Э.Төрмандах: Зохиолын дуу бол ардын дууны дүү л гэсэн үг

2012 оны 11 сарын 5
    Энх улирал шимтэн шимтэхийн эхэн Энх улирал мянган жаргалын үүд ээ... хэмээх дууг нэгэн цагт Монголын ард түмний хайрт хүү, алдарт дуучин Адарсүрэн амилуулсан нь сонсогч олны зүрх, сэтгэлд ямагт эгшиглэж иржээ. Нэгэнт олонд хүрсэн дууг дахин амилуулна гэдэг хэн хүний хүсдэг зүйл биш. Харин “Энх улирал” дууг өнөөдрийн залуусын зүрх, сэтгэлд үлдээж чадсан дуучин бол СТА Э.Төрмандах. “Зохиолын дуугаа дуулахгүй бол би өөр юу дуулах юм бэ” хэмээн амласаар гарч ирсэн түүнтэй амьдрал, уран бүтээлийн тухай цөөн хором хөөрөлдсөн юм.


-Та саяхан хуримаа нижгэр хийсэн?

-Өнгөрсөн сарын 10-нд “SS club”-т хуримаа хийсэн. Гэр бүлийнхнийхээ хүрээнд сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Гурван эмэгтэй хүнтэй гэр бүлийг толгойлох үүрэг хүлээгээд л явж байна /инээв/. Би чинь хоёр охинтой хүн шүү дээ. Нэг нь хоёр нас дөнгөж хүрч байна. Бага нь ой гараад л явж байна даа.

-Гэр бүлийн тань хүн бас урлагийн хүн гэж сонссон юм байна. Анх хэрхэн танилцаж байв?

-Увс аймгийн Тэс сумын харьяат, СУИС-ийн уртын дууны ангийг төгссөн Гансувд гэж бүсгүй бий. Манай дээд курст суралцдаг байсан юм. СУИС-д ороод л эхнэрээ анх олж харсан. Эхнэр маань уран бүтээлээ хийгээд эхэлчихсэн байгаа. “Ганцхан чамдаа” гээд дууных нь үг, аяыг би зохиосон.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

-“Юнител” групптэй хамтарч Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь зэрэг 10 аймагт “Зүүдний шувуу шиг бүсгүй” тоглолтоо сарын хугацаанд толилуулаад ирлээ. Тоглолтын онцлог гэвэл “Юнител” группын хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үзүүлсэн. Харин өөр операторын хэрэглэгчдэд “Юнител” группын шинэ дугаар авах зэрэг гэнэтийн бэлэг ихтэй сайхан тоглолт болсон.

-Аль нутагт очиход илүү сайхан санагддаг вэ?

-Ер нь ямар ч нутагт очсон иргэд маань сайхан хүлээж авдаг. Монголынхоо бүхий л аймагт очиж тоглох сайхан шүү дээ. Гэхдээ сэтгэлд нэг л дотно мэдрэмж төрүүлдэг аймаг бий бий. Жишээлбэл, би Эрдэнэтэд очиж тоглох дуртай байдаг юм. Нэг л их тайван сайхан хот шиг санагддаг. Мөн үзэгчид нь их халуун, дуу бүрийг түрж дуулдаг шүү. Дорноговь аймагт тоглоход үзэгчид их сайхан хүлээж авдаг. Учир нь “Дорнийн говиос Монгол эхэлдэг” гэх дууг би дуулсан юм. Тэгээд ч тэр үү, их илгэмсүү хүлээж авдаг. Дуучид бидэнд үзэгчид даган дуулж, нижигнэсэн алга ташилтаар урамшуулахаас өөр сайхан зүйл гэж юу байх билээ.

-Аялан тоглолтоо хийж амжаагүй аймаг байгаа юу?

-Завхан аймгаас бусад аймгийн Соёлын төвд тоглолтоо хийсэн. Яагаад ч юм бэ Завхан нутагт тоглож амжихгүй л яваад байна. Хэнтий аймгийн алслагдсан сумдаар явж тоглолт хийж байлаа. Тоглолтоо хийхдээ анх алслагдсан сум болохоор дууг минь мэдэх болов уу, хүлээж авах болов уу гэж эмээж байсан. Өвөл тоглолтоо хийнэ гээд очиход соёлын төвүүд нь бүгд модон байшинтай. “За даа баларлаа даа. Ер нь хөлдөж үхэх байх” гэж бодсон чинь эсрэгээрээ халууцаж байгаа юм чинь. Үзэгчид ч халууцаад хувцсаа нимгэлээд, дууг минь дагаад дуулж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Таны уран бүтээлүүдээс “Дөрвөд далай хааны нутаг” дуу сонсогчдод их хүрсэн. Энэ дуу хэрхэн бүтсэн тухай дурсаач?

