Автомашин үйлдвэрлэлд томоохон нөлөө үзүүлсэн дөрвөн эрхэм

    Сүүлийн жилүүдэд өрнөсөн дэлхийн санхүүгийн хямрал автомашин үйлдвэрлэгч компаниудад багагүй хохирол учруулсан. Мөн шийдэхэд хүндрэлтэй асуудал нэлээд үүсгэж байсныг “Тоёота” компани нуугаагүй юм. Өнгөрсөн онд дэлхийн автомашин үйлдвэрлэлд томоохон нөлөө үзүүлсэн дөрвөн эрхмийг “Daily Telegraph” нэрлэжээ. Тэдний дунд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама багтсан аж.

Сүүлийн жилүүдэд өрнөсөн дэлхийн санхүүгийн хямрал автомашин үйлдвэрлэгч компаниудад багагүй хохирол учруулсан. Мөн шийдэхэд хүндрэлтэй асуудал нэлээд үүсгэж байсныг “Тоёота” компани нуугаагүй юм. Өнгөрсөн онд дэлхийн автомашин үйлдвэрлэлд томоохон нөлөө үзүүлсэн дөрвөн эрхмийг “Daily Telegraph” нэрлэжээ. Тэдний дунд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама багтсан аж.

АКИО ТОЁОДА

Дэлхийн автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Тоёота”-гийн ерөнхийлөгч Акио Тоёода өөрийн стратегийн бодлогоор дэлхий дахины автомашин үйлдвэрлэлийн хөгжилд асар их нөлөө бүхий шийдвэрүүдийг гаргаж байдаг эрхэм юм. Тоёода нь тус компанийг үүсгэн байгуулагчийн ач хүү бөгөөд сүүлийн 14 жилд анх удаа энэ гэр бүлээс компанийг тэргүүлэх болсон байна. 

Тэрбээр энэ жил 50 насны босго алхаж байгаа ч Япон Улсын хувьд энэ өндөр албан тушаалд бол залууд тооцогддог юм. Тоёода нь цахим ертөнцөд “Мориза” нэрээр блог хөтлөхөөс гадна Германы “Нюрбургринг” авто уралдаанд үргэлж оролцдог ажээ. 

Компанийн удирдлагыг гартаа оруулсан даруйдаа “Намайг энэ ажлыг битгий хий гэж олон хүн ятгасан. Гэхдээ энэ уралдаант шалгаруулалтад оролцох хэд хэдэн шалтгаан надад байсан. Нэгдүгээрт, Герман Улсын авто шоунд амжилттай оролцох. Хоёрдугаарт, тулгараад буй санхүүгийн хүндрэлийг амжилттай даван туулах. Гуравдугаарт, энэ хямралын аясаар бус сөрж алхахын тулд би өрсөлдөж яллаа” хэмээн ярьсан байна.

Үнэхээр ч түүний хэлснээр дэлхийн санхүүгийн хямрал “Тоёота” компанид хүндхэн цохилт болов. Бүхэл бүтэн 72 жилийн түүхэнд энэ хэмжээний алдагдалтай ажиллаж байгаагүй компанийн ажилчид шинэ удирдлагадаа итгэх итгэлээ алдахад хүрчээ.

Мөн өнгөрсөн жил тус компани түүхэндээ анх удаа 437 тэрбум иенийн алдагдал хүлээв. Үүнийг компанийн удирдлага иенийн ханш өссөн, АНУ-д автомашины хэрэглээ буурсантай холбон тайлбарлаж байгаа. Тодруулбал, АНУ- ын зах зээл дээр энэ жил 8.97-аас 7.3 сая болтлоо буурна гэж Тоёода тооцоолж байна.

Тэрбээр “Тоёота” компанийг аврах хэрэгтэй болоод байна. Энэ байдлаараа байвал бид дөрвөн жилийн дараа дампуурахад хүрнэ” хэмээн мэдэгджээ. Юутай ч дэлхийн автомашины зах зээлийн 50-иас багагүй хувийг дангаар хангадаг “Тоёота” компани хүндхэн байдалд байсаар байна.

АЛАН МУЛАЛЛИ

Европ, Америк тивийн хэрэглэгчдэд “Форд” хамгийн шилдэг машин байсаар байна. АНУ-ын бие даасан хамгийн том автомашин үйлдвэрлэлийн компанийг тэргүүлж байгаа Алан Мулаллийн амжилт нь дэлхийн зах зээл дээр ноёлж буй Азийн үйлвэрлэгчдийн зүрхэнд “шар ус” хуруулж буй. Үүгээр ч зогсохгүй дотоодын зах зээлд бүрэн ноёрхлоо тогтоохыг оролдож байгаа нь “Женерал моторс”, “Крайслер” компанид ихээхэн дарамт болж байгаа гэнэ.

Юутай ч төрийн ивээлд оролгүйгээр дэлхийн санхүүгийн хямралыг амжилттай давж гарсан АНУ-ын цорын ганц автомашин үйлдвэрлэгч компани бол “Форл моторс”. 2006 оноос хойш 30 гаруй тэрбум ам.долларын алдагдалд ороод байсан компани А.Мулаллийн удирдлагаар гуравдугаар улирал гэхэд Хойд Америкт ашигтай ажиллаж эхэлжээ.

