Хойд Солонгос пуужин хөөргөлөө

    Хойд Солонгосын эрх баригчид олон улсын шаардлагыг үл тоон пуужин хөөргөлөө.
    Хойд Солонгосын эрх баригчид олон улсын шаардлагыг үл тоон пуужин хөөргөлөө. Тус улс энэ сарын 10-22-ны дотор пуужин хөөргөнө гэж мэдэгдэж байсан ч олон улсын хүчтэй эсэргүүцлийн дараа энэ сарын 29 хүртэл хойшлуулснаа мэдэгдэж байсан юм. Үүнийгээ Пхеньяний эрх баригчид техникийн асуудал, цаг агаарын байдалтай холбон тайлбарлаж байв. Гэсэн ч албаны мэдээллээр анхаарлыг нь сарниулах зуур пуужингаа хөөргөлөө. Үүнд олон улс ихээхэн дургүйцэж тус улсын эсрэг "эрс шийдэмгий арга хэмжээ" авахаар хэлэлцэж эхэллээ. Тус улс өчигдөр өглөөний 09.49 цагт (гринвичийн цагаар 00.49 цаг) пуужингаа хөөргөжээ. Пхеньяний эрх баригчид хиймэл дагуул тээсэн пуужингаа баруун эргийн "Сохэ" сансрын станцаас хөөргөсөн бөгөөд пуужингаас гурван хаягдал унасан байна.
   Японы албаныхны мэдээлснээр эхнийх нь Солонгосын хойгоос баруун зүгт 200 км-ийн зайд, хоёр дахь нь Солонгосын хойгоос баруун өмнө зүгт 250-300 км-ийн зайд Зүүн Хятад тэнгис буюу Шар тэнгист унажээ. Харин гурав дахь нь Филипиний зүүн эргээс 300 км-ийн зайд Номхон далайд унасан байна. Өөрөөр хэлбэл пуужин амжилттай задарч хиймэл дагуул задгай сансарт гарчээ. Тус улс үүнээс өмнө буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард уг пуужингийн өмнөх загварыг хөөргөсөн ч задарч чадалгүй агаарт дэлбэрч Зүүн Хятадын тэнгист унаж байсан юм. Хойд Солонгосын хиймэл дагуул задгай сансарт гарсны дараа АНУ нэгэн нууцлаг жижиг хиймэл дагуул хөөргөснийг Оросын хэвлэлүүдэд бичжээ.
   Зарим хэвлэлийн таамагласнаар уг жижиг хиймэл дагуул тагнуулын зориулалттай, бүр устгагч пуужин тээсэн ч байж магадгүй гэнэ. Үүнээс өмнө АНУ-ын Хойд Солонгосын хиймэл дагуул задгай сансарт гарсныг баталсан юм. АНУ, Япон, Өмнөд Солонгос Улс Хойд Солонгосыг пуужин хөөргөхийг хүчтэй эсэргүүцэж, алсын тусгалтай пуужин бүтээхийг санаархаж байна хэмээн зэмлэж байв. Хойд Солонгосыг пуужин хөөргөсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мун "Хойд Солонгос НҮБ-ын хууль тогтомжийг илэрхий зөрчлөө" хэмээсэн бол АНУ "Хойд Солонгос бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн үйлдэл хийлээ.
    Тус улсын хэт өдөөн хатгасан энэ үйлдлийг таслан зогсоох ёстой" гэжээ. Түүнчлэн Япон Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг уриалсан юм. Өмнөд Солонгосын албаныхан Хойд Солонгосыг энэ сарын 19 буюу Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр пуужин хөөргөж, өдөөн хатгаж магадгүй хэмээн таамаглаж байсан ч тус улс 12.12.12 (2012 оны арванхоёрдугаар сарын 12) гэсэн онцгой өдөр пуужингаа хөөргөлөө. Японы Засгийн газар Хойд Солонгосын пуужинг агаарт юм уу пуужингаас унасан хаягдал тус улсын агаарын орон зайд нэвтэрвэл харван унагана гэж мэдэгдэн, онц байдал зарлан, өмнөд зүгийн Окинава аралд алсын зайн тусгалтай "Эх оронч" хэмээх пуужин амдан устгагч пуужингийн систем байрлуулсан ч Хойд Солонгосын пуужинг харвасангүй.
    Хойд Солонгосын пуужин Окинава арлын дээгүүр өнгөрсөн бөгөөд албаныхан устгахаа харзнасан гэнэ. Юутай ч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак Хойд Солонгосыг пуужин хөөргөсний дараа өөрийн зөвлөхүүдээ дуудан яаралтай хуралдсан байна. Тэгвэл Хойд Солонгосын хамгийн ойрын холбоотон Хятад Улс энэ явдалд одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. АНУын Тагнуулын албаныхны үзэж буйгаар Хойд Солонгос алсын зайн тусгалтай пуужин хөөргөж, задгай сансарт хиймэл дагуул гаргаж чадсанаар АНУ-ын эх газрын баруун эрэгт хүрэх боломжтой тив алгасагч пуужингийн технологитой болж байгаа аж. Вашингтон болон түүний холбоотнуудын хэлснээр дэлхийн тойрог зам уруу пуужин хөөргөх технологи нь тив алгасагч пуужингийн технологитой ижил аж. Тиймээс Хойд Солонгос цэргийн хүчээ улам зузаатгах боломжтой боллоо.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)