Д.Мягмарсүрэн: Энэ ч арай хэтрэнээ.

    Улс төр судлаач Д.Мягмарсүрэнтэй өнөөгийн улс төрийн  талаар ярилцав.
    Улс төр судлаач Д.Мягмарсүрэнтэй өнөөгийн улс төрийн  талаар ярилцав.

-АН-ын шинэчлэлийн засгийн газрын явуулж буй бодлогын давуу сул талыг та юу гэж харж байна?

-Шинэ засгийн газар байгуулагдаад зуу ч хоноогүй байна. Дүгнэлт хийх хараахан болоогүй байна. Гэхдээ хэд хэдэн нааштай алхмуудыг хийгээд эхэлчихлээ. Ялангуяа төр засаг иргэдэд нээлттэй болох талаар давгүй ажил явуулж байна. Тухайлбал, УИХ-д өргөдөл гомдлын байнгын хороо байгуулагдсан. Төрийн ордны хүндэтгэлийн танхим, музей иргэдэд нээлттэй болгох, засгийн газартай шууд холбогдох утас ажиллуулаад эхэлсэн зэрэг нь төр иргэдийн харилцааг идэвхжүүлэхэд чухал арга хэмжээ болсон. 

-Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Улс төрийн намууд бэлтгэлээ хэрхэн базааж байгаа бол?

-Базааж байна аа. Ялангуяа АН тун идэвхтэй байна. Гэр хороололд хямд нүүрс тараах, багш нарт нөхөн олговор олгохоос аваад төрийн данс улайсан гэх мөртлөө хүүхдийн 20000 төгрөгийг ямар хурдан шийдвэрлэчихэв ээ. Орон нутгийн сонгуульд МАХН тусдаа оролцохоор боллоо. МАХН тоймтой санал авч чадахгүй байх. Гол нь “хоёр хуваагдсан могой”-ны дундуур  АН л ашигтай ажиллаад байна даа. 

-“Амлаагүй” хүүхдийн мөнгө зэрэг ажлууд чинь сонгуультай холбоотой гэж үү?

-Мэдээж. Намууд УИХ сонгуулиар бэлэн мөнгө амлахгүй гэж “амлаад” оролцсон. Биелүүлсээн. Гэхдээ гарсан хойноо тарааж болохгүй тухайд хэн ч сэтгээгүй. Энэхүү боломжийг тун гаргуун ашиглалаа. Улс төрчид ингээд л ард түмнээсээ “түрүүлж” сэтгээд байдаг байхгүй юу. Өгч байгаа хүүхдийн мөнгийг одоо хэн ч эсэргүүцэхгүй л байгаа биз дээ. Дээрх ажлууд чинь хэрэг дээрээ орон нутгийн сонгуульд сонгогчдыг татах гэсэн популист шинжтэй арга хэмжээ шүү дээ.

Ухаандаа утааг багасгах тухай олон жил ярьсан хэрнээ, гэнэт л нүүрс хямд тараах ажил явуулж байгаа нь бодлогодоо хэр нийцэж байгаа юм бол. Нөгөө “логик нь хаана байна аа...” гэдэг шиг. Багш нарын нөхөн олговрыг болиулсан хэрнээ эргүүлээд өгөхөөр боллоо. МАН засгийн эрхэнд байхдаа сэдсэн ажил. Сая өөрсдөө хамгаалах гэж оролдож байсан. Гэтэл одоо АН өгөхөөр боллоо гэж олон түмэнд ойлгуулж эхэллээ. Дахиа л АН өөртөө “очкоов” болгочихлоо. Яг чухамдаа нийслэлийг шинэ удирдлага мөрийн хөтөлбөргүй, өмнөх санаачлагуудаар л өдөр хоног аргацааж байгаа нь үнэн шүү дээ.

-Болж л байна ш дээ. Нөгөө хүүхдийн ярианд гардаг “олсон хүний олз, хаясан хүний хаяз” гэдэг шиг...