Мөн 2011 он гэхэд дэлхий даяар ашигтай ажиллаж эхэлсэн нь А.Мулаллийн удирдах чадварыг илтгэсэн хэрэг болов. Тэрбээр гаргасан амжилтдаа сэтгэл ханасангүй. Улам цааш ахихыг эрмэлзэж хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн шатахуун бага зарцуулдаг, байгаль экологид ээлтэй автомашин үйлдвэрлэж эхэлсэн юм. Түүний эл шийдвэр зөв байсан гэдгийг “Форд моторс” компанийн өнөөгийн байдал тод харуулна.

БАРАК ОБАМА

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Крайслер”, “Женерал моторс” компанийн бүтцийн өөрчлөлтийг дэмжээгүй бол дэлхийн автомашин үйлдвэрлэлийн хөгжил өөр байх байлаа. Түүний дэмжлэгийн ач тусыг дүгнэхэд дэндүү эрт байна. Гэхдээ эрхэм Ерөнхийлөгч “Автомашины хаан” хэмээн авто ертөнцөд хүндлэгдэх болсон Стив Ратнерийг ажиллуулснаар суудлын автомашин үйлдвэрлэлд ноёрхлоо тогтоогоод байсан Азийн зах зээлийг хумьж АНУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэвээр хадгалж үлдэж чаджээ.

Хэрэв энэ байдал удаан үргэлжилсэн бол АНУ-ын томоохон автомашин үйлдвэрлэгч гурван ч компани дапуурлын эрмэгт тулаад байсан юм. АНУ-ын сангийн яам шинэчлэгдсэн “Женерал моторс”-ын 60 хувийг өмчилж, бизнест нь 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж компанийн захирал Рик Вагонерийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Харин “Крайслер” 10 гаруй тэрбум ам.долларын зээл авч “Фиат” компанитай нэгдсэн юм. 

Сержио Маркионе тэргүүтэй “Фиат” компани дэлхийд төдийлөн томд тооцогдоод байдаггүй машин үйлдвэрлэгч билээ. Гэвч бүхнийг хийхийн төлөө тэмүүлдэг зоримог зантай захирлын ачаар дэлхийн зах зээл дээр багагүй хэрэглэгчтэй болж чадсан байна. Гэсэн ч дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал жижигхэн компанийг бүхлээр нь залгихад бэлэн байлаа. “Фиат” болон “Крайслер” компани нэгдсэн эхний дөрвөн жил тун хүнд өнгөрөв. Харин 2005 оноос компани ашигтай ажиллаж эхэлжээ. 

Тухайн үед компанийн эрх мэдлийг өөртөө аваад байсан Маркионе суудлын автомашин үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулж “Бид бол автомашин үйлвэрлэгчид дотроо “Apple” компани гэсэн үг. Бидний 500 шинэ загвар нь “iPod” гэсэн үг” хэмээн мэдэгдэж байв. Жил ирэх тусам дэлхийн автомашины зах зээл дээр байр сууриа улам бататгаж буй тус компанийг аварсан хүн нь мэдээж Барак Обама.

ЛИ ШУ ФУ

Хятадын автомашин үйлдвэрлэгч хувийн хамгийн том компанийн тэргүүн Ли Шу Фу дотооддоо “Генри Форд” хэмээгдэх болсон. Өмнөд хөршийн зах зээлд түүний эзлэх орон зай, байр суурь аль хэдийнэ ганхашгүй бат бөх болжээ. Энэтхэгийн “Тата моторс”, “Ягуар”, “Ланд Ровер” компанийг эгнээндээ нэгтгэж, оросын “Газ”, Германы “Опел” компанийг худалдан авахаар хөөцөлдөж байгаа нь “Тоёота” компанийн удирдлагыг багагүй сандралд оруулаад буй.

Түүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Хятад улсын автомашины зах зээл аажим аажмаар өргөжиж АНУ-ыг ардаа хийж чаджээ. Тэрбээр Лондоны такси үйлдвэрлэгч “Манганес Броунз” компанитай гэрээ байгуулснаар бизнесийн амжилтын гараагаа эхэлсэн байна. Тус компани Хонконгийн биржид бүртгэлтэй байдаг агаад “Голдмен Сачис” компани 334 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс харахад Ли Шу Фугийн нэр хүнд хэрхэн өсч байгааг илтгэнэ.

Тэрбээр өмнөд хөршийн томоохон баячуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. Ли Шу Фу “Автомашин үйлдвэрлэх нь хүмүүсийн бодоод байдаг шиг хэцүү ажил байхаа больсон. Автомашин гэдэг чинь дөрвөн дугуй, жолооны хүрд, мотор л юм шүү дээ. Автомашин үйлдвэрлэлд хэрэглэж буй технологи асар хурдацтай хөгжиж байна. Шаардлагатай технологи, сэлбэг хэрэгсэл, инженерийг худалдаж авах хөрөнгө надад хангалттай бий” хэмээжээ.

Р.ОЮУНГОО
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)