Дэлхийн онцлох 10 үйл явдал

    www.UNEN.mn сайтын Гадаад мэдээний алба энэ онд дэлхий дахинд болсон үйл явдлуудаас 10 үйл явдлыг онцолж байна. Ингээд 2012 оны онцлох 10 үйл явдалтай танилцана уу.
    www.UNEN.mn сайтын энэ онд дэлхий дахинд болсон үйл явдлуудаас 10 үйл явдлыг онцолж байна. Ингээд 2012 оны онцлох 10 үйл явдалтай танилцана уу.

ӨМНӨД СОЛОНГОСЫН  АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ

Өмнөд Солонгос Улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон билээ. Тус улсын шинэ Ерөнхийлөгч Пак Гын-Хэ ирэх оны хоёрдугаар сарын 25-нд төрийн тэргүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авна. Тэрбээр БНСУ-ын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр нэг удаа, таван жилийн хугацаатай ажиллана.

Пак Гын- Хэ өдгөө 60 настай ч нэг ч удаа гэрлээгүй, хүүхэдгүй ажээ. Тэрбээр Өмнөд Солонгосыг 1961-1979 онд удирдсан Ерөнхийлөгч, дарангуйлагч, генерал Пак Жон Хюин том охин юм. 1952 онд төрсөн Пак Гын-Хэ багаасаа улстөртэй ойр өссөн бөгөөд их сургуулиа сонгуулийн технологийн бакалаврын зэрэгтэй төгсчээ.

Үүний дараа тэрбээр Франц уруу сургуульд явсан ч ээжийгээ нас барсны дараа буцаж ирсэн байна. 1974 онд түүний ээж эцгийг нь хөнөөхийг завдсан Хойд Солонгосын тагнуулуудын халдлагад өртөж амь үрэгджээ. Үүний дараа 22 настай Пак Гын-Хэ улстөрд орж ээжийгээ орлохын сацуу Өмнөд Солонгосын тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байв.

Гэсэн ч таван жилийн дараа буюу 1979 онд түүний эцэг, Ерөнхийлөгч Пак Жон Хюи өөрийн аюулгүй албаны дарга, Тагнуулын ерөнхий газрын даргадаа буудуулан амь үрэгджээ. Үүнээс өмнө Пак Жон Хюи Хойд Солонгосын нууц ажилтнуудын халдлагад хоёр удаа өртөж байсан ч амьд гарч чадсан байна. Гэсэн ч түүний охин Пак Гын-Хэ Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Хойд Солонгостой харилцаагаа сайжруулна гэж мэдэгдсэн юм.

ХОЙД СОЛОНГОС ПУУЖИН ХӨӨРГӨВ

Хойд Солонгос Улс түүхэндээ анх удаа сансарт хиймэл дагуул байрлуулав. Тус улс 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд дээрх хиймэл дагуулыг тээсэн пуужин хөөргөсөн юм. Үүнээс өмнө тус улс гурван удаа пуужин хөөргөж байсан ч бүгд амжилт олоогүй.

Пхеньяний залуу удирдагч Ким Жон Уны эцэг Ким Жон Илийн туйлын хүсэл пуужин хөөргөх байжээ. Гэсэн ч түүний амьддаа биелүүлж чадаагүй хүслийг гурав дахь хүү Ким Жон Ун нь биелүүллээ. Ким Жон Ун өнгөрөгч оны арванхоёрдугаар сард эцэг Ким Жон Илийг таалал төгссөний дараа Пхеньяний удирдлагыг гартаа авсан бөгөөд дөрөвдүгээр сард пуужин хөөргөж байв. Гэсэн ч энэ оролдлого нь амжилтад хүрээгүй.

Мөн олон улсын шаардлагыг үл тоон хоёр дахь удаагаа пуужин хөөргөсөн. АНУ-ын мэдээлснээр, Хойд Солонгос пуужин амжилттай хөөргөснөөр тив алгасч цохилт өгөх чадвартай пуужингийн технологитой болсон гэсэн үг аж. Түүнчлэн энэ нь тус улсын цэргийн чадамжид хамгийн том шинэчлэл болсон юм.

ХЯТАДЫН УДИРДАГЧИД СОЛИГДЛОО

Нэг намын тогтолцоотой Хятадад өнгөрөгч сарын 8-14-нд Коммунист намын XVIII их хурал болж эрх баригчид солигдсон юм. Тус улсын Ерөнхийлөгч Ху Жинь Тао, Ерөнхий сайд Вэнь Зя Бао тэргүүтэй удирдах албан тушаалтнууд огцорч, бүх эрх дэд Ерөнхийлөгч Си Зинь Пинд шилжсэн.

