Ч.Ганхуяг: Төр бүх зүйлд оролцоод, үнэ тогтоогоод эхэлбэл, бид 25 жилээр ухарлаа гэсэн үг

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийг энэ удаагийн “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийг энэ удаагийн “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа. 

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Энэ үеэр анхаарлын төвд байсан нэг асуудал нь яах аргагүй “Чингис” бондын зарцуулалт байсан. “Бондын мөнгөнөөс нэг төгрөг ч зарцуулаагүй байгаа” гэж Ерөнхий сайд хэлж байна билээ. Гэтэл үүний нөгөө талд бондын хүү гэж зүйл бий. Ер нь бид “Чингис” бондын талаар ямар бодолтой байгаа вэ?

-Банк, санхүү, сангийн дэд хороо гэгч хяналтын Засгийн газрын хүрээнд байгуулагдсан. Би ахлаад ажиллаж байна. Банк, санхүүгийн салбартай хол­боотой, эдийн засаг, төсвийн талаар баримталж байгаа бодлого, гаргаж байгаа шийдвэрүүдийг анхааралтай ажих үүрэгтэй. Тэгэхээр бонд гаргана гэдгийг би өмнөх Засгийн газарт ажиллаж, хагас тэрбумаас нэг тэрбум ам.долларын “Чоно” бон­дыг гаргая гээд ярьж, хөөцөлдөж явсан хүний хувьд дэмжиж байгаа. Бонд гаргах нь Монгол Улсын хувьд зөв, зүйтэй алхам байсан. Цаг нь ч болчихсон. Монголын Засгийн газрын бонд гарснаар зах зээл дээрх бидний үнэлэмж тог­тож, хувийн хэвшил мөнгө босгоход нэг ёсны чиглүүлэгч хүүний түвшин  гарч ирснээр олон улсын хөрөнгийн зах дээрээс мөнгө босгоход дөт болж байна гэж ойлгож болно.

Үүнээс өмнө гаргачихсан бол илүү үр өгөөжтэй байж магадгүй гэж боддог. С.Батболдын Засгийн газрын үед С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж, энэ асуудлыг хариуцаж байсан. Мөнгийг босгож, оруулж ирчихээд, аль болохоор түргэн эргэлтэд оруулах нь зүйтэй. Ерөнхий сайд маань асуултад хариулахдаа бага зэрэг буруу тийш нь хазайлгаад, “Энэ мөнгө буруу зарцуулагдаж байна” гэдэг байдлаар тайлбарлаж байна билээ. Өнөөдөр буруу зарцуулж байна гэдгийг хав дараад сууж байгаагаар л сэтгүүлчид, ард иргэд маань харж байгаа байх. Түүнээс биш төслүүд санхүүжүүлээд, тэр нь үр ашиггүй болчихлоо гэдэг байдлаар биш. Өдөр болгон, цаг минут тутамд тэр мөнгөнд хүү төлөгдөж байгаа. Тэр нь манай улсын өрийн дансанд нэмж бичигдэж байгаа зүйл гэдэг талаас нь харвал дөрвөн сар өнгөрөхөд тэр мөнгийг зарцуулаагүй байгаа нь буруу асуудал. Үүнийг л олон түмэн нэхээд, шаардаад байгаа. Зайлшгүй, яаралтай шаардлага байгаагүй бол хаврын өдий цагийг хүлээж байгаад, мөнгөө авсан бол бүтээн байгуулалт хийгээд, мөнгө нь эргэлтэд ороод, бидний дөрвөн сарын турш үр ашиггүй төлөх хүү маань хэмнэгдэх байсан болов уу. Тэгэхээр цаг хугацааны хувьд илүү хурдан, санхүүжүүлэхэд бэлэн болчихсон төслүүд байгаа үед мөнгийг оруулж ирээд, шууд эргэлтэд оруулаад явах нь зөв зүйтэй байх.

-Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төслүүдийг санхүүжүүлэх ёстой гэж байна. Тэгвэл таны бодлоор одоо яригдаж байгаа төслүүд энэ шаардлагыг хангаж чадаж байна уу, жишээ нь автозамын төслүүдийг эдийн засагчид нэлээд шүүмжилж байгаа. Үр ашгаа удаан хугацаанд өгдөг, мөнгө царцаах, гацаах магадлалтай гэх мэтчилэн?