-АН-ын засагт дэмжих зүйл байна. Гэхдээ түүнээсээ ч болчимгүй алдаа нэг бус хийгээд эхэллээ. Жишээ нь төрийн мэргэшсэн албыг шинэчлэл нэрийн дор ёстой нэг бужигнуулж байна цаана чинь. Төрд тангараг өргөсөн, төрийн албаны туршлагатай албан хаагчдыг баруун солгойгүй халж сольж байна. Оронд нь олон жил намд үнэнч байсан гэдэг шалгуураар бичиг үсгийн боловсрол тааруу, нэг удаа тайлан илтгэл бэлдэж үзээгүй дурын хүмүүсийг залж байна.

Ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр. Тэрийгээ “олон жил гудамжинд явсан юм чинь яадаг юм” гэж цайруулж байх шиг. Ингэж болохгүй ээ. Энэ чинь монгол төрийн ажил шүү дээ. “Шинэчлэгдсэн” гэх төрийн албанд өмнөөс нь ичиж үхмээр онигоотой зүйл нэг биш сонсогдож болж. Цагтаа дорд үзээд байдаг коммунистууд ч ингэж намд үнэнч байх шалгуурыг төрийн албаны бэлтгэл, туршлага, ур чадвараас дээгүүрт тавьж байгаагүй. Тэдэнд ичих булчирхай байсан юм.  

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн явуулж байгаа арга хэмжээ олон нийтийн талархлыг нилээн хүлээж байна?

-Нийслэлийн засаг даргын үйл ажиллагаа үнэхээр иргэдийн анхаарлыг нилээн татаж байгаа. МАН-ын эрх барьж байх үед төлөвлөж байсан ч хийх зориг хүрээгүй санаачлагуудыг шууд ажил хэрэг болголоо. Түгжрэл бөглөрлийг шийдвэрлэх, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх, насанд хүрээгүйчүүдэд архи тамхи зарахгүй байх зэрэг цаасан дээр байдагч бодит байдалд хэрэгждэггүй, олон жил яригддаг сэдвүүдийг шууд барьж авч чадлаа. Гол нь энэ нь бодлого гэхээсээ Бат-Үүл гэдэг хүний асуудалд ханддаг хандлага, үзэл бодлоос голчлон шалтгаалж байгаа болов уу. АН ч нийслэлийн удирдлагад хүнээ олж тавьсны гавъяа. 

-Дээрх ажлуудыг МАН-ын засгийн эрхэнд байхдаа яагаад хэрэгжүүлж чадаагүй гэж та бодож байна вэ? Бүрэн бололцоотой нь байсан шүү дээ?

МАН бодлого боловсруулж чаддаг ч шийдвэр гаргах болгохоор тийм нэг “шийрэгнүүр” зантай юм шиг байгаа юм. Мэдээж дээрх ажлуудыг тухайн үед хийсэн бол ардчилал хүний эрх гэж сөрөг хүчнээсээ дайралт авна гэсэн болгоомжсон байх. Улс төрийн соёлтой зан гаргасан гэх юм даа. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөө сөрөг хүчний дайралтыг үл хэрэгсэн хэрэгжүүлж болох байсан, иргэдийн дэмжлэг бэлээхэн байсан нь одоо тодорхой харагдаж байна.

-Гэхдээ л олон түмэнд МАН-аас илүүтэй АН-ын нэр хүнд өндөр байгааг судалгаагаар нотлогдож байгааг юу гэж ойлгох уу? Орон нутгийн сонгуульд АН ялахаар прогноз гараад байна.

-Улаанбаатарт бол тийм байдал ажиглагдаж байгаа. Нөгөө талаасаа Бат-Үүл баатрын ажил үйлс, чармайж босгосон рейтинг дор завхруулагчид олноор шигдэж байна. Жишээ нь Баянгол, Чингэлтэй дүүрэгт ураг төрлөөрөө орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа нь хэн бүхэнд ил байна. Хүү, охин, эхнэр, ах дүү, төрөл садан туслах гээд бүгд нэр дэвшчихсэн. Нэртэйгээр нь Баянголыг “Эрдэнэ вангийн дүүрэг” гээд нэрлэчихмээр юм. Нөгөө алтан ураг гэдэг шиг “эрдэнэ ураг” юм уу хаашаа юм.

