд байна. Тэрбээр  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хүн эмнэлгийн сувилагч Н.Нэргүй, бага эмч А.Долгормаа нарт эмчлэх, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохын тулд тэдгээрээс тус бүр 300.000 төгрөгийн хээл хахууль авч, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот тушаалаар Н.Нэргүйд 0006395 дугаартай сувилах, А.Долгормаад 0002411 дугаартай эмчлэх үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг олгуулсан байх юм.
 
Эмчлэх, сувилах тусгай зөвшөөрөл олгохын тулд хахууль авахад зуучилсан хэргээр хоёр ч эмч давхар ял сонсоод байгаа юм. Тэд  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн ажилтны сургалт, судалгаа, зөвшөөрлийн хэлтсийн шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Ичинноровт  “Хаан” банкны нэрийн гуйвуулгаар 2011 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 500.000 төгрөгийг, 2011 оны 02 дугаар сарын 15-ны үед 100.000 төгрөгийн хээл хахуулийг өгч, авахад зуучилсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Хамгийн харамсалтай нь хахууль өгч эмчлэх, сувилах тусгай зөвшөөрөл авсан эмч, сувилагч хоёр шалгалтандаа тэнцэхгүй, мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролын хувьд хүн эмчлэх боломжгүй гэдэг нь шалгалтаар тогтоогдчихсон байж.  
 
Шүүгдэгч Д.Ичинноров Хан-Уул дүүргийн шүүхэд мэдүүлэхдээ: 2010 оны сүүлчээр Өвөрхангай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэргэжилтэн Түвшинбаяр “Хоёр хүн шалгалтандаа тэнцэхгүй байна. Лицензийг гаргаж өгөх боломж байна уу” гэж утсаар асуусан. Би “Одоохондоо боломж байхгүй” гэхэд надаас дахин дахин утасдаж асуусан. “Энэ хоёр хүнд лиценз олгохгүй бол ажилгүй болох гээд байна, ар гэр нь хэцүүднэ. Манай сумын хоёр хүн байгаа юм” гэж гуйсан. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалын төсөлд тэр хоёр хүний нэрийг нь оруулж өгсөн. Төсөл 2010 оны 12 сард бэлтгэгдсэн.
 
Энэ тушаал нь гарахгүй байсаар байгаад 2011 оны 2 сарын тушаалтай хамт гарсан. Түвшинбаяр надад регистрийн дугаараа өгөөч ээ гэхэд8 яахын бэ хэрэггүй гэж би түүнд хэлсэн. 2, 3 удаа утасдаад регистрийн дугаараа өгөөч гээд байхаар нь 2011 оны 01 сарын 20-ны доор регистрийн дугаараа өгсөн. 2011.01.27-нд миний регистрийн дугаараар Түвшинбаяр 500.000 төгрөг шилжүүлж, би тэр мөнгийг авсан” хэмээн мэдүүлсэн байх юм. Хамгийн харамсалтай нь хахууль өгч тусгай зөвшөөрөл авсан Нэргүй гэгч сувилагч вакцин хариуцдаг байсан гэнэ. Түүнд тусгай зөвшөөрөл олгохын тулд өөр эмчийн бичиг баримтан дээр зургийг наагаад л сайдын тушаал гаргачихсан байсан аж. 
 
Шүүх энэ хэргийг хянаж үзээд  шүүгдэгч Д.Ичинноров нь дөрвөн  сартай нялх хүүхэдтэй, шүүгдэгч А.Долгормаа нь 9 сартай жирэмсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар тэдэнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулжээ. Харин Н.Нэргүй нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцож оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзах шийдвэр гаргасан байна.

Ц.Хан-Хөхий


 


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 8923 (202.9.47.134)

    2012-11-02

    БОЛЬЁ ОО