Д.Дэмбэрэл: Хүүхдийн мөнгө халамжийн хуулиа үгүйсгэх ёсгүй

2012 оны 9 сарын 5
АН сар бүр хүүхэд болгонд 20 мянган төгрөг өгөх санаачлага гаргасан. Гэвч ингэж “хүүхэд бүхэнд” хэмээн хаяглан хавтгайруулж өгөх нь зөв, эсэх талаар маргаан өрнөж байна. Тиймээс уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Ардчилсан нам хүүхэд болгонд 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Үүнийг Та юу гэж үзэж байна вэ. Хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг олгох нь зөв үү?

-Хүүхдийн мөнгийг өмнөх Засгийн газар ч гэсэн өгч байсан. Намайг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байхад энэ шийдвэр батлагдаж байсан. Тухайн үед хүүхдийн мөнгө олгох нь зүйтэй гэсэн санаачлага намуудаас гарч байсан. Иймд намуудын санаачлага дээр үндэслэн хүүхэд бүрт сар тутам 3000 мянган төгрөг олгож эхэлсэн. Үүнийг цааш нэмэгдүүлээд ч олгож байсан удаатай. Би хүүхдэд мөнгө олгох асуудлыг байнга ярьдаг. Угаасаа ч энэ бол бодлогын хувьд зөв зүйл. Хүүхдийн мөнгө олгож эхэлсэн нь нэг талаар хүн амын өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. 2007 онд траншейны гэх тодотголтой тэнэмэл хүүхэд олширсон шүү дээ. Тиймээс уг асуудлыг хэрхэн шийдэх талаар санаа оноо олон гарсан. Гол нь эдийн засгийн аргаар шийдэгдэх асуудал шүү дээ. Ингээд 2007 оноос эхлээд хүүхдийн мөнгө олгож эхэлснээр тэнэмэл хүүхдийн тоо эрс цөөрсөн. Энэ нь хүүхдээ хаяад, орхиод явдаг эцэг эхчүүдийн төвөгтэй асуудлыг ч мөн адил шийдэж байгаа хэрэг. Харин өнөөдөр АН-ынхан хүүхдийн мөнгийг олгох тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьчихаад байна. Энэхүү мөнгийг олгохдоо өмнө нь бидний олгож байсан байдлаас жишээ аван туршлагатай, ухаалаг хандах нь зүйтэй.

-Гэхдээ хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох нь зөв юм уу. Зарим нэг боломжтой айлд бол энэ мөнгө сонин биш шүү дээ?

-Бид анх хүүхдийн мөнгийг олгож эхлэхдээ амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой буюу орлого багатай, олон хүүхэдтэй айл өрхүүдэд олгохоор ярьж байсан. Гэтэл Үндсэн хуулийн Цэцэд иргэдээс гомдол гарч хүүхдийг ялгаварлаж мөнгө олгож байна гэдэг асуудал гарсан. Үүнийг нь Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд иргэдийн талд шийдвэр гаргасан. Хүүхдийн нэрээр хавтгайруулан мөнгө тарааж байна гэдэг шүүмжлэл байнга гардаг. Хамгийн гол нь хавтгайруулан мөнгө тараах бус угаасаа Үндсэн хуулийн Цэц хүүхэд бүрт олгох ёстой гэсэн шийдвэр гаргасан. Уг нь боломжтой айлын ганц хоёр хүүхдэд 20 мянган төгрөг ач холбогдолтой биш шүү дээ. Тиймээс энэ асуудлаа л сайн ярилцаж нарийн зохицуулах нь зүйтэй гэж бодож байна.

-Энэ мөнгийг бүх хүүхдэд олгохын оронд эзмэг бүлгийн хүүхдүүдэд арай илүү олгох боломж бий юу?

- Уг нь өрхийн орлогыг харгалзан төсвийн хөрөнгийг хуваарилах зарчмаар л шийдэх ёстой асуудал. Ер нь Үндсэн хуулийн Цэц тэр шийдвэрээ цуцлах шаардлагатай. Энэ бол хүний эрхийн тухай асуудал биш. Харин эрх нь хохирч байгаа хэсэг болон орлого багатай айлд дэмжлэг үзүүлж буй төрийн мэргэн шийдвэр байх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн Цэц дутуу ойлгож шийдвэр гаргасан.

-Энэ мөнгө төсөвт хэрхэн суутгагдах бол. Төсвийн ачаалал нэмэгдэх үү?

-Нэг хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгоно. Тэгэхээр нэг хүүхэд жилд 240 мянган төгрөг авна гэсэн үг. Харин манай улс нэг сая хүүхэдтэй гэж тооцвол жилдээ 240 тэрбум төгрөг болох юм байна. Үүнийг Монгол Улсын төсвийн хэмжээтэй харьцуулахад боломжийн тоо. Тэр тусмаа хүүхдэд мөнгө олгоно гэхээр төсөв хүндрээд байх зүйлгүй байх. Яагаад гэвэл хүүхдүүдэд олгож байгаа энэ мөнгө бол утга агуулга сайтай. Гэхдээ зүгээр нэг мөнгө олгох биш. Өрхийн амьжиргааны төвшин доогуур олон хүүхэдтэй айл өрхөд олгох учиртай.

-УИХ-ын сонгуулиас өмнө намууд мөрийн хөтөлбөрөө гаргахдаа халамжийг хавтгайруулахгүй гэж ярьж байсан. Одоо хүүхэд болгонд 20 мянгөн төгрөг олгож буй нь нөгөө “хүүхэд” нэрийн дор халамжийг хавтгайруулж байгаа болов уу гэсэн хардлага гараад байна л даа?

-УИХ Халамжийн тухай хуулийг баталсан. Ерөөс хүүхдийн мөнгө өгөх асуудлыг УИХ-аас баталсан Халамжийн тухай хуультай нарийн сайн уялдуулж зохицуулах хэрэгтэй. Энэ хуулиар орлого бататай өрхүүд халамж авах боломжтой. Өрх, өрхийн гишүүдийг ч дэмжих хууль байгаа. Тиймээс уг хуулийн зохицуулалт болон хүүхдийн мөнгө олгох асуудлыг аль алийг нь сайн зохицуулж олгохг үй бол давхардах магадлалтай. Хүүхдийн мөнгө халамжийн хуулиа үгүйсгэх ёсгүй. Халамжийн хууль өөр зориулалттай. Шууд тухайн өрхийн орлогын асуудлыг харсан гэсэн үг. Харин хүүхдийн мөнгө бол хүүхдийг дэмжих мөн хүн ам зүйн бодлогыг агуулсан.
Энэ хоёр хуулийг хольж, хутгаад бие биеийнх нь эсрэг сөргүүлж болохгүй. Нөгөө талаар давхардал үүсгэх байдлаар хавтгайруулсан хэлбэрт үүнийг оруулж болохгүй гэдгийг анхаарах ёстой. Нөгөө талаар хүүхдийн мөнгө олгох нь аль нэг намын ивээл тэтгэлэг биш. Аль нэг улстөрийн хүчний үйл ажиллагааны үр дүнд гарч ирж байна гэсэн ойлголт байхгүй. Тэртээ тэргүй энэ мөнгийг урьд нь бид өгч байсан. Тэгэхээр хүүхдийн мөнгө олгох нэрийдлээр улстөр хийж асуудалд орооцолдох ёсгүй. Ерөөс хүүхдийн мөнгө өгөх асуудал бол манай улстөрийн бүх намын зөвшилцөөнөөр анх шийдэгдсэн зүйл шүү дээ.

Д.МЯГМАРСҮРЭН

www.UNEN.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...