Хятад, ОХУ дэлхийд энх тайван тогтооно

Хятадын шинэ удирдагч Си Жинь Пин төрийн тэргүүний хувиар хилийн чанадад айлчлах анхны орноор ОХУ- ыг сонгосон. Үүгээрээ тэр Хятад, ОХУ-ын харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтээ илэрхийлсэн. Тэрбээр ОХУ-д гурван өдрийн хугацаатай айлчлахаар өнгөрөгч баасан гаригт Москвад хүрэлцэн иржээ. Си Жинь Пин Москва хотноо ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарын албаны дээд хүмүүстэй уулзаж хоёр орны хамтын ажиллагаа, түүнд үүсч буй саадыг хэрхэн гэтлэх талаар хэлэлцжээ. Хоёр орны хооронд байгалийн хий, газрын тосны худалдаа, дэлхийн зэвсгийн зах зээлийн өрсөлдөөн, бүс нутгийн нөлөө гэх мэт хэлэлцэх олон сэдэв хуримтлагдаад байв. Сүүлийн жилүүдэд Бээжин, Москвагийн эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, дипломат харилцаа ойртсон ч дээрх асуудлууд саналын зөрүүтэй байдал үүсгэж байсныг Принсетоны их сургуулийн Зүүн Хойд Ази судлаач, профессор Гилберт Розман өнгөрөгч долоо хоногт “РИА-Новости”-д утсаар ярилцлага өгөх үеэр “Хоёр талын харилцаанд олон бэрхшээл байна. Гэхдээ би эдгээр асуудал ирэх хэдэн жилийн дотор шийдэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж тодотгосон юм. Хэдийгээр Си Жинь Пиний ОХУ-ын удирдлагуудтай ярилцсан сэдэв, байгуулсан гэрээний талаарх мэдээлэл нэн хомс байгаа ч тэрбээр олон гэрээнд гарын үсэг зурсан нь тодорхой байна. Өнгөрөгч долоо хоногийн эхээр Хятад дахь ОХУ- ын Элчин сайд Сергей Разов “Си Жинь Пин айлчлалынхаа үеэр дор хаяж 20-30 гэрээнд гарын үсэг зурна” гэжээ. Хятадын эдийн засаг өсөхтэй зэрэгцэн Москва Бээжинтэй энэ салбарын харилцаагаа сайжруулах хүсэл нь нэмэгдсэн. Хятад Улс дэлхий дээрх хоёр дахь том эдийн засагтай орон болж, Си Жинь Пин ОХУ-д айлчилсан явдалд Москва өндөр ач холбогдол өгөв. “ОХУ Хятадын гадаад ертөнц дэх улстөрийн хамгийн чухал түнш нь. Одоо тэд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж ижил төвшинд хэрхэн хүргэх талаар хэлэлцэж байна” гэж ОХУ-ын Алс дорнодын судалгааны хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский ярьжээ.

Энэ хоёр орны хоорондох худалдаа өнгөрөгч 2012 онд 88 тэрбум орчим ам.доллараар хэмжигдсэнийг ОХУ-ын албаныхан танилцуулсан агаад дээрх тоо Москва, Бээжингийн худалдааны хамгийн том түнш Европоос хэд дахин бага байна. Тодруулбал, Хятад Улс өнгөрөгч онд Европын холбоотой 546, ОХУ 394 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Мэдээж Бээжин, Москва бие биетэйгээ хийх худалдааныхаа эргэлтийг сайжруулж Европоос хараат бус байхыг хичээж буй. Си Жинь Пин ОХУ-д ирсэн эхний өдрөө буюу баасан гаригт Владимир Путинтай анхны уулзалтаа хийж “Бид хамтын ажиллагааныхаа талбарыг бэхжүүлж, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхийг зорих ёстой” гэсэн аж. Тэгвэл Хятадын Ерөнхий сайд Ли Кэц Ян өчигдөр “Синьхуа” агентлагт “Хоёр талын худалдаа ойрын жилүүдэд дөрөв дахин өснө” гэж хэлжээ. Өнөөдрийн байдлаар, Хятадын ОХУ-д нийлүүлж буй экспортын бараа бүтээгдэхүүн ОХУ-ын Хятадад нийлүүлж буй экспортын бүтээгдэхүүнээс илүү жин дарж байна. ОХУ энэ байдлыг Хятадын дэмжлэгтэйгээр тэнцвэржүүлэхийг зорьж байгаа нь тийм ч нууц биш агаад албаны тооцоогоор ОХУ 2012 онд Хятадад 35.7 тэрбум орчим ам.долларын экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлжээ. Энэ нь тус улсын нийт экспортын бараг тал орчим хувь нь юм. Хятад Улс ОХУ-аас газрын тос, алт, мод гэх мэт ховор түүхий эд голчлон худалдаж авдаг. Харин Москва Хятадад үйлдвэрийн бүтээгдэхүүний худалдаагаа нэмэгдүүлэхийг хүсдэг байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад Улсад эдийн засаг хурдацтай өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсээр. Си Жинь Пин тэргүүтэй улстөрийн ертөнцийн тав дахь үеийн удирдлагууд өсөлтийг улам хурдасгахыг хүсч байгаа. Үүний тулд эрчим хүчний найдвартай нийлүүлэгч хэрэгтэй . Тиймээс ч тэр үү ОХУ-тай эрчим хүчний томоохон гэрээ байгуулахаар хэдийнээс хэлэлцсэн. Харин багагүй хугацаа шаардсан уг гэрээнд Си Жинь Пин энэ удаагийн айлчлалаараа эцсийн цэг тавив бололтой . Ихэнх ажиглагч түүний энэ удаагийн айлчлалын гол зорилго эрчим хүч гэж байсан. Энэ нь ч зөрөөгүй. Бээжин, Москва Баруун Сибирийг Хятадтай холбосон байгалийн хийн хоолой барих зөвшилцөлд хүрсэн 2006 оноос хойш дээрх гэрээний талаар хэлэлцэж эхэлжээ. Учир нь талууд саяхныг хүртэл үнэ дээр санал зөрж, үүний улмаас бүтээн байгуулалтын ажил хойшилсон.

