Денис Родман: Ким Жен Ун бид 2 улс төрийн сэдвээр огт ярилцаагүй

Энэ сарын хамгийн их дуулиан тарьж, олны анхааралд өртсөн хүнээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зургаан удаагийн аварга “Чикаго буллз” багийн хамгаалагч асан Деннис Родман тодорчээ. Тэрбээр Хойд Солонгосын залуу удирдагчийн урилгаар Пхеньянд зочилсон нь олон улсын хэвлэл мэдээллийн гол сенсаци байлаа. Алдарт сагсан бөмбөгч Хойд Солонгост зочилсон тухайгаа болон “Бухнууд”-ад тоглож байсан үеэ эргэн дурссан ярилцлагыг “HBO” телевизэд өгсөн байна. Энэхүү ярилцлагыг тоймлон уншигч Танд хүргэе.-Бид хоёрхон сэдвээр ярилцах гэж студидээ урьсан гэдгийг Та мэдэж байгаа. Нэгдүгээрт, өнөөдрийг хүртэл дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Таны аяллын тухай. Хоёрдугаарт, Таны ид сэргэн мандалтын буюу “Бухнууд”-ад тоглож байсан үеийн тань тухай ярилцах юм. Та бэлэн үү?
-Мэдээж. Би дандаа л бэлэн байсан. Хойшид ч бэлэн байх болно.

-Өнгөрсөн нэг сарын хугацаанд Та дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Үүнийг зарим нэг хүн “Родман нэр хүндээ өсгөх гэж оролдож байна” хэмээж байгаа бол нөгөө хэсэг нь “Жинхэнэ эр зоригийг Деннис гаргаж чадлаа” хэмээн ярьж байна? -Өнөөдрийн байдлаар надад нэр хүндээ өсгөх ямар нэг шаардлага алга. Ингэж хэлж, ярьж, бичиж байгаа хүмүүс надад атаархсандаа тэгсэн болов уу гэж бодож байна. Харин эр зориг гаргасан уу гэвэл би шууд л “Тийм” гэж хариулна. Одоогийн байдлаар дэлхий нийтээрээ нүүр буруулаад байгаа улсад очно гэдэг хэн хүний хүсэх зүйл биш.

-Ингэж бодсон юм бол яах гэж Ардчилсан Солонгост айлчилсан юм бэ?

-Одоо болтол наад асуултын чинь хариултыг олох гээд чадахгүй л байна. Юутай ч залуу удирдагчийн хүсэлтээр уригдаж очсондоо үнэхээр баяртай байсан. Надаас өөр хэн ч байсан баярлах л байсан байх. Анх Пхеньяны нисэх онгоцны буудалд буугаад өөрөөсөө “Би энд юу хийж яваа юм бэ” гэж асууж байсан шүү. Гэтэл миний төсөөлж байсан орчин, өмнө нь бодож байсан тоогүй бодлууд салхинд хийсчихсэн юм шиг л алга болчихсон. Хойд Солонгосын бүх хүн нь найрсаг, халуун дотно сэтгэлтэй сайхан ард түмэн байсан. Харин буцах болоход эх орноосоо явах гэж байгаа юм шиг таагүй сэтгэгдэл төрсөн /инээв/.

-Залуу удирдагчийг сагсан бөмбөгт хорхойтой тухай мэдээлэл цацагдаж байсан. Та хоёр мэдээж энэ талаар ярилцсан байх?
-Тэгэлгүй яахав. Ер нь бид хоёр улстөрийн сэдвээр огт ярилцаагүй. Дандаа л урлаг соёл, спортын тухай халуун дотно яриа өрнүүлсэн. Тэрбээр хилийн чанадад суралцаж байхдаа сагсан бөмбөгт дурласан гэсэн. Мөн Майкл Жорданы үнэнч хөгжөөн дэмжигч гэж байсан. Намайг урих болсон гол шалтгаан нь түүний спортод элэгтэй сэтгэлээс үүдэлтэй болов уу. Дээр нь “Чикаго буллз” багийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэх баг байхад нь тоглолт бүрийг нь алгасалгүй үздэг байсан тухайгаа надад ярьсан л даа.

 -АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьмаар байна гэсэн байсан. Яг юун тухай ярих гэж байгаагаа Танд хэлсэн үү?
-Би дээр дурдсан. Бид хоёр ерөөсөө улстөрийн сэдвээр яриа өрнүүлээгүй гэж. Гэхдээ тэрбээр АНУ-тай дайтах бодолгүй байгаагаа хэлж байсан. Мөн “Америкийн баг, тамирчдын айлчлал, тэр дундаа алдарт сагсан бөмбөгч Деннис Родман тэргүүтэй хүмүүсийн айлчлал хоёр улсын харилцааг сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ” гэж хэлсэн. Бид хоёрын хооронд болсон улстөрийн яриа гэвэл ердөө л энэ. Өөр ямар ч улстөрийн тухай зүйл яриагүй.

