2012 оны “Улс төрийн тойм” онцлох үйл явдал

ТӨРИЙН ЭРХИЙГ АТГАСАН ЭМЭГТЭЙЧҮҮД

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөг­чөөр ганц бие эмэгтэй сонгогдов. Тэр бол эх орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргасан ч тухайн үедээ дарангуйлагч хэмээн нэрлэгдэж байсан Пак Чун Хе Ерөнхийлөгчийн охин Пак Кын Хе юм. Хойд хөрштэйгээ харилцаагаа сайжруулж, хямралын үед эх орныхоо эдийн засгийг хатуу гарт зангидна гэдгээ амлаж буй түүнийг өмнөд солонгосчууд сонгосон явдал нь барууныхныг нэлээд гайхшуулсан юм.

Энэ онд Мьянмарын эрх чөлөөний төлөө тэмцэгч Аунг Сан Су Кийг гэрийн хорионоос чөлөөлсөн. Түүний дараа тэрбээр парламентын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан юм. Ийнхүү Аунг Сан Су Кий цэргийн дарангуйлал ноёрхсон Мьянмар улсад ардчиллын уур амьсгалыг оруулж чаджээ. Түүнээс хойш тэрбээр АНУ, Европын орнуудад айлчилж, эх орныхоо талаар дэлхий дахинд сурталчлах болж. Нөгөөдүүл нь бас түүнийг их л уриалгахан хүлээж аваж байлаа. Эдгээрээс гадна Тайланд, Энэтхэгийн төр засгийн тэргүүн нар нь эмэгтэйчүүд байдаг билээ. Ийнхүү Азид эмэгтэй улстөрчдийн байр суурь, нөлөө нэмэгдсээр байна.

 

В.ПУТИН ЭРГЭН ИРЖ, Б.ОБАМА ДАХИАД ДӨРВӨН ЖИЛ АЖИЛЛАХААР БОЛОВ

 

Өнгөрсөн онд дэлхийн томоохон гүрнүүдэд сонгууль болсон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялалт байгуулсан юм. Тэгээд өөртөө зориулж баталсан хуулийнхаа ачаар тэрбээр Оросын төрийн тэргүүнээр зургаан жил ажиллахаар болов. Гэхдээ энэ удаагийн сонгууль түүнийг дэмжигчдийн тоо эрс буурсан гэдгийг харууллаа.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Обама ялалт байгуулж, улсаа дахиад дөрвөн жил удирдахаар болов. Түүний сонгуулийн сурталчилгааны талаар эмэгтэйчүүд, цагаачид, өнгөт арьстанууд руу чиглэж байсан нь үр дүнгээ өгсөн гэж шинжээчид дүгнэдэг. Түүнээс гадна сонгуулийн өмнөхөн тэлээд байсан төсвөө чангалж, америкчуудыг хямралын үеийг хамтдаа туулахыг уриалсан юм.

Японы парламентын сонгуулиар Ерөнхий сайд асан Шинзо Абэг дахин Ерөнхий сайд болж Либераль ардчилсан нам олонхи болжээ. Ингэснээр Шинзо Абэгийн хувьд маргаантай арлуудыг Японы талд нааштайгаар шийдэж, валютын ханшаа сулруулахын тулд их хэмжээний иен хэвлэн төв банкны бодлогоо шинэчлэнэ хэмээн амласан юм.

 

ХЯТАДЫН УЛС ТӨР ДЭХ ШИНЭ УУР АМЬСГАЛ

 

Хятадын улс төр энэ онд онцлох үйл явдал их болов. Коммунист намын удирдлагууд 10 жилд нэг удаа шинэчлэгддэг. Тэр ёсоор энэ онд тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр Ши Жинпин томилогдох нь тодорхой болж, намын хурлаараа баталсан билээ. Хятадын Ерөнхий сайд асан Зянь Земиний тэргүүлдэг Шанхайн бүлэглэлийн төлөөлөл болох Ши Жинпин Хятадын улс төрд нэлээд барууны хэв маяг бүхий уур амьсгал оруулж ирж байна. Түүний эхнэр нь алдартай дуучин, хүүхэд нь Харвардад сурдаг гээд бодохоор л ... Ши Жинпин Ерөнхийлөгч болохтой зэрэгцээд Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэчлэгдэж байгаа билээ. Түүнээс гадна Английн бизнесмэн эрийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Хятадын хамгийн нөлөө бүхий улстөрч Бо Силай болон түүний эхнэр Гу Кайлай нар дэлхий дахиныг шуугиулав. Шүүхээс Гу Кайлайд цаазаар авах ял оноосон юм. Хятад, Их Британийн дипломат харилцааг хөндсөн энэ хэргээс болж Бо Силай эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгөнөөсөө хагацсан гэхэд болно. Гэхдээ хожим нь энэ бүхэн түүний нөлөөллийг сулруулахын тулд Зянь Земиний явуулсан бодлогын үр дүн гэх таамаг ч гарсан юм. 2012 он зөвхөн Бо Силайд халгаатай байсангүй. Авлигатай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн Ши Жинпин Сичуань мужийн Коммунист намын дарга Ли Чанченийг хээл хахуулийн хэрэгт татсан юм. Мөн “New York Times” сонинд Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн хэмжээ хязгааргүй их эд хөрөнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарсан юм. Энэ бүхэн нь авлигын асуудлыг дахин сөхсөн билээ.

