О.Маш-Эрдэнэ: Эртний ховор үзмэрүүд гадагшаа алдагдчих гээд хэцүү байна

2013 оны 3 сарын 14
Очирын Маш-Эрдэнэ. Энэ хүнийг ном, үндэсний түүхийн ховор олдворуудыг цуглуулж олон түмэндээ өнгөрсөн түүхээ дэлгэж харуулсан гэр музей ажиллуулдаг гэдгээр нь хүмүүс андахгүй. Мөн кино найруулагч, зураглаач О.Машбатын төрсөн ах гэдгийг нь ч мэддэг юм билээ. Америкаас тэртээ XIX зуунд хэвлэгдсэн номыг 100 ам.доллараар авч өөрийн үзмэрээ баяжуулж, тагнуулын газар, намын архивын газар ажиллаж байхдаа цуглуулсан “нууц” баримтыг олонд дэлгэхээр ном бүтээж байгаа тэрбээр саяхан аавынхаа эх орон, цэрэг эрсийн сэдэвтэй олон жилийн турш бичсэн бүтээлийг эмхэтгэн олноо хүргэжээ. Ингээд номын “улаан хорхойтон” О.Маш-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Таныг ном гэхээр мөнгө хайрладаггүй гэх юм. Өнөөдөр манай нийгэмд дуудлага худалдаагаар ном худалдаад авах чадалтай хүн ховор. Гэтэл Таныг АНУ-д байхдаа дуудлага худалдаагаар их үнэтэй ном авсан гэж сонссон?

 -Тийм зүйл болох нь ч болсон шүү /инээв/. Нэлээд хэдэн жилийн өмнө АНУ-д явж байхад миний нэг америк өвгөн найз 1880-аад онд хэвлэгдсэн номын дуудлага худалдаанд намайг урьсан юм. Тэр дуудлага худалдаанаас нэг бор хавтастай түүхийн л бололтой ном байсан. Эхлэх үнэ нь 100 ам.доллар гэж байна. Тэгсэн манай найз “Чи энэ номыг ав. Маш ховор ном” гэсээр байгаад авахуулчихсан юм. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Нэг хэсэг ном үнэгүй шахам болчихсон байв даа. Учир нь Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд юун ном хэвлэх, худалдан авч унших манатай болсон л доо. Хоногийн бор хоолоо арай ядан олж байсан үе шүү дээ. Одоо бол цаг өөр болж. Номыг чадалтай нь гэлгүй худалдан авдаг уншигч олон болсон байна.

 -Ном худалдаж аваад үнэхээр дурлаж уншдаг нэг хэсэг байхад зүгээр үзмэр ч юм уу, гангарах маягтай авч тавьдаг хүмүүс бас байдаг?

 -Нэг талаасаа тийм байж болно. Яагаад гэвэл нэг хэсэг нь, тэр дундаа олны танил эрхмүүд уран зохиолын ном тоохоо байж. Зүгээр л гэртээ тоосонд даруулаад хадгалах жишээтэй. Ном уншихаас залхуурсан хүмүүс интернэтэд их хандах болж. Хуучин нийгэмд мэдээлэл хомс. Зөвхөн ном, сониноор дамжуулж хүмүүс мэдээлэл авдаг байлаа. Уран зохиолын ном ч их уншдаг байж.

 -Ингэхэд Та хэр уншиж байна вэ?

 -Уншилгүй яах вэ. Багаасаа ном уншаад сурчихсан болохоор өдөрт ямар нэг ном хаанаас нь ч хамаагүй эргүүлж уншихгүй бол нойр хүрдэггүй юм.

 -Нойроо хүргэх гэж ном уншдаг хэрэг үү?

 -Яалаа гэж дээ. Энэ бол дасал болсон зүйл. Зарим хүн номыг нойроо хүргэх гэж уншдаг бол миний хувьд тэс өөр. Нэг л зүйл дутуу хийсэн юм шиг санагдаад нойр хүрэхгүй шүү дээ. Заавал хэдэн хуудас ном уншиж байж сэтгэл амардаг.