-Эдийн засгийн өсөлтийг хангана гэхээр автозам, дэд бүтцийн асуудал зайлшгүй орно. Бид үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд аль болох зах зээлийг хооронд нь холбох, ойртуулах ажлуудыг засаг хийх ёстой. Замаа дагаад бизнес идэвхжинэ. Зах зээл ойртоно. Бизнес явуулах тээвэрлэлтийн зардал нь буурна. Тэр утгаараа зөв зүйтэй байж болох юм. Гэхдээ эргээд л нөгөө нарийн тооцоо, судалгаа, төсөв, ТЭЗҮ-ийн асуудал. Хотын замын хувьд энэ нь ерөнхий төлөвлөлттэйгөө уялдаад, 10 жилийн дараа зам маань хөгжлийн чөдөр, тушаа болохгүй байх талын бодлого туссан уу гэдэг нь эргэлзээтэй л байгаа. Аймгуудыг автозамтай холбоно гэдэг нь зөв зүйтэй, сайхан сонсогдож байгаа. Тэнд амьдарч байгаа, тэндээс бизнес хийж, ажил амьдралаа залгуулдаг хүмүүсийн хувьд. Гэхдээ өнөөдөр нарийн эрэмбийг нь гаргаад, зайлшгүй шаардлагатай, Монгол Улсын эдийн засагт онц ач холбогдолтой төслүүдийн чиглэлээ зөв гаргаж авч чадсан уу гэдэг нь бас нэг эргэлзээ. Нөгөө талдаа замын чанарын асуудал, тэр компани нь өөрөө техник, нөөц бололцооны хувьд хэр юм. Өмнө нь тэр хэмжээний ажлыг нугалж байсан компани уу, үгүй юу. Баахан газар шорооны ажил эхлүүлчихээд, бид олон жилээр шороон дундуур “таварцагласан” шүү дээ. Тэгэхээр тэр талын бэлтгэл ажил хангагдсан уу. Тэр том ажлыг гүйцэтгэх компанийн хүчин чадал нь байна уу гэдэг дээр эргэлзээ бас байгаа. Барьчихсан зам нь цаг хугацааны шалгуурыг давж чадах уу, Монголын нөхцөл байдалд нийцсэн байж чадах уу. Тэр бүх асуултад хариулах хэрэгтэй.

-Олон эргэлзээ байна. Эргэлзээг тайлах боломж байна уу?

-Мэдээж шинээр томилогдоод байгаа сайд, агентлагийн дарга нар энэ асуудлаа хариуцаж байгаа. Гэхдээ шинэчилнэ гэдэг нэрийн дор ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг халсан. Цэвэр улс төрийн үзэл, бодлоос нь болоод, “Чи буруу намын хүн” гэдэг байдлаар социализмын үеийн хэлмэгдүүлэлтийг санагдуулам өнцгөөс төрийн албанд хандсан явдал нь үүнд садаа болох болов уу. Төр засагт маань хүчин чадал, дархлаа нь хэр хадгалагдаж үлдсэн бэ. Энэ ажлуудыг өмнө нь хийгээд туршлагажчихсан мэргэжлийн боловсон хүчин дээр, доороо үлдсэн үү. Тэгэхээр сөрөг хүчин, хяналтын танхимын хувьд яг үүн дээр хяналт тавьж, алдаа гаргахаас нь өмнө засагт сануулж, тодорхой хэмжээнд эргэлзээ төрүүлж, шаардлагатай үед хүч нэмж өгөөд, зөв чиглэлээ гаргахад нь туслах үүрэгтэй байна.

-Үүнээс гадна “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр анхаарлын төвд байна. Өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн энэ ажил ямар ч тооцоо, судалгаагүй, буруу байжээ, үүнээс болж иргэд хохирлоо гээд л ярьж байна. Та өмнөх Засгийн газар шийдвэр гаргалцаж явсан хүмүүсийн нэг. Үнэхээр тийм тооцоо, судалгаагүй зүйл байсан юм уу?

