Н.Алтанхуяг: Хууль зөрчөөд яахав, захирамжаа хүчингүй болгоё гэсэн

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, улс орны өмнө тулгамдсан зарим асуудлыг хөндөж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, улс орны өмнө тулгамдсан зарим асуудлыг хөндөж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

- Монгол Улсын эдийн засгийн өсөлт өмнөхөөс таван хувиар буурсан гэдэг мэдээллийг Үндэсний статистикийн газраас өгч байна. Та үүнийг юу гэж дүгнэж байгаа вэ?
-Эдийн засагт нэг хүндрэл бий. Тэр нь гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа явдал. Үүнд дүн шинжилгээ хийж үзсэн. Жилийн өмнөөс гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй багассан. Мөн Оюутолгойгоос орж ирдэг хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдэхгүй байгаа. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль сонгуулийн өмнө батлагдсан. Стратегийн гурван салбар бий. Үүний нэг нь уул уурхай. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль гарсантай холбогдож зарим гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа зогсоох, татах үйлдлүүд гарсан. Тиймээс Засгийн газраас үүнд шинжилгээ хийж нэлээд хэд хэдэн удаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний эцэст УИХ-д Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулж өргөн барина. Ямар өөрчлөлт оруулах юм гэхээр хувийн компаниудыг хязгаарласан заалтыг хасч, гадаадын төрийн өмчийн компаниудыг хязгаарлах нь зүйтэй юм гэж үзэж байгаа. Хоёр дахь өөрчлөлт бол 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулбал заавал УИХ шийдэх заалттай. Энэ мөнгөний хэмжээг байхгүй болгоно. Ийм өөрчлөлт хийснээр тодорхой хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бодож байна. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахаар “Монголын хууль эрх зүйн орчин урьдчилан харах боломжгүй. Гэнэт нэг өдөр өөрчлөгдөөд байх юм. Үүнийгээ та нар гурав ч юм уу, таван жилийн хугацаатай болгож, ойлгомжтой байлгах талд нь анхаараач” гэсэн. Засгийн газар энэ агуулгаар уг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа.

- Тавантолгойн асуудал юу болж байгаа вэ. “Чалко” компанитай дахин гэрээ байгуулна. Өмнө нь байгуулсан гэрээгээ цуцлана” гэж яригдаж байсан шүү дээ?
-Өнөөдрийн байдлаар Тавантолгой нүүрсээ гаргаж чадахгүй зогссон. Одоогийн байдлаар сая гаруй тонн нүүрс буюу 30 гаруй сая ам.долларын нүүрс хураалттай байна. Яагаад нүүрсээ гаргахгүй байгаа юм бэ гэхээр өмнөх байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу нүүрсээ гаргавал нэг килограмм нүүрснээс зургаан ам.доллар алдаж, алдагдалд орно. Тиймээс өөрсдийн нүүрсээ алдагдалтай гаргах боломжгүй учраас “Чалко”- той “Гэрээ хэлэлцээр хийе. Ярьж тохиръё. Нүүрсээ алдагдалтай үнээр нийлүүлэх боломжгүй. Тиймээс ашигтай болгох талаар ажиллая” гэдэг асуудлыг тавьж, гэрээ, хэлэлцээрийг тасралтгүй хийж байгаа. Сонгуулийн үеэр бид “Чалко” компаниас 350 сая ам.доллар авч, бүгдийг нь нүүрсээрээ төлнө гэсэн. Ингээд экспортлосон нүүрсээ бодоод үзэхээр 170 сая ам.доллар нь төлөгдчихсөн. Одоо 186 сая ам.долларын өр үлдчихсэн байгаа. Үүнийг нүүрсээр төлнө гэхээр алдагдалд орно. Тиймээс экспортыг зогсоосон. Цаашид яах вэ гэдэг дээр “Чалко” компанитай хэлэлцээр хийж байна.

- Орон сууцны зургаан хувийн зээлийг байхгүй болгоно гэсэн. Оронд нь ямар төрлийн зээлийн төсөл хэрэгжүүлэх бол гэж иргэд хүлээж, харж байна?
-Орон сууцны зургаан хувийн зээл бол буруу бодлого болсон. Байшин сав нь цөөхөн байхад зургаан хувийн зээл олгоно гэж зарласан нь нэгдүгээрт, төсөвт маш их хэмжээний алдагдал үүрүүлж байгаа хэрэг. Хоёрдугаарт, зургаан хувийн хүүтэй зээл зарлагдсанаас хойш иргэдэд ашигтай байсангүй. Учир нь байрны нэг квадрат метр талбайн үнэ хоёр дахин өссөн. Тиймээс Засгийн газар энэ бодлогыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Бид ойрын үед бодлогоо зарлана. Бид урт хугацааны, 8-9 орчим хувийн хүүтэй зээлийн төсөл ярьж байна. Нөгөө талаар барьж дуусаагүй барилгад иргэдэд зээл олгоод байна. Үүнийг өөрчилнө. Үүнээс хойш барьж дууссан байрыг худалдан авах зээлийг иргэдэд олгоно. Ийм чиглэлээр бодлогоо томьёолж байна. Ирэх бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар оруулна.