 

ХЯТАД, ЯПОНЫ АРЛЫН МАРГААН

 

Харьяаллын хувьд маргаантай байдаг Хятадын Зүүн тэнгис дэх арлыг Японы эрх баригчид худалдан авах санал тавих үеэс хоёр орны харилцаа хурцдаж эхэлжээ. Японы эрх баригчдыг эсэргүүцсэн хятадууд томоохон хөдөлгөөн өрнүүлж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тэд Хятадад амьдарч буй япончуудад халдаж, “Тоёота”, “Панасоник”-ын үйлдвэрүүд рүү дайрч байв. Япончуудыг эсэргүүцсэн энэ хөдөлгөөн Хятадад хүчээ авч, Шанхайд болсон үймээнд 1500 хүн, Гуанжуд 10 мянган хүн оролцсон бол Чендуд 2000 хүн жагсаж, бусад 72 хотод өргөжин тэлсэн. Жагсагчдын хувьд нэлээд түрэмгий авир гаргаж байсан бөгөөд япон гэх хаяг, шошготой бүгдийг сүйтгэж байв. Үүнээс болж “Тоёота”-гийн үйлдвэрлэсэн машинуудын борлуулалт нь хүртэл буурсан билээ. Хятадуудын энэхүү эсэргүүцэлд тэрс үзэлтнүүд нь хүртэл талархан хандаж байсан гэдэг. Тухайн үед тэрс үзэлтэй зураач Ай Вэйвэй “Хятадууд Японы Засгийн газарт талархах ёстой. Зөвхөн иргэд өөрсдөө зохион байгуулж буй ийм жагсаал манай улсад анх удаа болж байна” гэсэн юм. Харин япончууд энэ бүгдийг Хятадын Засгийн газар зохион байгуулсан хэмээн хардаж байв. Японы Ерөнхий сайд асан Ёшихико Надо парламентын сонгуульдаа ялагдал хүлээсэн нэг том шалтгаан нь арлын маргааныг хурцатгасан явдал байлаа. Маргаантай арлын асуудал одоо болтол шийдэгдээгүй байна.

 

ХҮН ТӨРӨЛХТӨН “GANGNAM STYLE”-ААР БҮЖИГЛЭЖ БАЙНА

 

“YouTube.com” сайтад нэг тэрбум хүн үзсэн цорын ганц бичлэг бол Өмнөд Солонгосын дуучин Psy-ийн “Gangnam style” дууны клип юм. Хөгжилтэй бүжгийн хөдөлгөөн, хөнгөхөн ая, бүгдийн аманд орсон “Oppa n Gangnam style” хэмээх үгээрээ дэлхий дахиныг шуугиулав. Холливудын оддоос эхлээд баруу­ны улстөрчид, тэр ч бүү хэл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Psy-ийг урьж түүнтэй хамт бүжиглэсэн юм. Урлаг талаасаа бол түүний дуу сонгодог бүтээлд тавигдах ямар ч шалгуурыг хангадаггүй гэж байгаа. Гэхдээ “Gangnam style” дуу ийнхүү олны хүртээл болох тохироо нь үнэхээр бүрдсэн байжээ. Юун түрүүнд Өмнөд Солонгосын “K-pop” урсгал хүчээ авсан нь нөлөөлсөн. Төр засаг нь урлагаа бодлогоор дэмжиж ажилласны нэг илрэл ч гэж  хэлж болно. Түүнчлэн гоо сайхныг төгс илэрхийлэхийг оролддог оддын хажууд “царай муутай” Psy “Twitter”, “Facebook”-ын хувьсгалыг жинхэнэ утгаар нь харуулсан юм. Хувьсгалын тохироо л гэж энийг хэлэх байх. 