-Зургаан хувийн хүүтэй зээл гаргана гэдгийг би хувьдаа эсэргүүцсэн. Нэгэнт хамтарсан засгийн үед Монголбанкны удирдлагууд, Сангийн сайдаар ахлуулаад, ажлын хэсгийн уулзалтуудыг бид хийж байсан. Нэгдүгээрт, ОССК гэдэг компани байх зайлшгүй шаардлага байхгүй гэдэг байр суурин дээр би анхнаасаа байсан. О.Чулуунбат гишүүний ярьдаг санаатай миний бодол нийцэж байсан. Хувийн хэвшлийн хүн, банкир, мэргэжлийн хүн, Сангийн дэд сайдын хувиар ч гэсэн. Дахиад л улс төрийн нөхцөл байдал. Хамтарсан засгийн үе. Тухайн үед Монголбанкин дээр одоогийн Ерөнхийлөгч Н.Золжаргал Дэд ерөнхийлөгчөөр томилогдоод байсан. Бид хоёрын байр суурь ерөнхийдөө ижил байдаг. Зах зээлийг өөрийг нь өөрөөр нь явуулах ёстой. Зах зээлийн бус аргаар засаг өөрөө ороод, хэт хямд, бага хүүтэй зээлийг амлах нь үнийг хөөрөгдүүлэх эрсдэлтэй гэдгийг удаа дараа сануулж байсан. Монголын ипотекийн корпораци гэж бий. Би хувийн хэвшилд, О.Чулуунбат Ерөнхийлөгч Монголбанкинд байх үед бид хоёрын эхлүүлсэн ажил. Энэ байгууллага нь өнөөдөр банкин дээр гарчихсан байгаа моргейжийн зээлүүдийг худалдаж аваад, хоёр дахь зах зээл дээр гаргах байдлаар ажилладаг. Үүнийгээ дэмжээд яваачээ гэдэг байдлаар Сангийн яаман дээрээс бодлого гаргах гэж оролдсон. Төрийн банкаар гаргана гэдгийг зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг шийдвэр засаг дээр гарсны дараа миний хувьд хэрэгжүүлэх ёстой хүн учраас Төрийн банкаар гаргах ёстой гэдэг байр суурин дээр хатуу зогссон. Яагаад гэхээр хувийн банкууд орж ирээд, Төрийн өмнөөс зургаан хувийн хүүтэй зээл гаргана гэж байхгүй. Тэгэхээр энэ зээлийг Төрийн банкаар гарга. Нэгэнт төр өөрөө ийм шийдвэр гаргаж байгаа тохиолдолд Төрийн банкийг хувьчлахаа азна. Төр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөө хэрэгжүүлээд, иргэдээ орон сууцтай болгоё гэж байна. Тэгвэл Төрийн банкийг арилжааны банк гэхээсээ илүү барилгын төрөлжсөн санхүүжилт хийдэг, газрыг эргэлтэд оруулдаг, зургаан хувийн хүүтэй зээлээ төрийн бодлогын дагуу хэрэгжүүлдэг банк болгоё гэсэн байдлаар хандсан. Хувийн банкууд зөвхөн өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн орон сууцны санхүүжилтийг олго. Төрийн банк зөвхөн анх удаагаа байр сууц авч байгаа, гэр хорооллоос газраа чөлөөлөөд ирсэн, арилжааны зээл авах орлогын чадвар байхгүй хүмүүс рүү хандаж ажиллах нь зөв зүйтэй гээд чиглүүлээд өгсөн.

-Тэгсэн яасан билээ?

-Тэр бодлогын нарийн ширийнийг өнөөдөр шинэ байгуулагдсан засаг тэр бүр мэдэхгүй учраас ийм зүйл гарч ирж байгаа болов уу. Гэхдээ эргээд сануулаад хэлэхэд зургаан хувийн хүүтэй зээлийн орон сууцны хөтөлбөрийг манай Ерөнхий сайд Тэргүүн шадар сайд байхдаа, Сангийн сайдаар С.Баярцогт ажиллаж байх үед эхлүүлж байсан. Тэр нь 2011 оны намар гэсэн үг.

-Сүүлд Д.Хаянхярваа сайдын үед яг ажил хэрэг болоод, хэрэгжиж эхэлсэн?

-Хамтарсан Засгийн ажил үргэлжлээд явсан. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тэр загвараараа явсан. Гэхдээ хамтарсан Засгийн газрын үед улс төрийн томоохон шийдвэрүүд гаргаж байсан. Дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ялгаатай, зөрүүтэй байр суурьтай байсан. Тухайлбал, би ОССК-ийг энд оруулах шаардлагагүй гэж үзэж байсан. ОССК зүгээр л илүү дамжлага болчихоод байгаа юм. Төрийн банк нь Хөгжлийн банкнаасаа зээлээ авлаа, өргөдлүүдээ хүлээж авлаа. Тодорхой журмын дагуу анх удаагаа байр авч байгаа, жижигхэн, тогтоогдсон хязгаар доторх үнэтэй байрыг худалдаж авч байгаа хүмүүст зээл өгье гэдэг шалгуурыг оруулах гэж хичээсэн. Зайсанд байр авах гэж байгаа хүмүүс бол энэ зээлд хамрагдахгүй гэдэг бодлогыг би дэвшүүлээд, харамсалтай нь дийлээгүй.