- Ард түмний хүлээж байгаа ажлуудыг хэзээ хийж эхлэх вэ. Тухайлбал, өр тавьж авсан бондын мөнгийг том төслүүдэд хэрхэн хуваарилж байгааг хүмүүс мэдэхийг хүсч байна ?

-Засгийн газар бондын мөнгөө эхний ээлжинд дөрвөн төсөлд зарцуулахаар шийдсэн. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод 33 замын уулзварыг өөрчлөх “Гудамж” нэртэй төсөл хэрэгжүүлнэ. Үүний дотор хурдны зам тавихаар тусгасан. Хоёрдугаарт, зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох, гуравдугаарт, “Шинэ төмөр зам” буюу Сайншандаас урагш Гашуунсухайт, зүүн тийшээ Сайншанд уруу явах төмөр замыг эхлүүлэхээр шийдсэн. Дөрөвдүгээрт, Тавантолгойн цахилгаан станцад бондын мөнгөнөөс нэг хэсгийг нь буюу 50 сая ам.долларыг өгье гэсэн. Эдгээр төслийг иргэдээс санал авч шийдсэн. Энэ дотор “хэрэггүй” гэж хэлэх төсөл байхгүй. Өнөөдөр “Оюутолгой” Хятад Улсаас цахилгаан авч байгаа. Тиймээс Тавантолгойд цахилгаан станц барихаас өөр аргагүй. Ирэх бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар нэмж таван төсөл шийднэ. Нэгдүгээрт, брэндтэй холбоотойгоор ноосны салбарыг дэмжинэ. Бүх мөнгөө зам уруу хийчихэж болохгүй. Хоёрдугаарт, ноо- луурын үйлдвэрлэлийг дэм- жинэ. Гуравдугаарт, сүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Дөрөв дүгээрт, оёдлын сал- барыг дэмжинэ. Энэ нь цаашдаа өөрсдөө даавуугаа хийх боломжийг бүрдүүлнэ. Тавдугаарт, арьс ширний үйлдвэрлэл бий. Гэхдээ арьс ширэнд бондоос мөнгө өгөхгүй, дэмжинэ. Жилдээ 10 гаруй сая арьс, шир авч байгаа. Үүнийгээ зөв боловсруулбал яасан юм гэсэн таван чиглэлээр нэмж шийдвэр гаргана. Ингээд бид есөн чиглэлд мөнгө гаргахад бэлэн боллоо гэсэн үг.

- “ТЭЦ-V”-ыг барих газраа тогтсон уу. Хэзээнээс барьж эхлэх вэ?

-”ТЭЦ-V”-ыг барихдаа “Чингис” бондоос мөнгө гаргахгүй. Үүнийг өмнөх Засгийн газрын үед гадаад, дотоодынхон хамтарч мөнгөө гаргаад барина. Тэгээд 20, 25 жил тэд өөрсдөө ашиглахаар ярьсан. Ингээд 25 жилийн дараа Монгол Улсад хүлээлгэн өгөх концессын гэрээгээр хийгдэх юм. Үүн дээр Засгийн газар шийдвэрээ гаргасан.

- Дотооддоо шатахууны үйлдвэр барих талаар ярьж байна. Дарханд барина гэсэн сүүлийн үеийн судалгаа байна. Энэ нь хэр боломжтой юм. Ялангуяа түүхий эдээ нийлүүлэх боломж, бололцоог Засгийн газар яаж тооцож байгаа юм бол?
-Дарханд барих газрын тосны үйлдвэр таван жил яригдаж байгаа. Өмнөх таван жилд хийсэн судалгааг бид олон талаас нь үзээд “Газрын тосоо дотооддоо боловсруулдаг 10 байг гэхэд ядаж ганц үйлдвэр баръя” гэсэн. Дарханд байгуулах бүх судалгаа тооцоо нь гарсан. Хамгийн боломжтой байршил энэ. Дорнодоос Монголын хэрэгцээг хангах хэмжээний түүхий тос ойрын хэдэн жилд гарахгүй. “Дорнодод газрын тос гаргаж байгаа. Түүнийхээ хажууд 100 тоннын газрын тос боловсруулах үйлдвэр баръя” гэж манайхан ярьдаг. Тэр төсөл үр ашиггүй. Ингээд ярьж байгаад хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг Дарханд барихаар болсон. Өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан Японоос хөнгөлөлттэй, урт хугацааны зээл авч хийх санал хэвээр байгаа. Хоёр дахь төсөл нь бидэнтэй, бидэнгүй хийгдэж байгаа хувийн хэвшлийн төсөл. Тэр нь Дорноговийн Зүүнбаянгийн орчим 300 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар манай компаниуд шийдсэн.

