Гадаадын 37 иргэн амь үрэгджээ

    Алжирт гадаадын 37 иргэн амь үрэгдсэнийг тус улсын Ерөнхий сайд Абдельмалек Селлал албан ёсоор мэдэгдлээ. Үүнээс өмнө хэвлэлүүд лалын босогчдын гарт амь үрэгдэгсдийн тоог янз бүрээр мэдээлж, Алжирын Засгийн газрыг хэргийн бодит үнэнийг нуун дарагдуулж байна гэсэн юм.
    Алжирт гадаадын 37 иргэн амь үрэгдсэнийг тус улсын Ерөнхий сайд Абдельмалек Селлал албан ёсоор мэдэгдлээ. Үүнээс өмнө хэвлэлүүд лалын босогчдын гарт амь үрэгдэгсдийн тоог янз бүрээр мэдээлж, Алжирын Засгийн газрыг хэргийн бодит үнэнийг нуун дарагдуулж байна гэсэн юм. Алжирын Ин-Аменас хотын ойролцоохь элсэн цөл дэх байгалийн хийн томоохон үйлдвэрт лалын босогчид халдаж ажилчдыг нь барьцаалсан. Уг үйлдвэрт гадаад, дотоодын нийлсэн олон зуун хүн ажилладаг агаад аюулгүйн хүчнийхэн тэднийг суллахаар тусгай ажиллагаа явуулсан байна. Гэсэн ч ажиллагаа хангалттай амжилтад хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, барьцаалагчдын гарт гаднын найман орны 37 иргэн, Алжирын нэг ажилчин амь үрэгджээ. Ерөнхий сайд Абдельмалек Селлалын хэлснээр үйлдвэрийг 29 босогч барьцаалсан бөгөөд 26 нь амь үрэгдэж, гурвыг нь амьдаар нь баривчилсан байна.
    Хэдийгээр Алжирын цэргүүд өнгөрөгч долоо хоногийн сүүлээр дөрвөн өдөр үргэлжилсэн бүслэлтийг зогсоож үйлдвэрийг чөлөөлсөн ч барьцааны таван хүн одоо хүртэл сураггүй байгаа юм. Японы Засгийн газрын албаныхан өнгөрөгч даваа гаригт дээрх хэргийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн долоо, сураггүй болсон хүмүүсийн гурав нь манай орны иргэн гэж мэдэгджээ. Үүнээс гадна АНУ- ын албаныхан амь үрэгдэгсдийн дунд гурван иргэн нь байгаа гэж мэдэгдсэн байна. Харин долоо нь эсэн мэнд гарчээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан АНУ, Япон, Британи зэрэг уг үйлдвэрт иргэд нь ажиллаж буй орнуудын Засгийн газар Алжирын Засгийн газрыг хурцаар шүүмжилж, барьцааны хүмүүсийг суллахад том алдаа гаргасан гэж мэдэгдсэн юм. Энэ сацуу Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Алжирт гурван иргэн маань амь үрэгдэж, мөн тооны иргэн амь үрэгдсэнд тооцож буй сураггүй бологсдын дунд байгаа” гэжээ. Үүнээс гадна Франц, Норвеги, Малайз, Филиппин, Румыны иргэд амь үрэгдэж, сураггүй болжээ.
   Алжирын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 29 босогчдын 11 нь тунис, хоёр нь канад бусад нь Алжир, Египет, Мали, Мавритани, Нигерийн иргэн байжээ. Тэд үйлдвэрийг дэлбэлэх зорилготой байснаас Алжирын Засгийн газар ийнхүү шуурхай ажиллагаа явуулсан аж. Үүнд мөн тусгай ажиллагаанаас өмнө босогчид барьцааны хүмүүсийн заримынх нь толгойд буудан хөнөөсөн байдал нөлөөлсөн гэнэ. Босогчид муслимын шашинтнуудаас бусад буюу гаднын иргэдийг зөвхөн байгаа болгосон агаад Алжирын 685 ажилчныг чөлөөлжээ.
   Албаныхны үзэж буйгаар босогчид Малийн хойд нутгаас хил давж орж ирсэн байна. Энэ сарын эхээр Франц болон барууны бусад орон Малийн лалын босогчдын эсрэг олон улсын тусгай ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан барьцаалагчид өс хонзон авах зорилгоор Алжир дахь барууны иргэдийг барьцаалсан гэж хэлжээ. Үүнээс гадна өнгөрөгч лхагва гаригт Алжирын зүүн зүгийн алс хязгаар нутагт гадаад ажилчдыг тээвэрлэж явсан хоёр автобус уруу зэвсэглэсэн босогчид халдсаны улмаас Британийн нэг, Алжирын нэг иргэн амь үрэгдсэн юм.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)