-Тэгвэл одоо дараагийн орон сууцны хөтөлбөрийг ярьж байна. Хүүг 8-9 хувьтай болгоё гээд. Энд ер нь ялгаа байна уу?

-Зургаа байна уу, найм байна уу хамаагүй. Засаг энд ороод, хүүг төд байлга гэж хэлдэггүй л байхгүй юу. Хэлэх гэж байгаа бол зургаагаар нь ч явуулж болно гэж бодож байна. Засаг аль болох зах зээл рүү бага оролцох хэрэгтэй. Тэгвэл эдийн засаг маань эрүүлжиж, урагшилна. “Засаг өөрөө хийж чаддаг юм энэ байна” гээд өөрийнхөө хүчийг зөвөөр үнэлээд, хэлчихмээр байгаа юм. Өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнийг засаг тогтоогоод, тэдийг тийм үнээр авч хэрэглээрээрэй гэж заагаад эхэлбэл, бид 25 жил ухарч байна гэсэн үг. Эргээд хуучин нийгэм рүүгээ орж байна гэсэн үг. Тэгвэл хомсдол бий болно, дэлгүүрийн лангуу хоосорно. Картын бараатай болно, хоолоо оочерлож авдаг болно. Өнөөдөр зарим нэг дарга нар маань хэт залуухан учраас бидний үзээд, мэдэрчихсэн зүйлийг сайн ойлгохгүй байгаа. Хэтэрхий романтик, ХХ зууны эхээр хувьсгал хийж байсан хүмүүсийн ариун, дарвисан сэтгэлээнд автаад, компаниудыг торгоод, айлгаад, зөвшөөрлийг нь цуцлаад, айдсын дор байлгаж байгаад, үнийг барина гэж бодоод байх шиг. Нэг жил тэгж явж магадгүй. Гэтэл хувийн хэвшил байхгүй болчихвол төр засаг өөрөө өндгөө хийдэг болно, талхаа хийдэг, малаа хариулдаг, үнээ тогтоодог болно. Тэгээд бидэнд тэр бүхэн нь олдохоо болиод яг 25 жилийн өмнө ямар байсан тэрэн дээрээ буугаад очино. Тэр нь хямраад дахиад 100 жилээр ухраад, социализмыг барьж байгаа тэр үе рүүгээ орж эхэлж байгаа юм. Манай зарим шинэ дарга нар арай л дэндүү загнаад байна.

-Тэгэхээс тэг гэсэн шиг, одоо дараагийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг хувийн банкуудаар дамжуулж хийе гэж байна. Ер нь банкууд төрийн иймэрхүү ажилд оролцоотой байх боломжтой юу?

-Дээрээс нь дарамталж байгаад хийлгэх байлгүй. Ер нь банкууд миний үед лав ийм зүйлд их дургүй байсан. Аливаа нэг төрийн юм орж ирээд л, зээлээ тэдээр өг, хадгаламжаа тэдээр ав. Бас болохгүй л байхгүй юу. Дотооддоо хуримтлалыг бий болгоод, бизнесийг хөгжүүлье, зээл өг гэчихээд. Капиталист нийгмийн хамгийн тод илэрхийлэл болсон банкин дээр нь Төлөвлөгөөний төв комиссын дарга нь гарч ирэнгүүтээ “Та нар тэр хүмүүс тэдэн төгрөгийн зээл өгөөрэй” гэдэг чинь л буруу болчихоод байна.

-Үүнтэй адилаар төрийн дарамтыг хэт ихэсгэсэн гэх шүүмжлэлд өртөж байгаа зүйл нь яах аргагүй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болж байна. Хувийн хэвшлийнхний зүгээс энэ хуульд тун болгоомжилсон байдлаар хандаж байгаа. Та хувийн салбарт ажиллаж байсан хүний хувьд яг энэ хуулийг чухам ямар байдлаар харж байна вэ?