-Уран бүтээлч болгон өөр өөрийн дуулах хэв маягтай. Байгалиас заяасан миний хоолой эр хүний хийморилог, эрч хүчтэй дуу дуулахад зориулагдсан юм болов уу гэж боддог. Тиймдээ ч миний дуунуудад эрэгтэй хүн, ялангуяа бөхчүүд их дуртай байдаг юм билээ. Миний уран бүтээлд 21 аймгийн сүлд шүтээн болсон хайрхнуудыг магтан дуулсан дуу их байдаг. Тухайлбал, Ховд аймгийн “Цамба хайрхан”, Увсын “Дөрвөд далай хааны нутаг” гэх мэт.

Тиймдээ ч энд тэнд тоглолтоор явахад сонсогчид маань сэтгэлээсээ урмын үг хайрладагт үргэлж баярлаж явдаг. Цаашид олон сайхан уран бүтээлээр үзэгч олонтойгоо учрах болно. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл Н.Баянмөнхийн шүлэг, Анхбаярын аялгуу “Аархал” гэж сайхан монгол эрийн тухай дуу дууллаа. Дуу маань олонд хүрээд дөнгөж сар гаруй болж байгаа ч ФМ-үүдийн чатыг тэргүүлж байгаад баяртай байна. Дууныхаа клипийг хийх гээд тоглох жүжигчдийнхээ сахлыг хүртэл ургуулаад эхэлчихсэн байгаа шүү / инээв/. Нэвсийтэл сайхан цас орвол зураг авалтаа эхэлнэ лээ.

-Зохиолын дууны салбарт залуу дуучид түрэн гарч ирж байна?

-Зарим нэгэн рок, попын уран бүтээлчдийн яриад байгаа шиг зохиолын дуу хөдөөгийнхөн л сонсдог гэдэгтэй би хэзээ ч санал нийлдэггүй. Зохиолын дуу бол ардын дууны дүү гэсэн үг. Олонд хамгийн сайн түгдэг болохоор л рок, попын дуучид атаархсандаа ийм зүйл ярьж явдаг байх. Ийм яриа үүсгэж байгаа хүмүүс аяндаа өөрсдөө зохиолын дуу сонсдог болох нь тодорхой. Ээж, аав болчихоод нялх хүүхдээ тэвэрчихээд үглээд зогсохгүй нь мэдээж шүү дээ /инээв/.

Би СУИСийн дуурийн дуулаачийн анги төгссөн. Зохиолын дуу дуулахгүй бол би өөр юу дуулах вэ гээд өөртөө зорилго тавиад зохиолын дуунд хүчээ үзэхээр шийдсэн. Цаашид сонгосон мэргэжлийнхээ үр дүнг гаргаж дуурийн уран бүтээл туурвих хүсэлтэй байгаа. Гэхдээ хэзээ ч зохиолын дуугаа орхихгүй. Зохиолын дуу бол монголчуудын генд нь байдаг зүйл гээд хэлчихэд буруудахгүй байх.

-Анх тайзан дээр гарсан үеэ дурсаач?

-Багаасаа л дуулж эхэлсэн дээ. Бага байхдаа сургуулийн аварга дуучин хүүхэд болохыг их хүсдэг байлаа. Жил болгон л тэр уралдаанд оролцдог байсан. Наймдугаар ангидаа хүслээ биелүүлж сургуулийн аварга дуучин болсон. Тухайн үедээ Соёлын тэргүүний ажилтан авчихсан юм шиг хөөрцөглөж байсан сан. Тэгээд аймгийн төв рүү уралдаанд ороод гурван медаль авахад дуучин болох эрч хүч маань нэмэгдсэн. Энд нэг зүйлийг цохон тэмдэглэхэд ард иргэдийн дунд СТА гэдэг цол үнэгүй болчихлоо.

