Хэнтий аймгийн хууль хяналтынхан С.Одонгэрэлийг хилс хэрэгт гүтгэсэн үү

2013 оны 3 сарын 25
Хэнтий аймгийн иргэн С.Одонгэрэл тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Г.Болор-Эрдэнэ, хяналтын прокурор С.Нарангэрэл нар түүний нөхөр С.Оюунсайханд хилс хэрэг тохоож, хэл амаар доромжилж, авлига өгөхийг шаардсан тухай хэвлэлийнхэнд дэлгэв. Түүний нөхрийг Хэнтий аймгийн цагдаагийн газар 2010 оны гуравдугаар сараас эхлэн малын хулгайн хэрэгт сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. С.Одонгэрэлийн ярьж буйгаар 2009 онд иргэн Н.Эрдэнэбаатарт “Эксель” маркийн автомашинаа 1.8 сая төгрөгөөр зарсан байдаг. Үүнийхээ хариу төлбөрт долоон үхэр авсан байна. Гэтэл иргэн Н.Эрдэнэбаатарын өгсөн үхэр хулгайнх байсан нь илэрчээ. Ингээд С.Одонгэрэл болон түүний нөхөр малын хулгайн хэрэгт хамсаатнаар татагдав. Үүнээс хойш нөхрийг нь 2010 оны дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэл цагдан хорьсон байна. Ингэхдээ мөрдөн байцаагч Г.Болор-Эрдэнэ С.Оюунсайханыг бичиг үсэг мэддэггүйг нь далимдуулан гурван удаа хаана, юунд ашиглахаа хэлэхгүй хоосон цаасанд гарын үсэг зуруулжээ. Учрыг нь лавлахаар хэл амаар доромжилж, мөнгө нэхдэг байсан гэнэ. Тиймээс С.Одонгэрэл ЦЕГ, УПЕГ-т Хэнтий аймгийн цагдаагийн ажилтан, хяналтын прокурор нарын ёс зүйн талаар гомдол гаргажээ. Харин үүнийг нь хянаж үзээд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс хариу ирүүлсэн байна. Үүнд “Өргөдлийн дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Болор-Эрдэнийг албан үүргээ гүйцэтгэхдээ ёс зүйн алдаа гаргасан хэмээн үзэж цолыг нь бууруулах сахилгын шийтгэл оногдуулснаа мэдэгдье” гэжээ. Иргэн С.Оюунсайхан, Д.Одонгэрэл нарын анхан шатны шүүх хурал 2010 онд болсон аж. Уг шүүх хурлаар С.Оюунсайханыг бусадтай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр 67 тооны бод мал хулгайлан бусдад 23 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан. Харин түүний эхнэр Д.Одонгэрэлийг 13 удаагийн үйлдлээр 57 тооны бод мал хулгайлж бусдад 19 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж шүүхээс Д.Одонгэрэлд долоо, нөхөрт нь 12 жилийн ял оноосон байна. Харин энэхүү шийдвэрийг буруу гэж С.Одонгэрэл үзэж байгаа юм. Учир нь тэдний хэрэгт Хэнтий аймагт гурван жилийн хугацаанд долоон суманд алга болсон алдуул малыг хүчээр нэмсэн гэж үзэж буй. Тэрбээр үүнийг шалгаж өгөхийг УЕПГ-аас хүсчээ. Түүний гомдлын хариуд УЕПГ энэ оны хоёрдугаар сард мэдэгдэх хуудас ирүүлсэн байна. Үүнд “Иргэн С.Одонгэрэлийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Таны гомдлыг харьяаллын дагуу Хэнтий аймгийн прокурорын газарт шилжүүллээ” гэжээ. Уг гомдлыг тус аймгийн Прокурорын газар хянаж үзээд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар тус аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт буцаасан аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...