Тони Блэйр: Би Рио Тинтотой ямарч холбоо сүлбээ байхгүй

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын  Ерөнхий сайд асан Тони Блейр 2013 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй тус тус уулзсан юм. Мөн Олон улсын харилцааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэнгийн судлаач, оюутнууд болон Гадаад харилцааны яамны албан хаагчдад зориулан “Даяаршлын боломж ба сорилтууд, Монголд үзүүлэх нөлөө” сэдвээр чөлөөт ярилцлага зохион байгуулж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулав.
Монголын Үндэсний Телевизийн зочноор уригдан сонирхолтой яриа өрнүүлсэн Британийн Ерөнхий сайд асан Тони Блейрийн ярилцлагыг уншигчиддаа бүрэн эхээр нь хүргэж байна.


- Ноён Тони  Блейр Монгол Улсад тавтай морил. Таны айлчлал маш богино хугацаатай байлаа. Гол зорилго нь юу байв?

-Аль эртнээс би Монголд айлчлахыг хүсдэг байлаа. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа манай хоёр орны харилцааг улс төр, эдийн засгийн чиглэлийн аль алинаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан юм. Энэ чиглэлээр Монголын Засгийн газартай санал солилцох хүсэлтэй ирсэн. Нөгөө талаас Монголын нүүдэлчдийн соёл дэлхийн түүхэнд өндөр ач холбогдол гүйцэтгэсэн. Харин өнөө цагт ардчиллаар тууштай замнасан улс гэлээ ч дэлхий дахины анхаарлыг татдаг орон. Энэ утгаар нь хүмүүс Монгол орныг илүү их таньж мэдэхийг хүсдэг. Миний хувьд анх удаа Монголд ирлээ. Бас эцсийнх нь ч биш гэж бодож байна.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзсан. Уулзалтуудынхаа үр дүнг та юу гэж дүгнэх вэ?

-Бид Ерөнхийлөгчийн албаныхантай олон улсын чанартай болон Монголын асуудлаар санал солилцсон. Харин Ерөнхий сайдтай Засгийн газрынх нь бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар ярилцлаа. Монгол Улсад байгалийн баялгаараа эдийн засгаа хөгжүүлэх асар их нөөц бололцоотой. Үүнийгээ ч эх орныхоо тусын тулд хэрхэн ашиглах талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маш тодорхой байр суурьтай байгаа нь надад ажиглагдсан. Тухайлбал, эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хараат байлгахгүйн тулд дэд бүтэц барих, эдийн засгаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, худалдаа, гар урлал, технологи гэх мэт чиглэлд төрөлжүүлэх боломж их байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч уул уурхай болон эдийн засгийн бусад чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал бодлоо илэрхийлсэн.

-Би энэ асуултыг заавал асуух ёстой юм аа. Олон хүн хариултыг нь хүлээж байгаа. Зарим улс төрийн хүчний төлөөллүүд таныг “Рио Тинто” компаний томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг. Энэ ч шалтгаанаар Монгол Улсын Засгийн газарт Оюу Толгойн хэлэлцээрийн улмаас лобби хийх гэж ирсэн гэж хардаж байгаа. Энэ үнэн үү?

-Би үгүй гэж хэлнэ. Улс төрд байсан над шиг хүмүүсийн айлчлалын үеэр ийм цуу яриа гарч л байдаг. Надад “Рио Тинто”-гийн ямар ч хувьцаа байдаггүй. Эрх ашгийг нь төлөөлдөггүй. Би хэнийг ч лоббидох гэж ирээгүй. Би үнэхээр Монголын талаар мэдэх гэж ирсэн. Чаддаг зүйлсээрээ Засгийн газарт тус болохоор ирсэн тухайгаа хэлсэн. Цаг хугацааны хувьд энэ бол Монгол Улсын ирээдүйд маш чухал ач холбогдолтой үе. Улс төрийн нэг нам нөгөөхөө хардах нь зүйн хэрэг. Миний хувьд цуу ярианы сэдэв болж л байдаг. Үүнд ач холбогдол өгөөд хэрэггүй ээ гэж хүмүүст хэлдэг дээ.

-Сайн мэдээ байна. Британи Монгол Улс хоёр 50 жилийн харилцаатай.  Улс төрийн тавцанд энэ хугацаанд чамлахааргүй үр дүнд хүрсэн байгаа. Харин эдийн засгийн харилцаа хангалтгүй явж ирлээ. Ерөнхий сайд байсан, нөлөө бүхий улс төрчийн хувьд цаашид эдийн засгийн харилцааг хэрхэн ахиулах боломж байна гэж харж байна вэ?

