М.Заяа: Сонсголын гажиг олон шалтгаанаас үүсдэг

Хүний амьдралд сонсгол нь маш чухал мэдрэхүйн нэг. Орчин үед техник технологи хөгжихийн хирээр хүний сонсголд ч нөлөөлж сонсгол бууралт үүсгэх нь ихэссэн. Түүнээс гадна төрөлхийн сонсголын гажигтай төрөх тохиолдол бас бий. Тэгвэл орчин үед энэ бүх нөхцөлд та амьдралын бүхий л аялгууг урьдынх шигээ эсвэл эрүүл хүнтэй адил сонсож мэдрэх боломжтой болсон. Таг дүлий болон хүнд хэлбэрийн сонсгол бууралттай хүнийг сонсгол оруулах амьдралыг жинхэнээр нь мэдрэхэд “ЭМЖЖ” эмнэлэг туслана. Ингээд сонсгол бууралт, дунгийн суулгацын талаар Чих хамар хоолой, сонсголын улсын үйлчилгээтэй Сургалт эрдэм шинжилгээний “ЭМЖЖ” Төв-ийн Сонсгол судлалын эмч, АУ-ны доктор М.Заяатай ярилцлаа.

-Бидний  чих ямар бүтэцтай байдаг вэ? Энэ талаар яриагаа эхлэе.

Чих нь  гадна,  дунд,  дотор чих гэсэн  3 хэсгээс бүрддэг.  Гадна болон дунд чих бнь  дууны долгионыг цуглуулж авах, дамжуулах үүрэгтэй.  Дотор чих нь  захын сонсголын мэдрэлийн эсүүд нь чихний дунгаас тархи уруу мэдээлэл дамжуулна буюу хүлээж авдаг.  Энэ нь механик энергийг биологийн энерги болгон   цааш сонсголын мэдрэлээр дамжаад тархинд хүрдэг.  Тэнд хүн үгийг ялгаж, дуу чимээг таньж мэдэх процесс явагддаг.

-Сонсгол хэрхэн ажилладаг вэ?

Чихний гадна дэлбээ нь  дууг цуглуулна. Чихний гадна сувгаар дамжуулаад хэнгэргэн хальсан дээр очиход энэ нь дууныdun-suulgac долгионыг аваад хэлбэлзэж хөдөлнө. Хэнгэргэн хальсны цаад талд  алх, дөш, дөрөө гэх сонсголын гурван яснууд байрладаг. Эдгээр яснууд нь хөшүүргийн дөрөөгөөр бие биеэ хөшиж хөдөлгөөд дотор чихний доторх шингэнийг цалгиахаар захын сонсголын мэдрэл буюу сормууслаг эсүүд сэрж дууны долгионыг дамжуулна. Ингээд тархинд  очиж дуу чимээг ялгана гэсэн үг.  Сонсголын эдгээр ясууд гэмтсэн үед дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт үүсдэг.

-Сонсголын бууралт гэж юу вэ?  Түүний төрлүүдийн талаар?

Сонсголын бууралтыг дотор нь дуу дамжуулах, дуу хүлээн авах,  холимог хэлбэрийн гэж 3 ангилдаг. Гадна болон дунд чихний үйл ажиллагааны алдагдлаас болж үүсч буйг дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт гэнэ. Дотор чихтэй холбоотой хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралтыг дуу хүлээн авах хэлбэрийн бууралт гэнэ. Дуу дамжуулах хэлбэрийн болон хүлээн авах хэлбэрийн бууралт хоёр нь  хоёулаа хавсарч тохиолдвол холимог сонсгол бууралт болно. Дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт эмийн болон мэс заслын эмчилгээгээр  нөхөн сэргээгдэх боломжтой.

-Эдгээр нь эмийн болон мэс заслын аргаар адил эмчлэгдэх үү?

