Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орох хүн 75 хуулиар шалгалт өгнө

2013 оны 3 сарын 28
Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар 100 орчим сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг сонгон шалгаруулалтад оруулахаар болсон. Үүнийг Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хууль бус шийдвэр хэмээн эсэргүүцэж байгаа юм. Ажлаа хүлээлгэн өгөх мэдэгдэх хуудас нь ирчихсэн 50 гаруй эрхлэгч, захирлууд түр хороо байгуулан эрх ашгаа хамгаална гэдгээ мэдэгдсэн. Харин тэдний төлөө дуугарах ёстой БШУЯ болон Нийслэлийн боловсролын газрын удирдлагууд ус балгасан мэт чимээгүй байгаад гайхсан хүн олон байна. Тиймээс эл захирамжийн талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.

-Зарим сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Ямар үндэслэлээр тэднээс ажлаа чөлөөлөхийг шаардаж байгаа юм бэ?
-Боловсролын тухай хуульд 2004 онд өөрчлөлт орсон. Үүнд ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг Нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын журмыг үндэслэн томилдог болсон. Энэ дагуу 2007 оноос хойш журам боловсруулж эхэлсэн юм билээ. Гэтэл манай газрын зөвшөөрөлгүйгээр захирал, эрхлэгчийн албан тушаалд томилогдсон 100 орчим хүн байгаагийн олонхи нь 2007 оноос хойш томилогдсон байна. Тиймээс хууль хэрэгжүүлэх зорилгоор тэднийг сонгон шалгаруулахаар болсон.

-Хотын дарга Э.Бат-Үүлийг сонгон шалгаруулалтын журам гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж тайлбарлах хүн байна. Та үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Төрийн албаны тухай хуульд үндэслэн УИХ- аас 2003 онд Сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтныг томилох тухай 13 дугаар тогтоолыг баталсан. Үүнд нийцүүлэн манай газраас журам боловсруулж, дөрвөн ч удаа шинэчлэн найруулаад байгаа. Төрийн албаны зөвлөлийн уг журмыг үндэслэл болгосон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль хүчингүй болоод Төсвийн болон Боловсролын тухай хууль энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Тиймээс хуучин журмыг хүчинтэй гэж үзэх нь эргэлзээтэй болчихоод байгаа юм. Түүнээс гадна Боловсролын тухай хуульд Нийслэлийн боловсролын газар сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилох үндсэн үүрэгтэй гэж заасан. Үүнийг үндэслэн сонгон шалгаруулалт явуулахаар шийдсэн юм. Манайх нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар дээрх журмыг оруулж баталсан.

-Шинэ журмын шалгаруулах нөхцөл өмнөхөөсөө хүнд болсон гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Сонгон шалгаруулалтад орж байгаа хүмүүс 70 гаруй хуулиар шалгалт өгөхөөр болжээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Сургуулийн захирал болох гэж байгаа хүн 75 хуулиар шалгалт өгнө гэснээс ийм шүүмжлэл гарсан болов уу. Төрийн албанд анх удаа орж байгаа хүнээс 50 гаруй хуулиар шалгалт авч байж авдаг. Сургуулийн захирлын ажлын хамрах хүрээ маш өргөн. Үүнтэй холбоотойгоор зарим хуулийн заалтыг нэмсэн. Тогтоолын дагуу дөрвөн төрлийн шалгалт өгөх ёстой. Үүнд бичиг баримт, сорил, ур чадвар, ярилцлага багтдаг. Одоогоор гурван сургууль, цэцэрлэгийн удирдлагын албан тушаалд ирэх сарын 10- ны дотор сонгон шалгаруулалт явуулна.


Ц.ОЮУНТУНГАЛАГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...