-Миний бодлоор ойлгох ёстой хамгийн чухал зүйл юу вэ гэвэл мэдээж уул уурхайн салбар бол эдийн засагт мөнгө оруулж ирж байгаа гол салбар учраас хөгжүүлэх ёстой. Энэ мөнгийг дэд бүтэц барих, эдийн засгаа төрөлжүүлэхэд ашиглах нь чухал. Байгалийн асар их баялагтай орнуудын жишгээс харахад энэ салбар өөрөө асар их мөнгө бүтээдэг ч ажлын байр, үр үйлдвэрлэлийг бүтээж бий болгож чаддаггүй онцлогтой. Хэдийгээр улс орнууд өөр өөрийн арга хувилбараар харьцангуй амжилттай хөгжсөн туршлагууд байдаг ч Монголын хувьд “Баялгийн сан” гэх мэт уул уурхайгаас орж ирсэн орлогоороо ирээдүйд баялаг бүтээх хэрэгтэй гэх мэт олон янзын шийдэл байж болно. Гэвч хамгийн гол чухал шийдэл бол  оюуны хөрөнгө оруулалт, өндөр технологи, боловсон хүчнийг гадны аль ч улсаас авч ирэх нь эдийн засгийг жинхэнэ чанартайгаар төрөлжүүлж, чадавхижуулах хамгийн сайн боломжийг өөртөө бий болгох үндэс юм. Британийн жишээг татъя л даа. 1970-аад оны сүүл, 80-аад оны эхэн үед Британийн автомашины үйлдвэрлэл үндсэндээ сүйрсэн гэж хэлж болно. Бүрмөсөн зогссон л доо. Тэр үед япончууд Их Британид ирж, автомашины үйлдвэр барих санал тавьсан. Дотоодын маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Хүн бүр л япончууд ирж манай машины салбарыг эзэгнэнэ гэж юу гэсэн үг вэ гээд л. Гэвч энэ бол Английн фунт стерлингийн ханшийг дахин сэргээхэд хамгийн их ач тусаа өгсөн явдал болсон. Япончууд шинэ санаа, шинэ менежмент, шинэлэг технологийг Британид авчирсан. Автомашины салбар ч сэргэж, одоо хэзээ хэзээнээс илүү олон тооны автомашин үйлдвэрлэдэг болсныг харж байна. Миний чухал гэж бодож байгаа зүйл бол ийм холбоо харилцаа үүсгэх нь чухал. Дэлхий дахин үүнд бэлэн байна.   

-Та албаны хүмүүс, шинжээчид, оюутнуудтай уулзаж глобальчлалын сэдвээр лекц уншиж, чөлөөт ярилцлага  өрнүүллээ. Глобальчлалын Монголд үзүүлэх нөлөөллийг та юу гэж харж байна вэ? Ялангуяа бидэнд ямар боломжууд байна гэж та үзэж байна?

-Олон улстай харилцаа холбоо хөгжүүлэхийг би боломж гэж харж байна. Монголд ихээр орж ирж байгаа тухай та ярилаа. Тэд сайн нөхцөл бүрдсэн бол Монголд орж ирнэ, бүрдээгүй бол орж ирэхгүй. Технологи, шинэ санаа, хөгжилд хэрэгтэй бүхнийг оруулж ирэхийн тулд дэлхий нийттэй холбоотой байх чухал. Монголд  сонирхол татах олон зүйл байна гэж би хэлсэн. Мөн хамгийн гол нь ардчилсан засаглалтай улс. Иймээс энэ бүх боломжийг нэг чигт хандуулах нь чухал. Ийм ч боломжтой гэж бодож байна. Би өнөөдөр оюутнуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ өнөөдрийн их ертөнцөд амжилтад хүрсэн хүн бол нээлттэй хүн юм аа гэдгийг онцлон хэлсэн юм. Тэд өөр бусдад, тэдний шинэ санаанд нээлттэй ханддаг. Тэд шинэ аргаар ажиллахад бэлэн байдаг.  

-Авлига бол манай нийгмийн гол асуудлын нэг. Төр засаг авлигатай тэмцэхэд гол анхаарлаа хандуулж, тодорхой дэвшлүүд гарч байгаа. Харин олон улсын туршлагаас та бидэнд юу зөвлөх вэ?

-Тогтолцооноосоо авлигыг бүрмөсөн арчиж хаях хэрэгтэй. Учир нь авлига хөгжлийн хамгийн том дайсан. Авлигатай тэмцэх гол арга бол шүүхийн олон нийтийн засаглалын тогтолцоо байгуулах явдал. Гэвч авлигатай тэмцэх цорын ганц үр дүнтэй арга бол шударга, нээлттэй, ил тод засаглалыг бий болгох явдал гэдэг нь олон улсын туршлагаас харагдаж байгаа юм.

-Сүүлийн асуулт. Та Монголд анх удаа ирлээ. Ямар сэтгэгдэлтэй буцаж байна вэ? Мөн гадаа цас орж байна. Жилийн өдийд тэр бүр ийм их цас ордоггүй л дээ.

-Өнөө өглөө намайг ирэхэд цэлмэг байсан. Маш сайхан цэнхэр тэнгэр намайг угтсан ч цас орчихлоо. Харин миний сэтгэл маш өндөр байна. Та бүхний хаанаас хаа хүрсэн нь түүх гайхалтай, бас 20 жилийн дараа  хүрэх ирээдүй тодорхой байна.   

-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ярилцлага хүмүүст таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)