Дотор чихний бууралтыг одоогоор нөхөн сэргээх эм  дэлхий дахинд хараахан гараагүй. Гэхдээ дотор чихний сормууслаг эсүүдийг ургуулдаг янз бүрийн судалгааны ажлууд хийгдэж байгаа. Энэ сонсгол бууралтыг техникийн аргаар нөхөн сэргээдэг. Энэ нь 1-рт сонсголын аппарат,  2-рт дунгийн суулгац буюу дотор чихний суулгац хагалгаагаар  нөхөн сэргээж байгаа. Дотор чихний сонсгол бууралтын үед тодорхой хэмжээний үлдэгдэлтэй үед сонсголын аппарат тохируулна. Дотор чихний бүрэн гэмтэл буюу таг дүлий үед сонсголын аппарат тус болж чадахгүй. Энэ үед дунгийн суулгац буюу дотор чихэнд электрод хагалгаагаар оруулж суулгана.  Хагалгааны дараа спич процессор буюу дуу боловсруулах процессыг чихнийхээ ард (сонсголын аппараттай адил) зүүгээд дотор чихний электродтойгоо соронзонгоор холбогддог. Дунгийн суулгацын аргаар сонсгол нөхөн сэргээх боломжтой.

-Дунгийн суулгац хагалгаа гэж юу вэ? Хэрхэн явагддаг вэ?

Дэлхий дээр 100 төрөлт тутамд 1-2 таг дүлий хүүхэд төрдөг гэж үздэг. Сонсгол оруулах буюу дунгийн суулгац хагалгааг дэлхий дээр анх Австрали улсад 26 жилийн өмнө хийж эхэлсэн.

Энэ хагалгаа нь огт сонсохгүй, сэрэхгүй байгаа дотор чихийг хагалгааны аргаар электрод суулган техникийн аргаар сонсгол оруулж буй арга юм. Дунгийн суулгац нь гадна, дотор гэсэн 2 хэсэгтэй. Гадна хэсэг нь дууны процессор буюу дамжуулагчаас бүрдэнэ. Харин дотор хэсэг буюу электродууд нь чимээг сонсголын мэдрэлээр дамжуулан тархинд хүргэдэг.

dun-Hagalgaa

-Энэ хагалгааг ямар насны хүмүүс хийлгэвэл илүү үр дүнтэй вэ?

Энэ хагалгааг  дөнгөж төрсөн хүүхдэд  3 сар дотор хийвэл эрүүл хүнтэй адил хэл, боловсрол эзэмших боломжтой. Хэрвээ 3 наснаас дээш хийвэл үр дүн буурдаг. Дүлийг дотор нь олдмол  ба төрөлхийн гэж 2 ангилна.  Төрөлхийн дүлий тохиолдолд дээрх аргаар мэс засал хийнэ. Харин олдмол дүлий буюу эрүүл төрчихөөд ямар нэг шалтгааны улмаас сонсголоо алдсан тухайлбал гэмтэл, вирусийн гаралтай халдвар, стресс, чихэнд хортой эм тариа болон бусад зүйлээс болж сонсгол алдсан тохиолдолд  нас харгалзахгүй хийдэг. Хүн чихээрээ үг  дамжуулах л үүрэгтэй. Тархиараа үгийг ялгадаг. Олон жил дүлий явбал үг ялгах тархины үйл ажиллагаа устдаг тул тухайн хүнд энэ хагалгааг хийвэл нөхөн сэргээх процесс төдий чинээ удаан явагдана. Тэгэхээр сонсгол буурсан тохиолдолд шууд л арга хэмжээ авах хэрэгтэй.

Орчин үед дунгийн суулгац хагалгааг хийх хугацааны заалт илүү богиноссон. Энэ хагалгааг хөгжингүй орнуудад 2 чихэнд хийж байгаа. Ингэхэд  эрүүл хүнтэй адил хоёр чихээрээ сонсож, ярих боломж бүрддэг.

