Шинэ проректор: Нийгмийн түншлэл

2013 оны 3 сарын 15
ШУТИС-ийн Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн проректор, доктор Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа.

-Та эхлээд өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
- Намайг Дэлэгдоржийн Ганхуяг гэдэг. Баянхонгор аймагт 1975 онд төрж өссөн. Герман хэлний багш, Боловсролын удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй. 2010 онд боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан.

-Өмнө нь ямар ажил алба эрхэлж байсан бэ?
-Боловсролын байгууллагад ажиллаж байсан. Тухайлбал, БСШУЯ, Барилгын Технологийн Коллеж зэрэг байгууллагуудад мэргэжилтэн, удирдах ажилтан зэрэг ажил хийж байлаа. 

 -ШУТИС Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн асуудал эрхэлсэн проректортой болжээ. Таны ажлын гол зорилго юу вэ?
-Сургуулийн бүтцийн хувьд тодорхой өөрчлөлт хийсний хүрээнд Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн албууд байгуулагдсан. Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт төр хувийн хэвшлийн түншлэл нь тэргүүлэх зорилтуудын нэг байна гэж тусгагдсан байдаг. Тиймээс нийгмийн түншлэлийн асуудал нь манай сургуулийн хувьд төр, хувийн хэвшил, сургууль гэсэн үндсэн зарчмын хүрээнд хэрэгжих юм.

-Сургууль төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллана гэж ойлгож болох уу?
-Тиймээ. бололгүй яах вэ. Сургууль төр засагтай хамтарч ажиллах түншлэх хүрээнд жишээлбэл, сургалттай холбогдсон эрх зүйн баримт бичиг, актуудыг боловсронгуй болгоход сургалтын байгууллагын зүгээс оролцох оролцоог нэмэгдүүлэх, саналаа тусгуулах ажлууд хийгдэнэ. Харин хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж улс орны хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцагчдыг бэлтгэхдээ тэдгээрийн шаардлага, эрэлтэд нийцсэн мэргэжилтнийг өөрсдийнх нь оролцоотойгоор бэлтгэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ нь аж ахуй нэгжүүд сургалтын бүхий л шатанд буюу өөрсдийн санал бодол, тулгамдаж байгаа бэрхшээл, шаардлагатай техник технологийн мэдлэг мэдээлэл зэргийг сургалтын хөтөлбөрт тусгуулж, хамтран сургалтын хөтөлбөр боловсруулах, суралцах хугацааны дадлагыг аж ахуйн нэгжүүдэд өргөн хүрээнд үр дүнтэй хийх, ажлын байраар хангах зэрэг ажил хийгдэнэ.

 -Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана гэж байна. Энэ талаараа илүү дэлгэрүүлбэл?
    -Манай сургуулийг төгсөн гарч байгаа инженер технологийн мэргэжилтнүүдийн ихэнх нь хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сургуулийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гол хэрэглэгч нь хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд байдаг. Тиймээс хувийн хэвшлийнхнийг чанартай мэргэжилтэн бэлтгэхэд татан оролцуулна.     
    Мөн  аж ахуйн нэгж байгууллагуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, ажлын байраар хангах, сургалтын хөтөлбөр шинэчлэхэд оролцох, төгсөлтийг хамтран зохион байгуулах, хамтарсан сургалт шинжилгээний ажил гүйцэтгэх, хувийн хэвшлийнхэнтэй хамтарсан лаборатори байгуулан тус лабораторид оюутнуудаа сургадаг, багш эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийдэг баймаар байгаа юм.
    Ер нь бол бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн буюу оюутнууд ажил олгогчдын баялаг бий болгох гол үндсэн боловсон хүчин нь болдог. Тийм ч учраас байгууллагынхаа ирээдүйн хөгжил дэвшил болсон боловсон хүчний асуудал дээр санаа тавьдаг удирдагч бүр сургалтын байгууллагатай түншлэх хамтран ажиллахаас татгалзахгүй байх гэж бодож байна.

-Оюутны хөгжил гэдэг нь таны хийх гол ажлуудын нэг байх. Ер нь ШУТИС-ийн Оюутнуудыг хөгжүүлэхэд ямар ажлуудыг хийх вэ?

    -Оюутны хөгжил гэдэгт бид сурч боловсрох, соёл урлаг, спорт, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхээс гадна тэд ямар боловсролыг системтэйгээр эзэмших вэ гэдэгт санаа тавих ёстой.
    Энэ нь олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөртэй байх. Үүнтэй уялдуулан сургалтын ном сурах бичиг, лаборатори, дадлагын газраар үйлчлүүлэх, эрдэмтэн профессорууд нь өөрсдийгөө хөгжүүлэхэд санаа тавьдаг байх хэрэгтэй гэж бодож байна. Ийм учраас энэ чиглэлүүдээр өөрийнхөө эрх үүргийн хүрээнд зарим нэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-ШУТИС-д орж ирсэн таны анхны сэтгэгдэл ямар байна?
    -Гаднаас харахад бол ШУТИС 36 мянган оюутантай, 3 мянга гаруй багш ажиллагсаддтай, 18 бүрэлдэхүүн сургуультай томоохон, их сургууль гэж харагддаг.
    Би энэ хамт олонтой нэг тогооноос хооллож байгаа хэдий ч зарим зүйлүүдийг яаралтай өөрчлөх сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа.
    Энэ нь нөгөө л миний яриад байгаа Олон улсын шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, ISO стандартын номын сан түүнийгээ дагаад лаборатори тоног төхөөрөмжөө шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Өнөөдөр дунд сургуулийн төлбөр гэхэд саяаас давсан байна.

    Гэтэл манай сургуулийн оюутны сургалтын төлбөр хэд байгаа билээ???

    Энэ жил бид сургалтын төлбөрийг нэмэхгүй гэсэн амлалт өгсөн. Тэгэхээр бид юугаараа тоног төхөөрөмжөө шинэчлэх вэ?, юугаараа оюутнуудынхаа сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах вэ? гэдэг асуудал урган гарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бид түншлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

-Сургууль дотооддоо хэрхэн хамтарч түншлэн ажиллах вэ?
    -Сургуулийн дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ албаны нэн тэргүүний үүрэг. Манай ШУТИС 18 бүрэлдэхүүн сургуультай гэж түрүүн хэлсэн. Жишээлбэл, эдгээр сургуулиудын зарим нь сургуулийн болоод гадаад дотоодын байгууллагын хөрөнгөөр боломжийн лабораторитой болсон байгаа. Энэ лабораториудыг бүрэлдэхүүн сургуулиуд дундаа ашиглах, нэг сургуулиас нөгөө сургуульд очиж лабораторийн хичээлийг хийх боломжоор хангах зэргээр дотооддоо түншлэн ажиллана.




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...