 

ӨӨР ГАРИГ ДЭЭР АМЬДРАЛ БАЙГААГ НОТОЛЛОО

 

Америкийн сансар судлалын хүрээлэн НАСА-гийн “Сониуч” нэртэй хөлөг Ангараг гариг дээр амжилттай бууж, тэнд амьдрал байгаа эсэхийг судалсан юм. Үүний ачаар Ангараг гаригийн хөрсний бүтцийг шинжилж, галт уулын чулуулгаас дээж аван дэлхий дээр авчирч чадав. Улмаар тэнд амьдрал байгаа гэдгийг нотлох шинж тэмдгүүдийг олсон талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугицгаасан юм. НАСА-гийн эрдэмтэд өөрсдөө ч бас маш том нээлт хийсэн гэдгээ мэдэгдсэн билээ.  Шинжлэх ухааны салбарт гарсан өөр нэг онцлох үйл явдал бол Нобелийн шагнал хүртсэн Их Британы биологич Жон Гаардон, Японы эмч Яманака Шинья нар хүн төрөлхтний түүхэнд тодоор бичигдэх нээлт хийжээ. Хүний бие дэх үр хөврөлийн эс нь өөр бусад эс болон хувирах чадвартай байдаг.

 

ЛОНДОН ХОТОД ХОЁР ДАХЬ УДААГАА ОЛИМП БОЛЛОО

 

Хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны бэлэг тэмдэг болсон зуны олимпийн XXX дахь удаагийн их наадам Лондон хотноо ёслол төгөлдөр болсон. Олимпийн наадмын нээлтийн ажиллагааг нэрт найруулагч Дэнни Бойл найруулан тавьсан бөгөөд наадмын хамгийн гайхалтай зүйл нь олимпийн бамбар асаах мөч байсан юм. Энэ үед ашиглагдсан техник технологи нь маш энгийн хэрнээ гайхамшигтай  байлаа. Грекийн Олимп уулнаас 8000 гаруй хүний гар дамжин ирсэн галт бамбарыг ус, агаар, газраар дамжуулан Лондонгийн тэнгэрт 204 ширхэг гэрэлт цэцэг нэг цул болон асч, шинэ гайхамшгийг бүтээж чадсан нь онцлох үйл явдлын нэг байлаа. Нээлтийн үеэр урьд урьдын ахмад, нэр хүндтэй тамирчид галт бамбарыг бадамлуулдаг ёсыг халж, шинэ залуу тамирчдаар энэ ёслолыг гүйцэтгүүлсэн. Манай улсаас Лондон хотыг 29 тамирчин зорьсон юм.

 

“СЭНДИ” ХАР САЛХИ

 

АНУ-ын цаг уур судлалын үндэсний төвөөс “Сэнди” хар салхи болох талаар иргэдэд анхааруулж байсан. Өмнө нь 2005 онд “Катрина” хар салхинд багагүй хохирол амсаад байсан тэд энэ удаад илүү бэлтгэлтэй айсан нь тодорхой. Атлантын далайн болон Карибын тэнгисийн хэд хэдэн улсыг хамарсан “Сэнди” хар салхи АНУ-д 145 км.цагийн хурдтайгаар 4.2 метрийн өндөрт хүрч шуурсан бөгөөд их хэмжээний хохирол учруулсан юм. “Сэнди” хар салхинд Массачусеттс, Мэрилэнд, Коннектикут, Нью-Жерси, Баруун Виржини, Пеннсилвани, Виржини, Охайо, Теннеси, Кентаки, Хойд Каролина зэрэг муж өртсөн билээ. Шуурганы үеэр олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, үзвэр үйлчилгээ, бизнесийн байгууллага, цэцэрлэг сургууль, засаг захиргааны нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоон хөл хорио тогтоож, зам гүүрүүдийг хааж, галт тэрэг, метро, онгоцны хуваариудыг цуцалсан юм.

 

АНУ-Н АЙДАС

 

Өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын кино театрт нэгэн этгээд үзэгчид рүү гал нээснээс 12 хүн амиа алдаж, олон хүн шархадсан юм. Гэмт хэрэг Колорадо мужийн Авроро хотын кино театрт “Бэтмэн” киноны шинэ анги “The Dark Knight Rises”-ийн нээлтийн үеэр өөрийгөө “Жокер” гэж нэрлэсэн нэгэн эр хүмүүс рүү ийнхүү халдсан юм. Гэмт хэрэгтэн Денверийн их сургуулийн философийн ангийн оюутан байсан 24 настай Жеймс Холмс байсан нь мөрдлөгийн үеэр тогтоогджээ. Гэрчүүдийн мэдээлснээр гэмт этгээд хорт утааны баг зүүсэн байжээ. Хэрэг гарсан кино театрын ойролцоох таван барилгын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, кино театрын цогцолбор барилга руу хэнийг ч оруулалгүй Холбооны мөрдөх товчооны  ажилтнуудыг дуудсан аж. Хэргийн газраас AR-15, 12 калибрын  буу, 40 ширхэг калибрын гар бууны сум олдсон юм. Харин арванхоёрдугаар сард дахин иймэрхүү төрлийн гэмт хэрэг гарч дэлхий нийтийг цочоосон юм. Тус улсад 5-7 насны 20 хүүхдийг буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тодруулбал, Коннектикут мужийн Ньютаун хотод орон нутгийн цагаар 09.30 цагийн үед зэвсэглэсэн этгээд хотын бага сургууль болох “Сэнди Хүк” сургуульд халдлага үйлдэж, 27 хүний аминд хүрсэн. Тэдний 20 нь 5-7 насны балчир хүүхэд байсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгтнийг Райан Ланза гэдэг бөгөөд тэрбээр 24 настай байсан. Гэмт этгээд тус сургуульд ажилладаг ээжийгээ буудан хороохын зэрэгцээ хүүхдүүд рүү гал нээсэн байна. Энэ бүхний эцэст  өөрийгөө буудаж, амиа хорлосон юм. Дээрх гэмт хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама галт зэвсгийн тухай хуульд он гаргаад өөрчлөлт оруулахын тулд шийдэмгий алхам хийнэ гэдгээ мэдэгдсэн.

 

СИРИЙН ХЯМРАЛ ЭРЧИМЖИВ

 

Яг нэг жилийн өмнө Сирийн хямрал Ойрхи Дорнодын анхаарлын төвд орж байсан. Арабын хувьсгал Ливийн шинэчлэлд цаг алдаж, Сирийн нөхцөл байдлыг НҮБ-ын хүний эрхийг хамгаалах байгууллага түр хойш тавьсан. Үүний улмаас өнөөдөр тус улсад 50 гаруй мянган энгийн номхон иргэд амь насаа алдаад байгаа. НҮБ-ын Арабын холбооны төлөөлөгч Лахдар Брахими Иракт хүрэлцэн ирэхдээ “Сирийн хямрал дэлхийн энх тайванд аюул занал учруулж буйг анхааруулсан боловч тус улс руу энхийг сахиулагчдыг илгээхээс татгалзаж байсан. Гэвч бүх зүйл ард түмний хүслээр болох болно” хэмээжээ. Иракийн Ерөнхий сайд Нури Аль Малики Сирийн хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэхийг уриалсан. Сирийн босогчид АНУ тэргүүтэй барууны хүчнээс тусламж аван хэд хэдэн хотыг өөрийн мэдэлд оруулаад байгаа. Ирэх онд Сирийн нөхцөл байдал энхийн замаар шийдвэрлэгдэнэ гэдэгт сиричүүд болон арабын ихэнхи улс орон найдаж байгаа.

 

МАЛАЛА ОХИН “ДЭЛХИЙН ОХИН” БОЛЛОО

 

Пакистаны бяцхан охин тархиндаа хүнд шарх авсан. Түүнийг сургуулиасаа гараад явж байхад нь талибанчууд амийг нь хороох гэсэн боловч азаар амьд үлдэж чадсан билээ. Тэрбээр одоогоос гурван жилийн өмнө “BBC” агентлагт өөрийн оронд болж буй хүчирхийлэл, эмэгтэй хүнийг дээрэнгүйгээр дарамталж буй явдал, хууль бус зүйлийн талаар санал бодлоо бичдэг байсан нэгэн. Тэр талибанчуудын талаар шүүмжлэгч охин юм. Тархиндаа шарх авсан охиныг тус улсын эрх баригчид яаралтай Их Британи руу эмчилгээнд явуулсан. Одоогоор түүний бие сайжирч байгаа бөгөөд эцэг эх нь түүнийг дахин Пакистан руу оруулахгүй байхыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр 14 настай бөгөөд түүний амьдарч байгаа ертөнцөд хүмүүсийг хүйсээр нь ялгаварладгийг гайхаж буйгаа удаа дараа илэрхийлсээр байсан нь ийнхүү түүний аминд халдах оролдлогын шалтгаан болсон аж. Эмнэлэгт байх үед дэлхий нийт “Малала” хөдөлгөөн зохион байгуулж, түүнийг “Дэлхийн охин” болгон өргөмжилсөн юм. Пакистанд охины төлөө залбирал мөргөл энд тэндгүй болсон бол барууны оронд эрх чөлөөний дууч, зоригт Малалаг нутагтаа авчирч сургахыг хүсч буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн билээ.

 

Т.Элиса

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)