Монгол эмч нарын бүтээсэн хуруу шилний хүүхэд 4 сар хүрлээ

2013 оны 4 сарын 1
zuunҮр шилжүүлэн суулгах лабораторийн тусламж үйлчилгээ Монголд нэвтэрч, хүмүүс энэ талаар багагүй ойлголттой болсон. Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг шат ахиулсан эмнэлэг бол Баянгол эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв. Тус эмнэлгийнхэн 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдөр буюу дэлхийн эмч нарын өдрийг угтан "Үр шилжүүлэн суулгах төв"-ийн анхны хүүхдээ хүлээн авч баяраа тэмдэглэлээ. Эмнэлгийнхэн хүүд насан туршдаа үнэгүй эмчлүүлэх эрх, 500 мянган төгрөгийн хадгаламж гардуулав. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа баяр хүргэж бахархаж буйгаа илэрхийлэв.  Завхан аймгийн харъяат Л.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэтуяа нарын хүү Б.Билэгт  одоо 4 сартай эрүүл саруул бойжиж байна.

Хуруу шилний анхны хүүхэд 1978 онд Их Британид мэндэлжээ. Харин манай орны хувьд Баянгол эмнэлгийн үр шилжүүлэн суулгах төв нь анх  2011 оны 5 сард нөхөн үржихүйн чиглэлээр үр шилжүүлэн суулгах технологи бүхий тоног төхөөрөмжийг Герман улсаас оруулж ирсэн байна. Улмаар үйл ажиллагаагаа тухайн оны 11 сард эхлүүлж үүнээс хойш  тус эмнэлэгт хандсан 5 хүний нэг нь Эрдэнэтуяа гэх бүсгүй байж. Эрдэнэтуяа 2008 онд тус эмнэлэгт дурангийн хагалгаанд ороод байгалиараа буюу өөрөөрөө жирэмслэх боломжгүй гэсэн онош тавигдсан байна. Тэр үед эдгээр тоног төхөөрөмж байгаагүй бөгөөд эмч түүнд гадаадад үр шилжүүлэн суулгуулах  санал тавьсан байна. Ингээд  2011 онд Эрдэнэтуяа  тус эмнэлгийн  үр шилжүүлэн суулгах мэдээг сонсоод хамгийн эхэнд очсон байна. Одоогоор  хүүхэд нь 4 сар хүрч байгаа бөгөөд  өнгөрсөн 12 сарын 8-нд 3,8 кг, 50 см эрэгтэй хүүхэд  Сэлэнгэ аймагт төрсөн аж.

Монголын хуруу шилний анхны хүүхдийн аав Л.Бат-Эрдэнэ, ээж Я.Эрдэнэтуяа нар “Баянгол” эмнэлгийнхэнд баярлаад баршгүй байгаагаа илэрхийлсэн. Ээж Я.Эрдэнэтуяа “Бид гэрлээд есөн жил өнгөрсөн ч хүүхэдтэй болоогүй. Янз бүрийн эмчилгээ хийлгэж, хүүхэдтэй болгож өгөхийг гуйж, үздэг хардаг гэх хүмүүс дээр очиж, бүхий л арга чаргаа хэрэглэсэн. Хэдэн жилийн өмнө нэг сэтгүүлээс Р.Хадбаатар эмчийн ярилцлагыг олж уншаад энэ эмнэлэгт ирэхээр шийдсэн. Жилийн өмнөөс үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж, ийм хөөрхөн хүүтэй боллоо” хэмээн баярласан сэтгэл нь бахдаж ядан хэлэв.

Нөхөн үржихүйн анагаах ухаанд үргүйдлийг эмчлэх олон аргууд хэрэглэгдэж байгаа ба тэдгээрийн дотроос IVF (In Vitro Fertilization) буюу хуруу шилэнд үр тогтоох арга нь үргүйдлийг эмчлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог. Төрөлжсөн нарийн мэргэжлийн Баянгол Эмнэлгийн “Үр шилжүүлэн суулгах лаборатори" нь дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд ашиглагдаж байгаа Герман улсын “Modern Technology Germany” компаний брэнд бүтээгдэхүүн бөгөөд хосуудын амьдралд аз жаргал, баяр баясгалан болсон шинэ хүн бэлэглэдэг байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...