М.Батгэрэл: Сурын спорт хүнийг хүнтэй харьцах чадвар, хүн чанартай болгож хүмүүжүүлдэг

Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын их баяр наадам Урианхайн сур харваагаар эхэллээ. Тэмцээнд 100-аад харваач цэц мэргэнээ сорьсноос Монгол Улсын мэргэн, Урианхай сурын дархан мэргэн, буриад сурын мэргэн М.Батгэрэл 30 сумнаас 28 –ийг оносон үзүүлэлттэйгээр наадмын дээд амжилтыг хоёр дахь удаагаа эвдэж наадмын түрүүг авсан юм. Түүний хэрхэн сурын спорттой хөл нийлүүлэх болсон, сурын онцлог давуу талын талаар ярилцлаа.
Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын их баяр наадам Урианхайн сур харваагаар эхэллээ. Тэмцээнд 100-аад харваач цэц мэргэнээ сорьсноос Монгол Улсын мэргэн, Урианхай сурын дархан мэргэн, буриад сурын мэргэн М.Батгэрэл 30 сумнаас 28 –ийг оносон үзүүлэлттэйгээр наадмын дээд амжилтыг хоёр дахь удаагаа эвдэж наадмын түрүүг авсан юм. Түүний хэрхэн сурын спорттой хөл нийлүүлэх болсон, сурын онцлог давуу талын талаар ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Намайг Мэчир овогтой Батгэрэл гэдэг. Монгол улсын мэргэн, Урианхайн сурын дархан мэргэн, Буриад сурын мэргэн Баян-Өлгий аймгийн уугуул хүн.

-Та хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

Ер нь манай Урианхайд  хүүхдийг 2,3 настай байхаас нь нум сум харвуулж сургадаг онцлогтой. Миний хувьд бага байхад  аав маань сур харвадаг байсан болохоор хүүхэд байхаасаа л сурыг их сонирхож харваж эхэлсэн. Бид цагаан сарын шинийн гурванаас эхлээд харваж эхэлдэг дээ.

-Сурын спортын онцлог


Сурын спорт их онцлогтой. Энэ спортоор хичээллэснээр хүн чанар, хүнтэй харьцах харьцааны тал дээр доголдолгүй болж хүмүүждэг. Мөн  өөрөөсөө ахмад  цолтой хүмүүсийг хүндлэх, мөн мэндлэх хүндлэх ёсонд суралцуулдаг сайхан спорт.

-Танайх сурын удамтай юу? Ер нь сур харвадаг хүн байдаг уу?

Манай өвөөгийн их ойрын хамаатан Монгол улсын гоц мэргэн Онжид гэж хүн байсан. Тэр хүн улсад сүүлчийнхээ түрүүг авснаас хойш 27 жилийн дараа би улсад түрүүлж улсын мэргэн болж байлаа. Ер нь манайхан удмаараа харваачид. Манай аав улсад ирж харваж байгаагүй ч аймаг орон нутагтаа бол мундаг харваач байсан.

-Урианхайн тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Тэмцээн ямархуу болсон бэ? сэтгэгдлээсээ хуваалцаач

Баярлалаа. Өчигдөр энэ наадмын хамгийн анхны тэмцээн Урианхайн сурын тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд залуучууд маань идэвхитэй оролцож сайхан харваж маш өндөр оноогоор гарч байна. Миний хувьд 30 сумнаас 28 оносон үзүүлэлттэйгээр хамгийн өндөр дээд амжилтыг хоёр дахь удаагаа эвдэн наадмын түрүүг авлаа. Мөн манай Баян-өлгий аймаг эхний таван байранд шалгарсанд сэтгэгдэл их өндөр байна.

-Таны оролцсон тэмцээнүүдээс хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээнээсээ дурсвал....

Сэтгэлд үлдээгүй тэмцээн гэж үгүй ээ. Хүн болгон өөрийнхөө сэтгэлийг гаргаад тэр тэмцээнд өндөр амжилт гаргаж харвах л юм бол сэтгэлд бүгдээрээ л үлдэнэ. Ер нь тэгээд муу харвасан ч сэтгэлд үлддэг л дээ. Муу харвасандаа сэтгэл гонсойдог ч гэсэн бүх л тэмцээн сайхан байдаг. Гэхдээ хамгийн гоё тэмцээн бол 1998 онд үндэсний их сурд Даваагүн мэргэнтэй тоглоод улсад түрүүлсэн үе маань хэзээ ч мартагдахгүй ээ.  Олон Урианхайд түрүүллээ, Буриадад түрүүлсэн гээд л бүгд сэтгэлд тод үлдсэн.

-Бэлтгэлээ хаана базаадаг вэ?

Ер нь орон нутагтаа бэлтгэлээ базаадаг. Орон нутагтаа бэлтгэл хийж байгаад зургаан сарын 30-нд  Баян-өлгий аймгаас Үндэсний баяр наадамдаа хүч сорихоор ирсэн дээ. Хавраас эхлээд л Урианхай сурын харваандаа бэлдэж эхэлсэн. Угаасаа Урианхай сур харвадаг болохоор бэлтгэл сайн хийгддэг юмаа. Халх сурыг ч мөн адил нутагтаа байхдаа хийсэн. Ирснээсээ хойш энд талбай дээр хийгээд л байж байна. Өчигдрөөс тэмцээн маань эхэллээ. Манай аймгийнхан ч амжилттай оролцож байгаад сэтгэл их өндөр байнаа.

-Таны хэрэглэдэг нум сумны хувьд бусдаасаа ялгарах онцлог

Бусад нум сумнаас ялгарах зүйл бараг үгүй ээ. Гэхдээ манай Баян-Өлгий аймгийн Урианхайн сур харваачид ер нь хатуу, хүчтэй нум барих дуртай байдаг. Энэ нь  бусдаас ялгарах онцлог болж өгдөг байх даа. Дашрамд дурдахад манай Урианхайн тэмцээний онцлог нь эмэгтэй хүн харвадаггүй уламжлалтай.

-Хойч үеийн залуу харваачдаа бэлдэнэ гэсэн бодол байдаг уу?


Харваачдын ганц онцлог байдаг л даа. Өнөөдөр шинээр орж ирж  байгаа таньдаг, таньдаггүй ч хамаагүй залуусыг дэмжээд болж өгвөл тэднийг мундаг харваач болгоно гэж боддог. Ганц би ч биш цөм л залуу хүмүүсийг маш их дэмжиж сурлуугаа оруулдаг. Сүүлийн үеийн сур харваж байгаа хүмүүс дотор 40 өөс доош насны хүн маш ховор болсон нь ажиглагдсан. Эрч хүчтэй залуусыг харахад сайхан байдаг. Үүнээс үзэхэд сур маань залуужсан спорт болж буй нь харагддаг. Миний хувьд Баян-Өлгий аймагт амьдардаг маш олон залууст сурын спортын давуу талыг сурталчилан сурлуугаа оруулдаг. Нум сумыг нь зуулчлан авч өгч техник аргыг нь зааж өгдөг. Мөн нум сумыг яаж гамтай хэрэглэх үү гээд өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ л шавь нартаа зааж өгөхийг бодож хүсэж явдаг даа.

-Бидэнтэй ярилцсан таньд баярлаллаа.

Ярилцсан Л.Ариунцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)