-Таны ТЕГ-ын дэд даргыг томилсон шийдвэр Үндсэн хуулийн цэц дээр бүдэрсэн. Үүнд тодорхой хариулт өгөөч?

-Намайг Үндсэн хуулийн цэцэд хоёр удаа өгсөн. Эхнийх нь аймгийн Засаг дарга нарын томилгоотой холбоотой. Өнөөдөр бүх аймгийн Засаг даргыг томилсон байгаа. Хөвсгөл, Дорнод аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон. Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн хүн нь АТГ-т шалгагдаж байсан учраас “Энэ хүнийг Засаг дарга болгож болохгүй. Өөр хүн гаргаад ир” гэсэн. Гэтэл нөгөө хүнээ зүтгүүлээд байсан учраас би хууль зөрчиж Засаг даргаар батламжилж чадаагүй. Дараа нь би нэгдүгээр сарын 7-нд Засаг дарга томилсон захирамж гаргасан. Энэ өдөр МАН- ын удирдлагынх нь нэг намайг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Нэгдүгээр сарын 7-нд Цэц хэрэг үүсгээд “Хууль зөрчсөн байна” гэхээр нь би “Хууль зөрчөөд яахав, захирамжаа хүчингүй болгоё” гэсэн юм. Би Үндсэн хууль зөрчиж ажиллах хүн биш л дээ. 2004 онд дөрвөн аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилж байсан түүхтэй. Азтай нь тухайн үед МАН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулсан учраас амаа хамхиад өнгөрсөн юм шиг байгаа юм. Тиймээс би өмнө нь тогтсон жишгийн дагуу л хийсэн. Н.Алтанхуяг хийхээр Үндсэн хууль зөрчсөн болж таараад байгаа юм. ТЕГ-ын дэд даргыг томилсон. Гэхдээ хүн томилсноос болоод хэрэлдээд байгаа юм байхгүй. Хүн халсантай холбоотой үүссэн асуудал. ТЕГ-ын дэд дарга байсан Ч.Чулуунбаатарыг бид ажлаас нь халсан. Яагаад гэхээр Нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гээд зарим нарийвчлалтай газрын зургийг нууцаас гаргах, иргэний хурууны хээгээр өгдөг мэдээллүүдийг ил болгохоор санаачилж Засгийн газар олон удаа ярьж байгаад УИХ-д оруулсан. Гэтэл ТЕГ-ын дэд дарга УИХ-ын байнгын хороон дээр оруулах гэж буй өөрчлөлтүүдийг эсэргүүцсэн. Засгийн газрын эцэслэн шийдсэн зүйлийг Засгийн газрын нэг агентлагийн орлогч УИХ-ын байнгын хороон дээр эсэргүүцэж болохгүй. Тиймээс халсан. Үүнээс л үүдэлтэй. Түүнээс биш Б.Ариунсанд Н.Алтанхуяг хайртайдаа биш. Удахгүй гурав дахь тохиолдол гарах байх. Дөрөвдүгээр сарын 5-нд УИХ- ын чуулган эхлэхээс өмнө Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчүүлчих гээд л байгаа юм. Ийм л хүсэл сонирхол байгаа. Тиймээс дахиад Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн гээд асуудал үүсэхийг үгүйсгэхгүй байна. Монгол Улсын нүд, чих болж байгаа агентлагийн дэд даргыг Ерөнхий сайд томилж чадахгүй юм бол утга, учир алга. Би яагаад захирамжаа хүчингүй болгосон юм бэ гэхээр дөрөвдүгээр сарын 5-наас өмнө Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчүүлэх цаас хэрэгтэй байсантай холбоотой. Түүнээс би буруу, зөрүү зүйл хийсэн гэж бодохгүй байна.

-Улстөрийн намын тухай хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдсан. Ер нь намын хатуу гишүүнчлэлээс татгалзах нь зөв үү. Намын санхүүжилт ямар байх ёстой юм. Төрөөс улстөрийн бүх нам санхүүжих нь шударга зарчим мөн үү гээд олон асуудал ярьж байна. Улстөрийн намыг тэргүүлж байгаа хүний хувьд Та ямар байр суурьтай байна вэ?
-Улстөрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй. Ялангуяа намын санхүүжилтийг ил тод болгох хэрэгтэй. Мөн хөрөнгө мөнгөний асуудлаа ч ил тод болгоё. Бид хэн нь атаман, хэн нь том байшинтай билээ гэдгээ харуулах гээд байна шүү дээ. Энэ бол буруу өрсөлдөөн. Гишүүнчлэл гэдэг бол хөгжлийн л асуудал. Өнөөдөртөө ямартай ч итгэл үнэмшилтэй гишүүдтэй байгаа.

