Шилдгүүдийн тулаан ширүүн болов

    Монголын жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн аваргууд тодорсон юм. Энэ жилийн тэмцээний гол өрсөлдөөн эрэгтэйчүүдийн 73 кг- ын жинд өрнөв.

Монголын жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн аваргууд тодорсон юм. Энэ жилийн тэмцээний гол өрсөлдөөн эрэгтэйчүүдийн 73 кг- ын жинд өрнөв.

Лондоны олимпод монголчуудын медалийн салхийг хагалсан МУГТ С.Ням-Очироос гадна өмнө нь 66 кг-д жинхэнэ өрсөлдөөнийг үзүүлдэг байсан Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, “Мастерс”-ын аварга, ОУХМ С.Мияарагчаа нар жин өгсч, 73 кг-д зодоглосон нь өрсөлдөөнийг улам хурцатгасан.

Тэднээс гадна 2008 оны Бүх ард түмний спортын их наадмын аварга Д.Дөлгөөн, ОУХМ Г.Одбаяр гээд авьяаслаг залуу тамирчид өнгөтэй байж, энэ жингийн өрсөлдөөнийг улам ч сонирхолтой болгосон юм. Шилдгүүдийн тулаанаар дүүрэн байсан 73 кг-ын жинд Х.Цагаанбаатар түрүүлсэн.

Тэрбээр хоёрдугаар тойргийн барилдаанд С.Ням-Очирыг нэмэлт цагт цэвэр ялж, хагас шигшээд “мөнхийн өрсөлдөгч” С.Мияарагчаатай таарч мөн л нэмэлт цагт үнэлгээ авснаар аваргын төлөө өрсөлдсөн. Ингээд шигшээ барилдаанд Д.Дөлгөөнийг ялснаар улсын аваргаар тодорлоо.

Ингэснээр тэрбээр 60, 66, 73 кг буюу гурван хөнгөн жинд бүгдэд нь аваргалсан амжилтын эзэн болж байгаа юм. Жүдочдоос төрсөн отгон гавьяат С.Ням-Очирын хувьд хоёрдугаар тойргийн барилдаанд өвдөг шороодсоноор өрсөлдөөнөөс хасагдсан. Харин ОУХМ С.Мияарагчаа хүрэл медалийн төлөө Г.Одбаярыг буулгаж авсан билээ.

    Энэ үеэр жүдо бөхийн УАШТ- ий хүрэл медалийг хүртсэн түүний сэтгэгдлийг сонссон юм.

-УАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Таны жингийн шилдгүүд бүгд зодоглолоо. Тэмцээн ч өрсөлдөөнтэй боллоо?

-Энэ удаагийн УАШТ өмнөх жилүүдийнхээсээ өрсөлдөөнтэй боллоо. Манай С.Ням-Очир, Х.Цагаан баатар, Д.Дөлгөөн гээд бүгд л зодоглосон. Ийм өрсөлдөөн дундаас хүрэл медаль хүртсэндээ баяртай байна.

-Х.Цагаанбаатар Та хоёрыг мөнхийн өрсөлдөгчид гэж үзэгчид ярилцдаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Х.Цагаанбаатар бид хоёр зэрэг шахуу жүдогийн татами дээр хөл тавьсан. Амьдрал дээр үе тэнгийн сайхан найзууд. Харин татами дээр жинхэнэ өрсөлдөгч байж чаддаг нь хэн хэнийгээ хурцалдаг болов уу гэж боддог. Энэ удаагийн УШАТ-д Х.Цагаанбаатар түрүүлснээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн гурван хөнгөн жинд бүгдэд нь түрүүлсэн ховор амжилтын эзэн боллоо.

Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр медаль хүртсэн тамирчид:

ЭРЭГТЭЙ:

-60 КГ
    1. Ч.Болдбаатар /“Женко” клуб/
    2. Д.Амартүвшин /ХХЕГ-ын “Хилчин” БТСХ/
    3. Г.Хэрлэн /“Женко” клуб/
    3. Г.Болдбаатар /МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб/

-66 КГ
    1. Б.Хишигбаяр /“Женко” клуб/
    2. А.Батсуурь /БХЯ-ны “Алдар” СХ/
    3. Д.Алтансүх /МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб/
    3. Д.Төмөрхүлэг /ШШГЕГ-ын “Сүлд” СХ/

-73 КГ
    1. Х.Цагаанбаатар /ШШГЕГ-ын “Сүлд” СХ/
    2. Д.Дөлгөөн /МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб/
    3. Ц.Нарантогтох /“Женко” клуб/
    3. С.Мияарагчаа /ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо/

ЭМЭГТЭЙ:

-48 КГ
    1. Г.Отгонцэцэг /ХХЕГ-ын “Хилчин” БТСХ/
    2. Г.Саранзаяа /“Женко” клуб/
    3. Б.Алтанцэцэг /Хан-Уул дүүргийн БТСХ/
    3. Э.Базаррагчаа /“Женко” клуб/

-52 КГ
    1. Б.Бат-Эрдэнэ /ОБЕГ-ын “Аврагч” БТСХ/
    2. М.Уранцэцэг /“Женко” клуб/
    3.Ч.Аззаяа /ХХЕГ-ын “Хилчин” БТСХ/
    3. А.Цолмон /“Женко” клуб/

-57 КГ

    1. Д.Сумъяа /ХХЕГ-ын “Хилчин” БТСХ/
    2. А.Сарангуа /БХЯ-ны “Алдар” СХ/
    3. А.Батзул /“Женко” клуб/
    3. Б.Нарантуяа /ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо/

-63 КГ
    1. Ц.Цэрэннадмид /ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо/
    2. М.Нямжаргал /“Женко” клуб/
    3. Т.Мөнгөнтуяа /“Шонхор-Олимп” ДС/
    3. Т.Баттөгс /ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо/

З.ЦЭЦЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)