 -Ном унших нь нэг талаараа урлаг гэж ярьдаг. Та ямар талаас нь уншдаг вэ?

 -Би их өвөрмөц уншдаг хүн байгаа юм. Эхлээд унших номынхоо арын хуудсыг юм уу, дундаас нь хардаг. Тэгээд л нэг номыг хэд хэдэн удаа уншина шүү дээ. Нэг уншаад эхэлсэн номоо заавал дуусгаж байж санаа амарна.

 -Дээр өгүүлж байсан 100 гаруй ам.доллараар ном авсан гэж. Өөр ямар номыг өндөр үнээр худалдаж авч байв?

 -Сүүлийн үед ном гэхээсээ илүү Монголынхоо түүх соёлын үнэт зүйлсийг цуглуулж гэр музей байгуулахад түлхүү анхаарч байна. Ер нь шинэ гарсан номыг алгасахгүй. Даанч Монголд байгаа эртний ховор үзмэрүүд гадагшаа алдагдчих гээд хэцүү байна шүү дээ. Ийм эгзэгтэй үед түүхийн ховор зүйлсийг цуглуулж гэр музейгээ өргөжүүлэн олонд хүргэх нь миний эх орондоо хийх ёстой ажил гэж бодоод дурсгалт зүйлсийг цуглуулж байгаа.

 -Таныг ном бичиж байгаа гэсэн. Ямар чиглэлээр бичиж байна вэ?

 -1960, 1970-аад оны Монголын цэрэг эрсийн амьд- рал, тэр дундаа дайны үед цэрэг, тагнуул, эсэргүүнүүдийн тухай бичсэн тууж, баримт намтар, романуудыг эмхэтгээд сар шинийн босгон дээр хэвлэлтэд өгч гаргалаа. Ер нь би чинь тагнуулын байгууллага, намын төв хорооны архивт гайгүй чухал алба хашиж явсан юм байна. Үүндээ түшиглээд нэг сонирхолтой ном бичиж байгаа. Нэг их удалгүй хэвлүүлэх санаатай л байна. -Чухам юуны талаар юм бол. Тагнуул, Намын төв хороо гэхээр өөрийн эрхгүй сонирхол татаж байна шүү? -Монгол төрийн үе үеийн бодлогын тухай гэх үү дээ. Мөн маш нууц зэрэглэлийн гэх мэт юм юм л орсон ном байх болов уу. Ер нь төрийн нэлээд том нууцын зэрэглэлийн материалуудыг оруулсан.


 -Та жаахан дэлгэрүүлээд яриач. Их л сонирхолтой ном гарах гээд байх шиг...?


 -Ном бол ертөнцийг харах толь гэдэг дээ. Энэ номыг хэвлэгдсэний дараа юуны тухай өгүүлснийг нь ярьж хүмүүст тайлбарлавал сонирхолтой байх. Үүнээс биш өнөөдөр “Би ийм ном бичих гэж байна” гэж ярих нь зохимжгүй юм. Бүр товчоор хэлбэл, нууц хэвээр нь үлдээе.

 -Номын цуглуулгад чинь хэчнээн ном байна вэ. Тоолж үзсэн үү?

 -Тоолж үзээгүй ээ. Уг нь их олон ном байсан юм. Одоо харин ч багасчихаад байна. Ном өөрөө маш их арчилгаа шаарддаг юм байна. Тэгээд ч аав маань өнгөрөхөөсөө өмнө хамгийн хайртай ачдаа бүх номоо үлдээсэн. Харамсалтай нь тэр маань олигтой хайрлаж, хадгалж, хамгаалж чадаагүй болохоор би үлдсэнийг нь авсан. Ингэж авснаасаа хойш нэмээд цуглуулж байна. Ер нь Монгол Улсад хувьсгал ялснаас хойш бичигдсэн ном, судрын ихэнх нь байгаа гэхэд хилсдэхгүй болов уу.