-Манай улсын “Шинэ төмөр зам” төсөлд ОХУ-ын төмөр замын байгууллагын удирдлага оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж захидал ирүүлсэн гэсэн. Энэ мэдээлэл бодит уу. Яг ямар агуулгатай захидал ирсэн юм бол?

-Төмөр зам дээр нэг сонин юм боллоо. Би үлгэр ярих гэж байна. Ерөнхий сайдад Оросын Төмөр замын дарга В.Якунин захиа явуулжээ. Тэр захиа нь надад ирээгүй байтал нэг сонинд гарчээ. Тэр бичиг нь бүр монгол орчуулгатай гарсан байна. Би тэгээд Гадаад харилцааны яам, тагнуулынхныг дуудаад “Яагаад ийм асуудал үүсэв. Юу болоод байна. Ерөнхий сайд уруу явуулсан бичгийг би аваагүй байхад яагаад сонинд орчуулгатайгаа гарчихсан байдаг юм” гэсэн. Гэтэл хоёр хоногийн дараа надад өнөөх бичиг ирсэн. Ийм л байна даа. Хамгийн энгийн ёс зүй зөрчигдөж байгаа биз дээ. Сүүлдээ юу болж байна гэхээр биднийг хойд, өмнөд хөрштэй муудалцуулах зүйлийг улаан цайм хийгээд байна. Орос бензиний үнээ өсгөлөө гэдэг. Үнэндээ тэдэнд өсгөсөн зүйл байдаггүй. Манай зарим нөхдүүд очоод “үнээ өсгөөч” гээд явж л байдаг. Энэ тоглоом биш.

-Засгийн газрын агентлагуудын өгч байгаа мэдээлэл хоорондоо зөрдөг. Бас яамд хэтэрхий хаалттай бүс болсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Баавар хорих ангийн камерт түлэгдлээ. Үүн дээр ШШГЕГ-ынхан ялангуяа, хорих 461 дүгээр ангийнхан зугтаад мэдээлэл өгөхгүй байна. Мэдээллийг ил тод тунгалаг болгоно гэдэг асуудал хэрэгжихгүй байгаа юм биш үү?
-Яг ямар яам нь хаалттай байгааг мэдэхгүй байна. Үүнийг хэлж нээлттэй болгох хэрэгтэй. Агентлагуудын мэдээлэл зөрж байгаа. Энэ үнэн. Хорих ангитай холбоотой асуудлаар өчигдөр хүмүүс надад танилцуулсан. Нуугаад байх зүйл байхгүй. “Бичлэгийг нь л харуул” гэсэн. Тэгтэл “Бичлэгийг нь алга болгочихсон байна” гэсэн тайлбар өгсөн. Тэгээд нотолгоо нь олдоггүй. Иргэдээс юуг нь нуухав. Тэгэхээр тэр хүмүүсийг нь өөрчлөөд шинэчлээд явъя л даа. Мэдээлэл дараад байгаа хүн байвал Та нар ил тод хэлэх хэрэгтэй. Би ямар манаач биш. Бүгдтэй нь харьцах шаардлага байхгүй. Засгийн газрын зарчим тодорхой байгаа. Надад нууж, хаагаад байх юм алга.

- Тони Блэйрийн айлчлал нууцлаг байдалтай болоод өнгөрлөө. Түүнтэй уулзахдаа ямар асуудал ярив?
-Хэд хэдэн орны Засгийн газрын үйл ажиллагаа, Ерөнхий сайдын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт зэргийг бид судалсан. Тони Блэйрийн Засгийн газрын Delivery unit гэдэг систем маш оновчтой юм. Засгийн газраас хийж байгаа ажлаа шат шатан дахь эзэндээ сайн хүргэдэг, хэрэгжүүлдэг болоход энэ систем чухал юм гэж бид өмнө нь ярьж байсан юм. Ерөнхий сайдаар 10 жил ажилласан арвин туршлагатай хүн уулзъя гэсэн, би уулзсан. Танай Засгийн газрын үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ тэр хүн илэрхийлсэн. Хардаад байх нууц асуудал яриагүй.

Ц.ЖАРГАЛ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (122.201.18.1)

    2013-03-28

    huulia meddeggui eronhii said ichig ,ichig..ogtsor.

  • ***** (27.123.214.109)

    2013-03-28

    hudalch