-Төр өөрийнхөө оролцох, оролцохгүй асуудлуудыг жагсаалт гаргаад, бичээд, ханан дээрээ өлгөөд, аль болох оролддоггүй, Үндсэн хуулийн хэмжээнд авч үздэг л болчихмоор байгаа юм. Тэгэхгүй бол очоод бүх юм руу хошуу дүрээд байгаа байхгүй юу. Тэр нь бизнест, хөрөнгө оруулагчдад зөвхөн гадаадынхан ч бус, дотоодын хөрөнгө оруулагчдад тогтворгүй, ойлгомжгүй байдлыг бий болгож байгаа юм. Би энд очоод, ийм үнээр бараагаа худалдаж аваад, ийм үнээр зарчихна, болохгүй бол төдөөр зарчихна гэж байтал нэг дарга орж ирээд “Чи үүнийгээ энд зарж болно, энд болохгүй. Ийм байдлаар зарж болно, ийм үнээр зарж болохгүй” гээд хэлчихээр нөгөө хүний тооцоолж байсан бүх юм нь буруу тийшээ эргээд, оруулчихсан байгаа хөрөнгөө алдахад хүрнэ. Тийм учраас бизнесийн, хувийн хэвшлийн дотор хүлээлтийн, айдастай байдал бий болчихлоо. Үүнийгээ даруй зогсоогоочээ гэдгийг их ярьж байна. Энэ тал дээр манай засаг хурдхан шиг дүгнэлт хийгээсэй, улстөржилтөө багасгаасай.

-Гэхдээ Засгийн газрын хувьд өмнө нь олон жил тодорхойгүй, эмх цэгцгүй, замбараагүй явж ирсэн зүйлийг одоо цэгцэнд нь оруулах гэж байна. Илүү амар, илүү ойлгомжтой болно гэж тайлбарлаж байгаа?

-Алдаж байсан зүйл зөндөө байдаг байх. Бид эцсийн дүндээ алдаж, оносоор байгаад шилжилтийн үеийг амжилттай туулаад, 17.4 хувийн өсөлттэй эдийн засагтай улс болтол нь хөгжүүлсэн. Ажил хийсэн. Хөрөнгө оруулагчдыг 20 жил араас нь хөөцөлдөж байгаад, өөрсдөө итгүүлээд, авчирсан. Тэр хүмүүсийн итгэлийг олж ирнэ гэдэг нь үе үеийн Ерөнхий сайд нар, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Үүнийгээ бид нэг өдрийн дотор үгүй хийчихгүй байя гэдгийг л хэлээд байгаа юм. Алдсан юм байдаг л байх. Тэрийгээ аажмаар, их ойлгомжтойгоор, дугуй ширээ тойрч сууж байгаад засаж зохицуулъя л гэж байгаа.

-Нөгөө талаас бидэнд олон жил бугширчихсан асуудал байгаа. Үүнийг шинэчилье гэхээр хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцэхгүй байгаа учраас их эсэргүүцэл ирнэ. Энэ эсэргүүцлийг бид давж гараад, шинэчлэлийг заавал эхлүүлнэ гэж шинэчлэлийн Засгийн газрынхан ярьж байна. Тэгвэл таны харж байгаагаар энэ чухам ямар үйл явц болоод байна вэ, үнэхээр шинэчлэх гээд, эсэргүүцэлтэй тулгараад байна уу, эсвэл...

-Мэдээж ямарваа нэг шинэ зүйлд эсэргүүцэл үзүүлдэг. Тэрийг л хэлж байгаа байх. Гэхдээ үүгээрээ тайлбарлаад, өөрийнхөө хийж байгаа бүх юмыг зөвтгөх гэсэн оролдлого байвал, тэр бүтэхгүй. Энэ чинь ардчилсан улс. Улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, улс төрийн сонголтоо чөлөөтэй хийдэг нийгэм. Хүнийг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах байдал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болчихоод байгаа. Тэгэхээр маш тодорхой жишээгээр ярьж болно. Би Монголын эдийн засгийн форум гэдгийг уйгагүй гурав, дөрвөн жил хөөцөлдөж байгаад, 2009 онд С.Батболд сайд дэмжээд, хувийн хэвшлийнхэн ч дэмжсэн. Ингээд амжилттайгаар 2010, 2011, 2012 онд хийсэн. Нээлтэн дээр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг үгээ хэлээд, хэн нэгнийг гадуурхалгүйгээр, бүх компаниудад урилгыг нь тэгшхэн хүртээгээд, оролцуулдаг байсан. Саяны Монголын эдийн засгийн форум дээр “Чи Ардын намын хүн юм чинь энд оролцоод хэрэггүй” гэж хэлэхээр нь би оролцоогүй. Энэ бол шударга бус зүйл.

-Ярилцсанд баярлалаа.

 

Л.Энхдэлгэр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ***** (101.118.10.133)

    2013-04-03

    za talhnii une zereg ch gaigui baina aa, ard tumnee namaar ni gaduurhaad halaad baigaa ni l ih gaitai bn

  • ***** (182.160.9.50)

    2013-04-01

    Talhnii unee ch medej amjaagui saidaa ogson ***** shuu dee

  • ***** (182.160.2.72)

    2013-04-01

    ardchilsan fashistuud dendej bgaa shuu