Энэ хагалгааны өмнө 3-6 сар заавал аппарат зүүх ёстой. Аппарат зүүгээд үр дүн тодорхой хэмжээгээр илэрч байвал цаашдаа аппарат зүүнэ. Харин огт илрэхгүй байгаа тохиолдолд энэ хагалгааг хийдэг. Шинжилгээгээр батлагдсан ч гэсэн заавал сонсголын аппарат зүүнэ гэсэн үг. Манай орны хувьд  хожуу оношлогддог. Хүүхэд хэлд орох насандаа хэлд орохгүй байна гэж сургуульд орохын өмнөхөн эцэг эхчүүд дагуулж ирдэг. Тэхээр нилээд хожуу буюу ихэвчлэн 3-6 настайдаа оношлогддог. Энэ өвчин оношлогдоод аппарат зүүж хяналтанд явна, дараа нь  хагалгаанд орох процесс 6 сараас 1 жил хүртэл явагдана. Ингэхэд тухайн хүүхэд бүр 4-6 настайдаа хагалгаанд орох болдог.

 Хойшлох тутам үр дүн буурна. Гэхдээ үр дүнг эцэг эхчүүд өөр өөрөөр хүлээж авдаг. Зарим эцэг эхчүүд хагалгаанд ороод эрүүл хүн шиг сонсож  шууд ярьж эхлэхийг шаардана. Энэ бол бүр багадаа хийгдсэн тохиолдолд л боломжтой зүйл. Хожуу хийгдэж байгаа тохиолдолд эрүүл хүн шиг ярьж сурахгүй гэхдээ дуу чимээг авна, бүх чимээг ялгаж сурна. Энэ нь зарим эхчүүдэд том үр дүн болдог. Жишээлбэл 10 настай хүүхэд эрүүл хүнтэй адил ярьж сурна гэж байхгүй. Энэ хагалгаа бол хүчээр сонсгол оруулж буй хагалгаа. Тархины үйл ажиллагааг сэргээнэ гэж байхгүй. Тиймээс 10 настай хүүхэд ядаж л хаалга тогшиход тайлаад өгчихдөг, нэрээр нь дуудахад эргэж хардаг тийм болвол зарим эцэг эхчүүдэд том үр дүн болдог. Ерөнхийдөө хэдэн насанд хийж байна гэдгээс үр дүн өөр өөр гарна.

-Манай оронд хэзээнээс эхэлж хийгдэх болсон бэ?

Австралийн Кохлеар фирмийн дунгийн суулгацыг манайх анх 2009 онд хийсэн. Одоогоор 15 орчим хүүхдэд хийгдсэн байгаа.

-Насны хувьд ямар насныхан их ирж байна вэ?

Насны хувьд 2-14 настай хүүхдүүд ирсэн.  Ингэж оройтож ирэх шалтгаан гэвэл манайд оношлогооны асуудал нилээд төвөгтэй. Хөгжингүй орнуудад  төрөх тасагт сонсголыг шалгах шинжилгээ байдаг учраас төрөнгүүт нь сонсголыг нь шинжилж сонсголын алдагдалтай бол чих хамар хоолойн эмнэлэг рүү илгээдэг. Тиймээс хөгжилтэй орнуудад хүүхэд  дөнгөж төрөнгүүтээ оношлогддог. Харин манай орны хувьд тийм оношлогоо төхөөрөмж хангалтгүй учир эцэг эхчүүд маань ихэнхдээ мэдэхгүй байсаар оройтдог.

-Үнэ өртгийн хувьд?

dun-suulgats

-Энэ хагалгаа нь хөгжингүй орнуудад ихэвчлэн даатгалд хамрагдсан байдаг учир иргэдэд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй. Харин манай орны хувьд  одоогоор эрхтэн шилжүүлэх хагалгаа даатгалд хамрагдаагүй учраас эцэг эхчүүдэд төлбөрийн асуудал төвөгтэй. Одоогоор бид эрүүл мэндийн даатгалд хамрагдана гэдэгт найдаж байгаа. Зөвхөн сонсгол биш элэг бөөр гэх мэт эрхтэн шилжүүлэх хагалгаа даатгалд хамрагдаж эхэлвэл хүлээгдэж буй маш олон хүүхдүүд хагалгаанд орно. Манай эмнэлэг дээр одоогоор 300 – гаад хүүхэд оношлогдсон байгаа. Хожуу оношлогддог дээр нь төлбөрийн асуудал гэхээр бүр хойшлогдоод байдаг. Хамгийн гол нь нас явах тусам үр дүн буурдаг учир тун харамсалтай.