Хоолой ашиглалтад орсноор ОХУ Хятадад жил бүр 38 тэрбум шоо метр хий нийлүүлнэ гэж төлөвлөсөн. Москва Европт 1000 шоо метр хийг 400 орчим ам.доллараар худалддаг агаад Бээжинд ижил үнээр худалдахыг хүсчээ. Харин Бээжин үүнээс хямд үнээр авах хүсэлтэй. Ямартаа ч, Си Жинь Пиний айлчлалын үеэр хоёр тал тохиролцоонд хүрсэн гэдэгт олонхи ажиглагч итгэлтэй байна. Тиймээс “Газпром”, “Хятадын үндэсний газрын тос корпораци” энэ оны эцэс гэхэд хэлэлцээрт хүрнэ гэж үзжээ. ОХУ эрчим хүч үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Харин Хятад Улс эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Бээжин, Москвагийн хувьд эдийн засгийн бас нэгэн чухал судас болох дээрх хоолой баригдсанаар хоёр гүрний харилцаа бүх шатанд ахих нь дамжиггүй. Мөн ОХУ Баруун Сибирьт барих хийн хоолойгоор дамжуулан Xятадтай хил залгаа өмнө зүгийн энэ нутгийн дэд бүтцийг сайжруулахыг зорьжээ. Хятадын ОХУ-тай хиллэдэг хойд зүгийн нутгууд Баруун Сибирь болон алс дорнодын мужуудаас өндөр хөгжилтэй. Тиймээс ОХУ Хятадын оролцоотойгоор энэ бүс нутгийг хөгжүүлэх, ялангуяа зам, гүүр гэх мэт бүтээн байгуулалтын ажилд урих хүсэлтэй байв. Си Жинь Пин ОХУ-ын төрийн өндөрлөгүүдтэй энэ мэт олон асуудлаар хэлэлцэж, санал бодлоо солилцохын зэрэгцээ хоёр талын харилцааны үнэ цэнийг дүрсэлжээ. Си Жинь Пин айлчлалынхаа хоёр дахь өдөр “Хятад, ОХУ-ын найрсаг харилцаа дэлхийн энх тайвныг сахин хамгаална. Бидний нэгдмэл олон улсад стратегийн тэнцвэртэй байдал бий болгоно” гэж хэлж, басхүү энэ үгээрээ баруунд том сануулга өглөө. НАТО- гийн тэлэлт, Европын пуужингийн хамгаалалтын систем ОХУ, Хятадын санааг яах аргагүй зовоож байгаа юм. Си Жинь Пин Хятадын төрийн тэргүүний хувиар ОХУ-д айлчилж Владимир Путинтай уулзахаас өмнө түүнтэй уулзаж байжээ. Харин энэ удаагийн хоёр дахь уулзалт дээрээ Владимир Путиныг “Сайн найз” гэж магтлаа.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн чуулганы танхим дотор олон орноос зөвхөн бие биеийгээ дэмжиж, Сирид цэрэг оруулахыг эсэргүүцсэн хоёр орон бол Хятад, ОХУ. ОХУ Сирийн иргэний дайнд барууныхныг оролцохыг хүчтэй эсэргүүцэж, байр суурин дээрээ бат зогсч буй. Тэгвэл Си Жинь Пин Москвагийн улсын их сургуулийн Олон улсын харилцааны их сургууль дээр оюутнуудад хандан хэлсэн үгэндээ Владимир Путины байр суурийг дэмжиж “Бид аливаа улс орны дотоод хэрэгт гаднын орнуудад оролцохгүй, эрх, тусгаар тогтнолыг нь хүндэтгэх ёстой. Үүнийг хатуу анхаарах ёстой” гэжээ. Үүгээрээ мөн л баруунд томоохон сануулга өглөө. Угаас барууны айдас Си Жинь Пиний ОХУ дахь айлчлал байв. Түүнийг Москваг зорихоос өмнө АНУ-ын Сангийн шинэ сайд Жейкоб Лью Бээжинд хүрэлцэн ирж түүнтэй уулзсан. Энэ үеэр тэрбээр Си Жинь Пинтэй хоёр орны эдийн засгийн байдлаар хэлэлцэж, Вашингтонд урьжээ. Юутай ч, Жейкоб Лью Си Жинь Пинийг төрийн тэргүүнээр томилогдсоноос хойш уулзсан гадаадын анхны томоохон албан хаагч болсон юм. Саяхан Вашингтон Хойд Солонгосын заналхийлэл нэмэгдэж байгаагаас Польшт барих пуужингийн хамгаалалтын системийн төлөвлөгөөгөө хойшлуулж, Аляскт барихаар болсноо мэдэгдсэн. Үүнд Хятад, ОХУ ихээхэн дургүйцэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Яагаад гэвэл Аляскт хамгаалалтын систем байрлуулснаар АНУ бүхэлдээ хамгаалалттай болж байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)