Үүнээс өмнө Вэнь Зя Бао удирдлага сонгодог энэ системийг халахыг хүссэн бол Си Зинь Пинтэй удирдах эрхийн төлөө хүчтэй өрсөлдөх боломжтой гэгдэж байсан Бо Си Лай эхнэрийнхээ үйлдсэн хүн амины хэрэгтэй холбоотойгоор улстөрийн карьертаа цэг тавьсан. Юутай ч Си Зинь Пин ирэх оны гуравдугаар сараас эхлэн БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллана.

ВЛАДИМИР ПУТИН КРЕМЛЬД ЭРГЭН ИРЭВ

ОХУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч гуравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Кремльд дахин суух эрхтэй болсон юм. ОХУ-ын хамгийн нөлөө бүхий улстөрч, эрх баригч Нэгдсэн Орос намын дарга В.Путин Кремлийн тэргүүнээр найман жил ажилласныхаа дараа Ерөнхийлөгчид хуульч Дмитрий Медведевийг нэр дэвшүүлж, сонгогдоход нь чухал нөлөө үзүүлсэн.

Харин Д.Медведев Үндсэн хуульд Ерөнхийлөгч тус бүр дөрвөн жилийн хугацаатай хоёр удаа сонгогддог байсныг тус бүрт нь нэмж дөрвөн жилийн хугацааг зургаа болгон сунгаж нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэснээр В.Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох эрхээ халаасласан бөгөөд гуравдугаар сарын сонгуульд ялалт байгуулж 2018 он хүртэл ажиллахаар болсон.

Үүнийг барууны хэвлэлүүд “В.Путин Ерөнхийлөгчийн албан тушаалаа Д.Медведев дөрвөн жил хадгалуулаад авлаа” хэмээн бичиж байв. Нөгөөтэйгүүр В.Путиныг Ерөнхийлөгчийн албан тушаалыг өмчлөх нь хэмээн сөрөг хүчнийхэн хүчтэй эсэргүүцсэн. Гэсэн ч В.Путин Кремльд эргэн ирж хүчтэй удирдагч гэдгээ дэлхий дахинд нотолсоор байна.

БАРАК ОБАМА УЛИРАН СОНГОГДЛОО

АНУ-ын анхны Африк гаралтай Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч сарын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж бүрэн эрхийн хугацаагаа дөрвөн жилээр сунгасан. Түүнийг улиран сонгогдоход АНУ- ын хүн амын дийлэнх өнгөт арьстнууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Санал асуулгаар өнгөт арьстнуудын 98 хувь нь Б.Обамад саналаа өгсөн бол эсрэгээрээ цагаан арьстнуудын 60 хувь нь Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромнид өгчээ. Энэ нь Б.Обамаг 2016 онд албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа өнгөт арьст нэр дэвшигч Цагаан ордны төлөөх сонгуульд ялалт байгуулах магадлалтай гэсэн үг юм.

Ямартай ч Цагаан ордны анхны өнгөт арьст тэргүүн энэ дөрвөн жилийн хугацаагаа Ази- Номхон далайн орнуудад хандуулна гэж мэдэгдсэн. Тэрбээр өнгөрөгч дөрвөн жилийн хугацаагаа Ойрхи- Дорнодод хандуулсан билээ. Дашрамд дурдахад, барууны холбоотнуудын тэргүүн Б.Обамаг “Тайм” сэтгүүл “Оны онцлох хүн”-ээрээ сонгосон юм.

НИЛ АРМСТРОНГ ТААЛАЛ ТӨГСӨВ

АНУ-ын сансрын нисэгч Нил Армстронг өнгөрөгч наймдугаар сарын 25-нд 82 насандаа таалал төгсөв. Тэрбээр хүн төрөлхтний түүхэн дэх саран дээр хөл тавьсан анхны хүн бөгөөд үүрд ингэж тэмдэглүүлэх гавьяатай. Учир нь тэрбээр багийн анд Базз Олдрины хамт сарны гадаргуу дээр буухдаа эр зориг гарган түрүүлж гишгэсэн.

Түүнээс хойш саран дээр олон хүн хөл тавьсан юм. Н.Армстронг 1930 оны наймдугаар сарын 5-нд төрсөн бөгөөд 1966 онд анх удаа “Охины орд-8” хэмээх сансрын хөлгөөр задгай сансар уруу нисчээ. Сансрын нисэгч, туршин нисэгч, их сургуулийн профессор Н.Армстронг “Охины орд-8” хөлгөөр задгай сансарт гарсныхаа дараа анх удаа сансрын хоёр хөлгийг залгасан байна.

Гэхдээ түүний энэ үйл ажиллагаанд сансрын нисэгч Дэвид Скотт тусалсан юм. Н.Армстронг сансрын нисэгч болохоосоо өмнө тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан бөгөөд 1950- 1953 онд болсон хоёр Солонгосын дайнд оролцжээ. Харин Н.Армстронг задгай сансар уруу хийсэн хоёр дахь аяллаараа саран дээр буусан юм.

