Нянгүйгээр бидний амьдрал тэс өөр байна

Нянгүйгээр бидний амьдрал тэс өөр байна
- Бидний эргэн тойронд дүүрэн нян бужигнаж байдаг бөгөөд тэдгээр нь
бидний төсөөлж ч байгаагүйгээр нөлөө үзүүлдэг гэнэ-

Америкийн нэрт биологич асан Линн Маргилусс /1938-2011/ бичил биетүүдийн ертөнц нь амьд ертөнцийн дотоод орчинд асар их нөлөөлөл үзүүлдэг гэдгийг бүх л амьдралынхаа туршид батлан харуулахыг зорьсон.
Харин эрдэмтэд хүрээлэн буй нянгууд амьд ертөнцөд тийм ч аюултай биш гэж үзсээр ирсэн. Тэгвэл саяхан дэлхийн хэд хэдэн орны эрдэмтдийн баг “Амьд бие ба нян” сэдвийн хүрээнд лавшруулсан судалгааны ажил хийжээ. Судалгааны ажилдаа нэрт биологич агсны өнгөрсөн 10 жилд хийсэн судалгаа, шинжилгээний ажлуудыг эргэн нягталсан байна. Тэгэхэд Маргулисийн дүгнэлтүүд үнэн болох нь батлагджээ. Энэ нь зарим эрдэмтдийн хувьд нян ба бусад амьд биесийн харилцан хамаарлын тухайд гаргасан суурь ойлголтуудыг нягтлан үзэж, өөрчлөх шаардлагатайг илтгэж байна гэсэн үг. Маноа дахь Хавайн их сургуулийн профессор Майкл Хэдвилд далай тэнгисийн амьтдын хувьслын талаар сүүлийн хэдэн жилийн туршид судалгааны ажил явуулж буй аж. Түүний ажиглан тогтоосноор, далайн гүнд өтний авгалдайнууд тодорхой газруудад суурьшсаны дараа зарим төрлийн нян тухайн газарт асар хурдтайгаар өсөн үржиж үргэлжлүүлэн амьдарч байжээ. Энэ тохиолдлыг ажигласан профессор нянгийн талаар дахин судлах шаардлагатайг ойлгожээ.
Биднийг хүрээлэн буй нянгууд
Нянгууд амьд ертөнцөд яагаад чухал байр суурь эзэлдгийг ойлгоход ядах юмгүй. Яагаад гэвэл нянгууд нь дэлхий дээр анхлан үүссэн төрлүүдийн нэг. Тэд 3.8 их наяд жилийн өмнө үүссэн гэдэг. Түүнээс гадна хүнээс ч илүү урт насалдаг байх магадлал өндөртэй. Нянгууд нь асар олон төрөл байдгаас гадна далайн гүнээс эхлэн дэлхийн бараг бүх газарт үүрлэсэн байдаг. Бидний гэдсэнд ч байдаг шүү дээ. Нянгууд ерөнхийдөө ойролцоо хэмжээтэй /хэдхэн микрометр/байдаг бөгөөд ганц хоёр эсээс бүрддэг байна. Эрдэмтэд олон жилийн туршид нянгуудыг өөрсдөө өөрийн гэсэн “гэр”-ээ “төвхнүүлж”, ихэвчлэн ходоод гэдэс, ам, арьсанд үүрлэн амьдардаг гэж тооцоолсоор ирсэн. Гэвч сүүлийн судалгааны ажил нь эрдэмтдийн тооцоолж байснаас хавьгүй их, төсөөлөхөд ч бэрх олон тооны нян бидний ахуйд оршиж байдгийг харуулжээ. Тухайлбал, хүний биед хүний үндсэн эсүүдээс 10 дахин их нянгийн эсүүд оршиж байдаг гэнэ. Түүгээр зогсохгүй зарим нянгууд оршиж буй биемахбодьтой “хамтран” амьдардаг хэрнээ ямар ч харилцаа хамааралгүй байдаг бол зарим нь харилцан нөлөөлөлд идэвхтэй ордог ажээ. Нянгийн үржил үргэлж л сөрөг үр дагавар дагуулдгийг бид мэднэ. Гэтэл зарим нян бидэнд зайлшгүй хэрэгтэй үүргүүдийг гүйцэтгэж байдаг төдийгүй тэдгээр нянгүйгээр амьдрал тэс өөр байх байсан гэнэ.“Нянгуудын төрөл зүйлийн тоог нарийн тогтооно гэж бараг үгүй. Ойролцоо тоог нь гаргахад л хэн ч алмайрмаар. Агаар мандлын хамгийндээд давхарга, далайн гүн дэх чулуун дор, хүрээлэн буй орчны ямар ч ахуйд зохицон амьдрах чадвартай үй олон нян биднийг хүрээлж байна. Түүгээр зогсохгүй нянгууд хүний ахуй орчинд битүү тархан оршдог мөртлөө биемахбодод ч төрөл бүрээр үүрлэдэг” гэж профессор Хэдвилд онцолжээ.
Амьтад ба нянгийн харилцан үүсэл
Эрдэмтдийн сүүлчийн судалгаанаас харахад дэлхий дээр олон эст биемахбодь /1-2 их наяд жилийн өмнө/ болон амьтад /700 орчим сая жилийн өмнө/үүсэх үндсэн шалтгаан нь нянгууд байж болзошгүй байна. Гэхдээ ийм үндэслэл гаргаж тавих нь эрдэмтдийн дунд халуухан маргаан өдөөж буй хэрэг юм. Нянгууд амьтдын гарал үүсэлд онцгой үүрэг үзүүлээд зогсохгүй цаашдын хувьслын явцад ч нөлөөлж, харилцан хамааралтайгаар өсөн хөгжиж, амьдардаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд сүүлчийн судалгаагаар тогтоогоод байгаа аж.