-Мэс засал хийлгэсний дараа хэр хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг вэ?

Хагалгаа хийснээс хойш нэг сарын  дараа спич процессороо нээдэг. Хүүхэд эхийн хэвлийд бий болох цагаасаа дуу авиаг сонсч эхэлдэг. 4 сартайгаасаа дуу гарсан зүг рүү эргэж харна. Улмаар 1 нас орчмоос ганц нэг үг хэлж эхэлдэг шүү дээ. Энэ нь тархи дуу чимээг таньж мэдээд хариу урвал үзүүлдэг болж буй хугацаа. Энэ хугацаа нь сонсгол оруулж буй хүнд яг адил явагдана. Тэгэхээр хагалгаа хийлгээд  сарын дараа ярьдаг болно гэж байхгүй. Харин сарын дараанаас сонсч эхэлнэ. Ингээд 1 жил орчмын дараанаас ганц нэг үг хэлж эхлэнэ. Эрүүл хүүхэд ямар үе шат дамжиж хэлд орно яг үүнтэй адил үе шатыг дамждаг.

Тийм учраас хагалгааны дараа хэл заслын багш тусдаа 1-2 жилийн хугацаанд хичээл заадаг. Энэ хагалгаа нь  маш олон хүний хөдөлмөр байдаг. 1-рт, хагалгаа амжилттай болох үүднээс мэс заслын эмч 2-рт, сонсгол судлалын эмч, 3-рт, хэл заслын эмч,  4-рт, техник учраас дунгийн суулгацын ажиллагааг шалгаж байх инженер техникийн баг  5-рт, гэр бүл гэсэн 5 баг хамтарч ажиллаж байж хагалгааны үр дүн гарна.

-Манай орны хувьд сонсголын гажигтай болох суурь нөхцөл юу болж байна?

Сонсголын гажиг нилээд олон шалтгаантай. Тухайлбал саяхан гахайн хавдар нилээд ихэслээ. Гахайн хавдарын улмаас нэг талын сонсгол дүлий болох тохиолдол байна. Гэхдээ энэ нь ховор. Тархалт их байвал мэдээж сонсголд нөлөөлнө л гэсэн үг. Жирэмсэн байхад улаанууд өвчнөөр өвчилвөл хараа, сонсголын гажигтай төрөх магадлал тун өндөр. Мөн жирэмсэн үедээ болон төрсөний дараа халдварт өвчнөөр өвдөх, гэмтэл ослоос, удамшлын шалтгаанаар, чихэнд хортой антибиотик хэрэглэснээс, сүрьеэ өвчний үед канамицин эм хэрэглэснээс, жин дутуу төрөх, шарлалт удаан явагдах гэх мэт сонсголын гажигтай болох олон шалтгаан байдаг.

Хамар хоолой чих гурав салшгүй холбоотой. Хамар залгиурын өөрчлөлтөөс болоод дунд чихний агааржилт алдагдсантай холбоотой сонсгол дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт үүснэ. Энэ тохиолдолд багад нь эмчилвэл эдгэрэх боломжтой. Хүүхдэд ихэвчлэн дунд чихэнд шингэн хуримтлагдах архаг үрэвслийн үед бол зарим үед гайгүй, зарим үед муу сонсох, эсвэл нэг дуудангуут эргэж харахгүй байх тохиолдол байдаг.Үүнийг эцэг эхчүүд манай хүүхэд анхаарал нь өөр тийш төвлөрсөн учраас хэнэггүй байна гэж бодон хугацаа алдах тохиолдол их байдаг. Тэгэхээр хүүхдээ төрөнгүүт нь сонсголыг нь нэг удаа заавал үзүүлэх хэрэгтэй. Мөн хамар хоолой өвддөг өвчлөмтгий хүүхдүүдийг жилд нэг удаа үзүүлэх нь зүйтэй. Ер нь телевиз чанга үздэг, дуу хөгжим чанга сонсдог, чанга ярьдаг, хамар нь битүүрдэг харшилтай, хурхирч унтдаг хүүхдүүдийг заавал үзүүлээрэй гэж хэлье.