-Барак Обама залуу удирдагчтай адил сагсан бөмбөгт элэгтэй нэгэн. Хэрэв хоёр төрийн тэргүүн утсаар яривал сагсан бөмбөгийн тухай ярилцах болов уу?

-Яг үнэнийг хэлэхэд сагсан бөмбөгийн тухай ярих уу, үгүй юу гэдгийг би хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хоёулаа сагсан бөмбөг сонирхдог улс болохоор ярихгүй гэх баталгаа байхгүй. Юутай ч миний бодлоор сагсан бөмбөг сонирхдог сонирхол нь хоёр төрийн тэргүүнийг улам ойр дотно болгож чадна гэж бодож байгаа.
-Таны “Бухнууд” /“Чикаго буллз”/-ад тоглож байсан алтан үеийг эргэж дурсмаар байна. Майкл Жордан, Скотти Пиппен нартай нэг багт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг гэж Та хэлсэн байсан?
-Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дэггүй тоглогчид намайг “жийрэг” гэж хочилдог юм. Нэг удаа би тэднээс яагаад намайг “жийрэг” гэж хочилдог тухай асуусан чинь “Майкл Жордан, Скотти Пиппен байгаагүй бол чи зургаан удаа аварга авч чадахгүй байсан” гэдэг байгаа. Тухайн үедээ уурлаад өнгөрсөн ч хожим бодох нь ээ тэдний зөв байсан юм билээ. Үнэхээр энэ хоёр тоглогч байгаагүй бол зөвхөн би биш, Чикаго хот Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга болж чадахгүй байсан.

 -Майкл Жорданы ааш авирыг олоход хэцүү гэж ярьсан. Харин ч эсрэгээрээ Таны ааш араншинг олоход бэрх юм шиг санагдах юм?

-Намайг “Чикаго”-д очихоос өмнө тэр зөвхөн хувийн тоглолт гаргадаг байсан тухай багийнхан ярьсан л даа. Харин Филл Жексон дасгалжуулагч ирээд түүний эл байдлыг 100 хувь эргүүлж чадсан. Энэ нь ч Майклд эерэгээр нөлөөлж эхэлсэн байх. Тэр зөвхөн өөрийнхөө төлөө тоглодог байсан бол Филл ирснээр багийнхаа төлөө тоглох болсон юм.

-Одоогийн “Бухнууд”- ын тоглолтод Та ямар дүн тавих вэ?

-Залуучуудын тоглолт дажгүй байгаа. Гэхдээ самбараас бөмбөг авахдаа тааруу байна. Энэ байдал нь тэднийг хожигдоход хүргээд байгаа юм. Довтолгоо, хамгаалалт дээр бол ярих юм алга. Ялангуяа, Дирк Роузгүй “Бухнууд” яаж тоглож байгааг бид бэлхнээ харж байна. Тэр талбай дээр лидерийн үүргээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаддаг юм.

-Яг л Майкл шиг үү?

-Яалаа гэж дээ. Майклын хэмжээнд хүрэх болоогүй байна. Роуз дөнгөж сагсан бөмбөг тоглож сурч байна шүү дээ. Харин Майкл бол сураад, хөгжүүлээд ирсэн тамирчин хүн. Хэн ч түүний хэмжээнд хүрч тоглож чадахгүй гэдгийг би бат хэлнэ.

-Нэг багт тоглож байсан болохоор хүмүүс Таныг Майклд тал засаж байна гэж бодох байх даа?

-Би тал зассан засаагүй тэр хийдгээ хийчихсэн. Түүний амжилтуудыг өнөөдрийн сагсан бөмбөгчид эвдэхээр тоглож байгаа нь үүний баталгаа юм. Үүнээс биш би хий хоосон түүнд цаасан малгай өмсүүлээд байгаа хэрэг биш л дээ.

-Тэгвэл Та Майклыг юутай зүйрлэдэг вэ?
-Энэ тухай би мөн ч олон удаа ярьж байна даа. Хүмүүс ч надаар яриулах дуртай байдаг бололтой. Миний бодлоор Майкл Жордан бол бурхан, Скотти Пиппен бол Есүс, харин би чөтгөр юм. Бурхан, Есүс, чөтгөр гурав нэг багт багтсан болохоор бид хэнийг ч өмнөө сөхрүүлж чаддаг байлаа. Энэ хоёр аугаа тамирчинтай мөр зэрэгцэн тоглож байсан минь бурхнаас надад өгсөн хамгийн том бэлэг юм. Мөн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мундаг дасгалжуулагч Филл Жексоны удирдлага дор тоглож байсан даа би өөрөөрөө бахархдаг. Энэ бүхэн намайг “Алдрын танхим”-д багтахад асар их нөлөөлсөн гэж боддог шүү.

-Сүүлийн асуулт. Та дахиж Пхеньянд зочлох болов уу?

-Яагаад болохгүй гэж. Би энд нэг нууцаа дэлгэе. Залуу удирдагч бид хоёр ирэх наймдугаар сард уулзахаар болзоо тогтоочихсон байгаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)