Төр засгийн бүхий л байгууллагад энэхүү үзэгдэл түгээмэл болж. Шүүмжлээд хорьж цагдаад, дарангуйлагч байсан гэж цоллоод байгаа Н.Энхбаяр хүртэл төрөл саднаа ингэж хэмжээ хязгааргүй дэвшүүлж байгаагүй л юм даа. Монголчууд 20 жил ардчиллыг бүтээхдээ ураг төрлийн улс төрийн тогтолцоотой болох гэж зүтгэсэн юм уу. Нөгөө яриад байсан нийтийн албаны хууль, ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэнэ гээд яриад байсан чинь хаачив аа АН-ын гишүүд сайд нараа гэж асуумаар байна. 

-Энэ яриад байгаа асуудлууд чинь МАН-ын хувьд шүүмжлэлийн сайхан “бай” юм байна даа. 

-МАН-д тэр байтугай жижиг сажиг олон асуудалдаа түүртээд байна. Хийснээ хамгаалж, өөрийнх нь “патент”-тай санаа оноо гэдгээ PR-даж сураагүй байна. Сөрж сураагүй байна. Асуудлыг газар авахуулж, олон нийтийн анхаарлыг татаж чадахгүй байна. Ерөөсөө сөрөг хүчин болох талаар тун хойрго ажиллаж байх шив. Олонхийн болчимгүй алхмуудыг болиулах тал дээр тун хойрго хөдөлж байна. АН бодлого боддог ч хэл ам нь ажилладаггүй сөрөг хүчинтэйгийн давуу талыг айхтар ашиглаж байна. Уул нь ийм ажлуудаас ичиж нэрэлхэх шаардлага огт байхгүй. Ардчилалд байх ёстой үзэгдэл. 

-МАН-д шинэчлэл хийгдэх шаардлагатай байна гэсэн үг үү?

-Жирийн гишүүдийн дунд МАН-ыг хүнээ олж томилж чадахгүй байна гэж шүүмжилж байна. Сөрөг хүчний дүрээ бүрэн дүүрэн ашиглаж, илэрхийлж чадахгүй байна. Боловсон хүчний томилгоо, дэмжигч олон түмэнтэй харилцах арга барил, санхүүжилтийн ил тод байдал, мэдээллийн технологийн ашиглалт зэрэг намд шинэчлэл хийх шаардлагатай олон асуудал, сэдэв энэ намд байна. Эхнээсээ явж байна. Гэхдээ цаг үетэйгээ нийцэхгүй зүйл олон байна.

    Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Х.Төрөө



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (202.179.20.240)

    2012-12-06

    medremj analiz hiisen chadvaryg ni unellee ulam iluug bicheerei

  • zochin83 (74.52.154.146)

    2012-11-13

    Soyljoogui ulaanbaatarchuud ch geh shig Bat-Uul dargaa tanid ard tumnee doromjloh erh hen ogsii. Ter ger horoollinhniig G horoolol geed bgaa chin doromj ug shuu eniig chin medehgui gj bodoo yu bat-uuliin us buuraltaal biz hogshirool biz ard tumen eron terniig yatsiin tsagiin erheer l tegee bizde10

  • irgen (202.21.115.170)

    2012-11-13

    goloor ni heljee.iim humuusiin ugiig sonsoh l heregtei bna daa

  • иргэн (202.179.24.104)

    2012-11-13

    Ингэж дуугардаг хүн ховор болсон байгаа үед ёстой ховор бараа байна.Иймэрхүү ярилцлага олон гарч байгаасай.Амжилт хүсье.

  • зочин (202.179.24.104)

    2012-11-13

    аятайхан ярилцлага байна.Голын олоод үнэн үг хэлсэн байна.МАН-нхан энэ улс төр судлаач шиг байгаасай.АН-д байнга л нам даруулдаг.МАН болон АН 2-г яг үнэнээр нь хэлсэн байна да Үнэн үгтэй залуу байна,Цаашаа энэ байдлаараа байвал явна шүү.Туйлширч болохгүй шүү.Монголд 1 ч ийм залуу байна гэдэг сайн зүйл Ёстой шударга хүн гэвэл чи байна.

  • (202.126.91.178)

    2012-11-13

    unen bichjee,gehdee MAHn ene aldaagaa ehnees ni zasch ehelj bgaaldaa