 -Танаас элдэв бусын ном сурагласан хүмүүс их таарна биз?

 -Тааралдалгүй яахав. Нэг хэсэг шашны олдоход бэрх болсон ном, судрыг лам нар гуйж авч хувилаад буцааж өгдөг байсан. Зарим нь бүр “Энэ судар олдохгүй байсан юм. Ямар азаар Танд байв аа” гээд адис хүртэл авч байсан шүү. -Түүхийн үнэт зүйлс цуглуулдаг гэсэн. Танд байгаа хамгийн үнэтэй зүйл юу вэ? -Миний цуглуулгад байгаа бүх зүйл үнэтэй. Дээр үед 10 төгрөгөөр авч байсан хүрлийн үеийн нэг зоос бий. Ер нь үнэ мөнгө гэхээсээ илүү монголчуудад маань үлдвэл илүү хэрэгтэй юм болов уу гэсэн үүднээс л цуглуулдаг даа.

 -Хамгийн өндөр үнээр авсан үзмэрийнхээ тухай яриач?

 -Энэ үзмэрийнхээ тухай ярьчихвал хүмүүс “Энэ Маш- Эрдэнэ ямар их мөнгөтэй хүн бэ” гэх байлгүй. Ерөнхийдөө тодорхой хэмжээний үнэ цохиж авсан үнэт зүйл байлгүй яахав. Сая гаруй төгрөгөөр хүрэл тулга авч байлаа. Өөр үнэлж баршгүй зүйл их бий.

 -Таны гэр музейгээр ямар хүмүүс орж гарах юм. Бүтэн жилийн турш ажилладаг уу?

 -Янз бүр дээ. Гэр музей болохоор өвөл амарчихна. Музейгээ цоожлоод гадагшаа, дотогшоо яваад, заримдаа хүнд олдохгүй болохоор “Чи хаана байна” гээд утасдаж намайг сураглаж байдаг юм. Одоо хавар болж байгаа болохоор гэр музейгээ удахгүй нээх санаатай. Миний тохижуулсан гэр музейгээр ихэвчлэн гадаадын жуулчид л орж гардаг юм. Зарим нь бүр “Үүнийгээ зарах уу. Хэдэн ам.доллараар өгөх вэ” гээд шаналгаад зогсчихно шүү дээ.

 -Тэгэхээр нь Та яах вэ. Зарим нэг зүйлээ зарах тохиолдол гарна биз?

 -Үгүй ээ, яалаа гэж. Харин ч өөрөө худалдаж авна уу гэхээс зарах тал дээр ёстой “no” шүү дээ. Тэгээд ч эх нутгийнхаа ховор үзмэрүүдийг зарж үрээд байвал хойч үед минь юу үлдэх билээ. Зарим жуулчдад энэ тухай хэлж ярьж ойлгуулахаар “Таны эх орноо гэсэн сайхан сэтгэлийг маш сайн ойлгож байна” гэж хэлчихээд “Зарчих” гээд шаналгаад л байна. Ер нь миний үзмэрүүдэд нүд, сэтгэлээ унагадаг жуулчид цөөнгүй.

-Ингэхэд Таны гэр музей хаана байдаг юм бэ. Хотоос жаахан зайдуу гэсэн үү?


 -Яармагт байдаг болохоор хүмүүс зайдуу гэж яриад байгаа байх. Уг нь очсон хүн бүрт үүд хаалга нь нээлттэй, үзмэрүүд нь дэлгээтэй байгаа л даа. Гэхдээ одоохондоо арай л нээж амжаагүй байна. Нээсний дараагаар очсон хэнд ч манай гэр музей үйлчлэхэд бэлэн.

Д.БАТСҮХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...