-Орчин үед залуучууд маань чихэвч байнга сонсох болсон. Энэ нь сонсголд хэрхэн нөлөөлдөг бол?

1990 оны үед сонсгол дамжуулах үеийн сонсгол бууралт их байдаг байсан. Харин сүүлийн үед үйлдвэржилттэй холбоотой  FM, MP3, төрөл бүрийн утас гээд  чихэвчээр дуу хөгжим  их сонсдог, мөн хүнд машин механизм барьдаг хүмүүст дуу чимээнээс үүдсэн сонсголын мэдрэлийн хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралт үүсэх нь ихэсч байгаа. Энэ нь эмийн эмчилгээгээр нөхөн сэргээгддэггүй, заавал сонсголын аппарат эсвэл дунгийн суулгац хагалгаа хийлгэх заалттай.

Тэгэхээр байнга чихэвчээр хөгжим сонсох хэрэггүй. Тодорхой хэмжээгээр хэсэг хугацаанд сонсоод нэг цаг ч юмуу амраагаад дахин сонсох хэрэгтэй. Манайхан бол хэдэн цагаар сонсдог шүү дээ. Мөн  хөдөлмөр хамгааллын хэрэгслийг сайн хэрэглэж байх хэрэгтэй. Ялангуяа үйлдвэрийн нөхцөлд ажиллаж байгаа ажиллагсад мөн сүүлийн үед буун спорт, ан агнах гэх мэтээс үүсч буй  гэнэтийн чанга чимээ нь сонсголын мэдрэлийн эргэшгүй өөрчлөлтийг гаргадаг.

-Дунгийн суулгац  хагалгаагаар цаашдаа эмч бэлтгэж байгаа юу?

Манайх дунгийн суулгац хагалгаагаар 3 эмч бэлтгэж байгаа. Нэг нь бие даан хийж байгаа. Нөгөө хоёр нь залуу эмч нар бэлтгэгдэж байна. Герман, Солонгос улсуудад мэргэжил дээшлүүлж байгаа. Австралийн Кохлеар фирм нь дурын эмнэлгийг дистрибютерээ болгодоггүй. Манай эмнэлэг 2002 оноос энэ хагалгаагаар эмчээ бэлтгэж эхэлж байсан. 2009 онд Австралиас мэргэжилтэн ирж багаж, тоног төхөөрөмж, эмч мэргэжилтэн, лобаронт, инженер технийкийн баг бүрдсэн эсэхийг шалгасан. Энэ шалгалтанд манай эмнэлэг тэнцэж Кохлеар фирмийн дистрибютер болсон. Үүнээс хойш жил бүр тасралтгүй сургалт зохион байгуулдаг. Бид Австрали, Бээжин, Солонгосоос эмч мэргэжилтэн профессоруудыг урьж авчирч олон улсын семинар 2 дахь жилдээ зохион байгуулсан.

-Энэ хагалгаанд орох хүсэлтэй хүүхдүүдийн ар гэрийнхэнд зориулсан зөвлөгөөг өгөөч.

Хүүхдүүд дүлий төрнө гэдэг заавал удамшил байх албагүй. Би олон хүүхдийг үзэж байсан. Сонсгол бууралттай нь оношлогдвол эцэг эх нь ихэвчлэн манай тал, танай тал гээд хайгаад явчихдаг. 2-3 дүлий төрсөн хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд 70-80 хувь нь ямар ч удамшлын шалтгаангүй эрүүл эцэг эхээс төрсөн байдаг. Эцэг эхчүүдэд заавал удамшлаас болж дүлий төрдөг гэсэн ойлголт байдаг. Удамшлын шалтгаан байх албагүй гэж энэ дээр хатуу хэлмээр байдаг. 2-рт хүүхдийг аль болох бага дээр нь  эмчид хандан үзүүлвэл нөхөн сэргээх эмчилгээ сайн хийгдэнэ. Дүлий төрнө гэдэг бол хувь заяа биш. Айж хугацаа алдахгүйгээр эмч нарт хандах хэрэгтэй. Аль болох эрт арга хэмжээ авна төдий чинээ үр дүн сайн гарна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)