Тухайн үед АНУ асар их хөрөнгө зарцуулж сарыг судлах “Аполло” хөтөлбөр хэрэгжүүлж байсан бөгөөд Н.Армстронг “Аполло-11” хөлгөөр саран дээр буусан юм. Цагаан ордны албаныхан 1961 онд эхэлсэн “Аполло” хөтөлбөрийг 1972 онд зогсоосон.

Харин Н.Армстронг Б.Олдрины хамт 1969 оны долдугаар сарын 20- нд саран дээр хөл тавьсан. Харин багийн гурав дахь гишүүн Майкл Коллинс сансрын хөлөгтөө үлджээ. Н.Армстронг, Б.Олдрин нар саран дээр хоёр цаг 30 минут саатсан бөгөөд албаныхан аяллын тэмдэглэлийг нууцалжээ. Үүнээс гадна ОХУ тухайн үед сарыг судлах “Луна” хөтөлбөр хэрэгжүүлж байсан бөгөөд АНУ-ын адил үйл ажиллагааны тэмдэглэлийг нууцалжээ.

Үүнээс болоод ч тэр үү сар одоог хүртэл нууцлаг хэвээр. Гэхдээ сар тэнхлэгээ эргэдэггүй учраас дэлхий рүү зөвхөн нэг талаараа хардаг. Нөгөө талд нь тас харанхуй, хүйтэн байдаг агаад гүн хоолой бүхий галт уулын тогоонуудтай гэдэг нь тодорхой болоод байна. Дашрамд дурдахад, хүн төрөлхтөн сарнаас өөр сансрын гариг дээр хөл тавьж үзээгүй. Гэхдээ тун удахгүй ангараг дээр хөл тавина.

ЕВРОПЫН ХЯМРАЛ

Европын цөөнгүй орныг хамарсан өрийн хямралд Грек, Испани, Итали хамгийн их нэрвэгдсэн. Евро бүсийн өрийн хямрал энэ он гарсаар яригдаж эхэлсэн ч 2007-2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үлдэгдэл гэж зарим ажиглагч үзэж байна.

Өрийн хямралд Европын холбооны гишүүн орнууд түлхүү өртсөн бөгөөд тэдний эдийн засгийн байдал хүндэрч, Засгийн газар бүсээ чангалах бодлого хэрэгжүүлсний улмаас жагсаал цуглаан тасрахаа болиод буй. Түүнчлэн төсөв танаснаар ард иргэдийн цалин хангамж буурч, ажилгүйдэл нэмэгджээ.

Нөгөөтэйгүүр Европыг хамарч буй энэ хямралд Грек буруутай аж. Грек Европын холбооны хамгийн буурай хөгжилтэй орон. Гэсэн ч үүнийгээ үл анзааран бусад гишүүн орны адил үрэлгэн ханджээ. Тиймээс Грекээс үүссэн өрийн хямрал Европыг багагүй хэсгийг хамраад байна.

Европын холбоо 2002 оноос гишүүн орнуудынхаа мөнгөн тэмдэгтийг евро болгож, бие биеийнхээ дотоод хэрэгт оролцож, өмнөөс нь хариуцлага хүлээдэг болсон. Ерөнхийдөө нэг цул болсон юм. Харин энэ цулын эдийн засгийн чадамж хамгийн сул Грект өрийн хямрал үүсч, бусад оронд нөлөөлжээ.

ФЕЛИКС БАУМГАРТНЕР ДУУНААС ХУРДАН ЧӨЛӨӨТ УНАЛТ ХИЙВ

Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер Нил Армстронгийн адил хүн төрөлхтний түүхэнд сансарт анхдагч болсон юм. 43 настай тэрбээр газрын гадаргаас 39 км-ийн өндрөөс чөлөөт уналт хийж дээд амжилт тогтоосон. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Ф.Баумгартнер 1342 км/цагийн хурдтай аялжээ.

Тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 14-нд энэ дээд амжилтаа тогтоож, “Гиннес”- ийн номд бичигдсэн бөгөөд энэ хүртэлх хугацаанд өндөр уул, хад, барилга, цамхгаас үсэрч байжээ. Түүний адил олон хүн ийм үйлдэл хийдэг ч Ф.Баумгартнер шиг дэлхийн тойрог замаас гадаргуу уруу үсэрсэн эр зоригтон гараагүй.

Ф.Баумгартнерийн чөлөөт уналт хийж буй бичлэг тэр даруй “Youtube” видео цахим хуудаст тавигдсан бөгөөд найман сая гаруй хүн үзээд байна. Сонирхуулахад, Ф.Баумгартнер үл мэдэгдэх нисдэг биет үзэгддэгээрээ алдаршсан АНУ-ын Нью- Мехико мужийн Росвелл хотын тэнгэрээс үсэрчээ.