Ганц, хоёр дуу дуулчихаад тоглолт хийсэн болоод л СТА авчихдаг гэж яриад байгаа. Зарим талаараа энэ үнэн байж мэдэх юм. Гэхдээ миний хувьд бол өөр. Би СУИС-ийг 2010 онд төгссөн. Тэр жил МҮОНТээс “Монголын үндэстний дууны их наадам” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулсан. Энэ уралдаанд оролцож Гран-при шагналыг нь би хүртэж байсан юм. Тэмцээнд 800 гаруй дуучинтай уралдаж түрүүлсэн болохоор тухайн үеийн БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас СТА цолыг автомашины хамт гардан авч байлаа.

Би ч сургуулиа дөнгөж төгсөөд СТА авчихаад их эмээж байсан. Гэсэн ч зарим нэгний хэлээд байгаа шиг ганц дуу дуулж, тоглолт хийчихээд аваагүй юм шүү гэдгийг зориуд хэлмээр байна. “Хоёр дуу хийчихээд л СТА авчихлаа”, “СУИС төгсөхөд СТА өгдөг болчихож” зэрэг буруугаар ойлгож яваа хүмүүст хэлэхэд СТА цолыг би өөрөө авья гэж аваагүй “Монгол үндэстний дууны их наадам”-аас надад өгсөн юм. Хэрвээ намайг тоглолт хийсний төлөө СТА цол өгсөн бол би авахгүй л байсан.

-Тэгвэл анх хэний уран бүтээлийг амилуулж байв?

-СУИС-ийн бэлтгэл курст байхад яруу найрагч Н.Баянмөнхийн үг, Цэцэрлэгийн ая “Аав л нутаг хоёр” дууг дуулж байлаа. Тухайн үед хөгжмийн найруулга хийхэд 150 мянган төгрөгийн үнэтэй байсан. Оюутан учир мөнгөгүй, дээрээс нь Цэцэрлэг багш шахаад их л хэцүү байсан даа. Тэгээд яахав мөнгө олоод анхныхаа уран бүтээлийг хийлгэж байлаа. Анхны уран бүтээлийг минь дэмжиж, хүч хөдөлмөр гаргасан Цэцэрлэг багш, Н.Баянмөнх ах нартаа үргэлж баярлаж явдаг юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-“Бурхан зүрхний аав” шинэ цомог гаргасан. Удахгүй борлуулалтад гарах байх. Энэ сардаа багтааж “Энх улирал” цомгоо гаргах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн 21 аймгийн онцлогийг тус бүрд нь илэрхийлсэн сүлд дуугаар цомог гаргахаар зорьж байгаа. Тухайлбал, “Дөрвөд далай хааны нутаг”, “Дорнын говиос монгол эхэлдэг” зэрэг 21 аймгийн сүлд дуутай “Хамаг монголын аялгуу” шинэ цомог гарах байх. Ер нь олон зүйл хийхээр зорьж байна.

-Тантай утсаар холбогдоход маргааш хөдөө явна гэж байсан. Ямар ажилаар явах гэж байна?

-Ая зохиогч Баасанхүү ахын тоглолт жил бүр Дарханд болдог. Миний дуулдаг “Зүүдний шувуу шиг бүсгүй”, С.Жавхлангийн “Болно доо болно”, “Хайрлаж болохгүй хайр” зэрэг дууны аяыг бичсэн мундаг хүний тоглолтод оролцох гэж байна. Их хүрээнээс Баасанхүү ахын бүтээлиийг дуулсан 10 гаруй уран бүтээлч хамт явах байх.

-Дундговь нутгаас олон сайхан дуучин төрж гарсан. Мөн дуу хуурын өлгий нутаг гэж ярьдаг. Энэ их нэр хүндийг дааж явна гэдэг амаргүй байх?

-Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймаг гэж хүн бүр л ярьдаг юм. Ялангуяа манай нутгаас төрж гарсан уран бүтээлчид ингэж цоллуулж, дуудуулах нь сайхан л санагддаг. Тэр дундаа манай Дэлгэрхангай сумаас л гэхэд 20 гаруй гавьяат төрж гарсан байдаг. Дундговь нутгаараа овоглож яваадаа баярлаж, бахдаж явдаг шүү. Энэ их нэр хүндийг өндөрт өргөж явахыг үргэлж хичээдэг дээ.

Г.НЯМСҮРЭН



Эх сурвалж: www.UNEN.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...