Нянгийн дохио
Ямар нэг төрлийн нянгууд тухайн амьтанд зохицон амьдардаг нь аль алиных нь генээс илэрдэг аж. Судлаачдын тооцоолон тогтоосноор хүний генийн 37 орчим хувь нь нянгуудтай нийцтэй харилцаанд оршдог байна. Тэгэхээр нянтай харилцан хамааралтай генийн хэсэг нянгууд нь нэг өвгөөс үүдэлтэй гэж болох. Эдгээр генийн дийлэнх нь хоорондоо мэдээлэл солилцох чадвартай төдийгүй хоорондын хөгжилдөө харилцан нөлөөлж чаддаг байна. Тэр ч атугай далайн сээр нуруугүй зарим амьтдад нянгууд экологийн тодорхой сүйрэл, аюулын талаар дохио өгөн мэдээлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Түүнээс гадна нянгуудын дохио нь сүүн тэжээлтэн болон сээр нуруутан, сээр нуруугүй амьтдын тархины хэвийн үйл сайнаар нөлөөлдөг гэнэ. Нянгуудын дохио өгөх замыг сүйтгэвэл чихрийн шижин, ходоодны үрэвсэл болон элдэв халдварт өвчинд нэрвэгдэх магадлал ихэсдэг байна.
Ходоодон дахь нянгууд
Амьтдын хоол тэжээлд оршиж байдаг зарим төрлийн нян хоол боловсруулахад нь тус болох замаар онцгой байр эзэлдгийг эрдэмтэд эрт тогтоосон. Тэгвэл эдгээр нян нь хоол боловсруулдаг эрхтэнтэй ойр байрладаг зарим эрхтэнд ч сайнаар нөлөөлдөг байх боломжтой гэнэ. Тухайлбал, амьсгалын болон давсаг бөөрний системийн ажиллагаанд нөлөөлөх талтай. Түүнээс гадна амьтад болон нянгийн хувьсал харилцан хамааралтай хөгжиж ирсэн гэх бүрэн үндэслэл байгаа аж. Тухайлбал, морин шоргоолжны ходоодонд байдаг нянгуудын 90 хувь нь өөр хаана ч байдаггүй аж. Тэгэхээр ямар нэг зүйлийн амьтан мөхөхөд тодорхой тооны нянгууд ч устана гэсэн үг. Эрдэмтдийн олж тогтоосноор, хүний ходоодон дахь нянгууд хоолны дэглэмийн өөрчлөлтөд ч дасан зохицох чадвартай байдаг аж. Тухайлбал, америкчуудын ходоодны нянгууд тослог ихтэй хоол боловсруулахад охицсон байдаг бол Венесуэлийн хөдөө тосгоны оршин суугчдын ходоодонд хүнд нүүрсхүчлийн устгах чадвартай нянгууд байдаг байна. Эцэст нь эрдэмтдийн судалгааны ажлыг дүгнэн хэлэхэд, амьтны ертөнц болон нянгууд хоорондоо нягт холбоотой төдийгүй бие биеийнхээ эрүүл мэнд, сайн сайханд нөлөөлөх чадвартай байх нь. Маргулисийн дүгнэлтийг баталсан эрдэмтэд биологийн шинжлэх ухаанд нянгийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчлөх, дунд сургуулийн сурах бичгийн тайлбаруудыг ч засах шаардлагатай болсныг онцолжээ. Мөн хүн ба нянгийн харилцааныталаар илүү нарийн судалгаа явуулах шаардлагатай болсныг ч мэдэгдсэн байна.





















  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zozo (202.126.89.148)

    2013-03-07

    dfdf