Үүний дараа түүнийг “Аймшиггүй Феликс” гэж хочлох болсон байна. Аймшиггүй Феликсийг дэлхийн олон орны иргэд захиалан уншдаг “Top Gear” хэмээх автомашин сонирхогчдын хамгийн том сэтгүүл “2012 оны онцлох хүн”-ээрээ сонгожээ.

ӨМНӨД СОЛОНГОСЫН ДУУЧИН  ПИЭСВАЙ /PSY/ “ГАННАМ ХЭВ МАЯГ”

Өмнөд Солонгосын дуучин ПиЭсВай / PSY/ буюу Пак Чэ Сан “Ганнам хэв маяг” дуугаараа нэр алдраа дуурсгаж байна. Тэрбээр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дахь Хан мөрний цаана орших баячуудын хороолол Ганнамын зарим иргэний амьдралыг морь унаж, бугуйлдаж буй бүжиг бүхий “Ганнам хэв маяг” дуугаараа дүрслэн шүүмжилжээ.

Өдгөө 34 настай дуучин залууд энэ дуу нь зүүдлээ ч үгүй амжилт авчирч, асар баян болгосон юм. Хэдий тэр Ганнам хорооллынхныг шүүмжилсэн ч уг хороололд төрж өсчээ. Түүний эцэг Пак Вон Хо компьютерийн тоног төхөөрөмж, хагас дамжуулагч үйлдвэрлэгч “D I Corp” компанийн захирал бөгөөд хяналтын багцыг нь эзэмшдэг.

ПиЭсВай Өмнөд Солонгос төдийгүй дэлхий нийтийн од болж түүний бүжгийг Холливудын оддоос гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мун зэрэг найман настай балчраас 80 настай буурал хүртэл бүжиглэж байна. Түүнчлэн түүний аав Пак Вон Хо хоёр дахин баяжжээ.

Учир нь дуучин залуугийн шүтэн бишрэгчид эцгийнх нь компанийн бүтээгдэхүүнийг илүүд үзэх болжээ. Сонирхуулахад, “Ганнам хэв маяг” дуу дүрс бичлэгийн хамгийн том цахим хуудас “Youtube”-ийн бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй видеогоор шалгарсан бөгөөд давхардсан тоогоор нэг тэрбум хүн үзжээ.

БРИТАНИ БАЯРААР БЯЛХЖЭЭ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад энэ жил олон баярт үйл явдал тохиов. Зуны олимпийн наадам, хатан хаан II Элибазетийн хаан ширээ залгамжилсны 60, ханьтайгаа гэр бүл болсны 65 жилийн ой болсон юм. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс болон түүний холбоотон улс, харьяат газар нутгийн хатан хаан II Элизабет өдгөө 86 настай, түүний нөхөр Эдинбургийн гүн, хунтайж Филипп 91 настай.

Тэд 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд хуримласан бөгөөд өнгөрөгч сарын 20-нд гэр бүл болсны 65 жилийн ой буюу очир эрдэнийн ойгоо тэмдэглэжээ. Түүнчлэн үүнийг өөрөөр алмазан хурим гэдэг юм. Ерөнхийдөө дэлхийн орнуудад мөнгөн, алтан, алмазан хурим нийтлэг болж 60 буюу түүнээс дээш таван жилийн давтамжтай ойг алмаз гэдэг ч хуриманд 1-85 жилийн ой байдаг бөгөөд тус бүртээ өөр нэртэй, бэлэг нь ондоо гэж үздэг.

Жишээ нь, нэг жилийн ойг цаасан хурим гэдэг бол 85 жилийн ойг дарсан хурим гэдэг байна. Энэ жишгээр 65 жилийн ой нь хөх индранилан хурим аж. Тэгвэл өнгөрөгч зургадугаар сарын 2-нд түүний хаан ширээ залгамжилсны 60 жилийн ой тохиосон юм.

Гэхдээ хаан ширээ 1952 оны хоёрдугаар 6-нд II Элизабетад шилжсэн. Учир нь тухайн өдөр II Элизабетийн эцэг, хаан VI Жорж таалал төгсчээ. Харин 1953 оны зургадугаар сарын 2-нд II Элизабет хааны титэм зүүсэн байна.

Британид энэ оны зургаа, арваннэгдүгээр сард хатан хааны дээрх хоёр ой болсон бол долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд XXX зуны олимпийн наадам болсон. Уг наадмыг зохион байгуулахад тус улсын эрх баригчид 14.5 тэрбум ам.доллар зарцуулж, нийтдээ дэлхийн 10 мянга гаруй тамирчин оролцжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)