Ариун цэвэр ба соёл

2013 оны 4 сарын 9
Өнөө үед хүн төрөлхтөн хувийн болон ахуйн ариун цэвэртээ онцгой анхаарал хандуулдаг болсон. Гэтэл хүн төрөлхтөн XVIII зуун хүртэл амьдралынхаа туршид нэг ч удаа усанд ордоггүй байсан гэнэ. Учир нь тухайн үед усанд биеэ угаах, тэр тусмаа халуун усанд биеэ дэвтээснээр төрөл бүрийн өвчин, халдвар биед нэвчин орох нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн мунхаг ойлголттой байж. Тэр байтугай усанд орох онцгой шаардлагатай үед хувцастайгаа ордог байжээ. Энэхүү гаж зуршил нь XIX зууны сүүл хүртэл хадгалагдсан гээд бод доо. Хувийн ариун цэврийг сахих болсонтой холбоотой гоо сайхны хэрэгслүүд хэрхэн, хэзээ үүсч ашиглагдаж эхэлснийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.
Дезодрант
Хүмүүс 1880-аад оныг хүртэл өөрийн үнэрээсээ өөр аятайхан үнэр ханхлуулж болох тухай төсөөлөл, мэдрэмжгүй байжээ. Тухайн үеийн хүмүүсийн дийлэнх нь мэдээж таагүй үнэр ханхлуулан явдаг байсан ч үүнийгээ онцгүй зүйл гэж огт боддоггүй төдийгүй, таагүй байдлыг ч мэдэрдэггүй байж. Жирийн иргэдээс арай дээгүүр зиндааныхан болон баячууд таагүй үнэрээ анхил үнэрт шингэнээр далдлахыг эрмэлзэн их хэмжээгээр хэрэглэвч төдийлөн дарагддаггүй байжээ. Анх IX зууны үед олон талын авьяастан Зирьяб гэгч суганы эвгүй үнэрт зориулсан шүршдэг үнэртэн бүтээх санаа гаргаж олноо сонирхуулсан ч дэмжигдэлгүй өнгөрч байсан баримт байдаг. Харин 1888 онд баруунд анхны шүршдэг үнэртэн үйлдвэрлэсэн нь гайхалтай амжилт, ашгийг дагуулжээ. Хамгийн анхны, төрөл бүрийн үнэрт энэхүү шүршдэг үнэртэн өнөөдөр ч зах зээлд түгээмэл байдаг бөгөөд “ Брэнд Мама” гэсэн нэрээр гардаг.
Илүүдэл үсний засалт
Эмэгтэйчүүд бие дээрх үсээ огт арчилдаггүй байж. Харин 1920 оноос барууны орны бүсгүйчүүд анх бие дээрх илүүдэл үсээ засан, хусч эхэлсэн байна. Гэхдээ суга болон цавиныхаа үсийг огт хусч янзалдаггүй эмэгтэйчүүд өдгөө ч орон бүрт түгээмэл бий. Энэ нь зөвхөн хувь хүний соёл учир нийтлэг хэв маягт хамааралгүй байдаг.
Суултуур
Тухайн үед хүмүүсийн бие төдийгүй гэрт нь хүний ялгадасны хачин таагүй үнэр нэвт шингэсэн байх нь түгээмэл байв. Учир нь ус түгээгүүрийн аж ахуй, ус дамжуулах хоолой байдаггүй байсан болохоор хүмүүс ихэвчлэн гэртээ хөтөвчинд “морь хардаг” байж. Хамгийн аймшигтай нь тэд энэхүү ялгадсаа гаргаж асгадаггүй байсан бөгөөд дараагийн хүн нь бие засах үедээ л түүнийг нь гадагшлуулдаг байжээ. Тиймээс гэрт нь өөрсдийнх нь хөлсний таагүй үнэрээс гадна ялгадасны эхүүн үнэр холилдон хачин таагүй үнэр нэвт шингэсэн байдаг байж. Хөтөвч буюу бие засах зориулалтын сэнжтэй сав нь одоо ч насанд хүрсэн хүмүүсийн хувьд шөнийн яаралтай жорлонгийн үүрэг гүйцэтгэн энд тэндгүй хэрэглэгдсээр байгаа. Харин орчин үеийн суултууртай төстэй зүйлийг анх Пакистаны Мохенжо-Дарогийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн байна. Энэ нь тоосгоор өрсөн сандал дээр байршуулсан суултуур бүхий жорлон байсан бөгөөд археологичид 4-5 мянган жилийн настай хэмээн тодотгожээ. Эртний Хятад, Египет, Ромд ч иймэрхүү төрлийн бие засах газар ашигладаг байсан гэдэг. Ус гүйлгэн цэвэрлэдэг анхны суултуур манай эрин эхлэхээс өмнө Крит арал дээр анх бий болсон гэсэн хувилбар ч бий.
Ариун цэврийн цаас
Бидний өдөр тутмын хэрэгцээ болсон энэхүү зүйл XVIII зууны сүүлээр л үүсчээ. Энэ хүртэл хүмүүс бараг юу тааралдсанаа ашигладаг байсан гэхэд хилсдэхгүй. Баян хүмүүс даавуу, даалинг ариун цэврийн цаас болгон ашигладаг байсан бол ядуу хүмүүс нь хуучин муу алчуур, бөс даавуу, навч ногоо, хөвд тэр атугай гараараа арчдаг байжээ. Харин эртний ромчууд нүцгэн гараа ашигладаг байсан хүмүүсийг бодоход арай соёлтой байж. Тэд нарийн модны үзүүрт даавуу зангидан бөгсөө цэвэрлэчихээд түүнийгээ хувинтай усанд хийн сэгсэрч “ариутгаад” дахин ашигладаг байв.
“Цагаан хэрэглэлийн" шавьж
Ихэвчлэн ор дэрэнд үүрлэдэг цох хорхойнууд XVIII зуун гэхэд аймшгийн том хэмжээтэй болон өсч хүний ахуйд “хаанчлал” тогтоох хэмжээнд хүрчээ. Хүний биед олон таагүй байдал дагуулж байсан иймэрхүү шавьжнууд олон төрлийн өвчний эх үүсвэр болж байв. Тэд орчин үе хүртэл томоохон асуудлуудын шалтгаан болж байжээ. Викторианы үед эмэгтэйчүүд “таагүй зочдоос” хагацахын тулд цэвэрлэгээндээ керосиныг өргөн ашигладаг байсан аж.
Хямралт өдрүүдийн ариун цэвэр
Тухайн үеийн эмэгтэйчүүд энэхүү өдрүүдийг даван гарахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байв. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь даавууны өөдөс ашиглан түүнийгээ угааж дахин хэрэглэдэг байж. Тэд эл ариун цэвэртээ ашигладаг даавуугаа далдлан нууцлах ойлголтгүй байсан бөгөөд бусдын нүдэнд ил өлгөн хатаадаг байжээ. Гэтэл ийм өдрүүдэд юу ч хэрэглэдэггүй эмэгтэйчүүд ч бас байсан гэх. Тэд чухам яаж цаг хугацаа өнгөрүүлдэг байсныг төсөөлөхөд ч бэрх.
Амны хөндийн эрүүл ахуй
1700 оны үед Италийн Марвис компани шүдний оо анх үйлдвэрлэжээ. Үүнээс өмнө хүн төрөлхтөн амныхаа эвгүй үнэрийг дарах төрөл бүрийн аргыг хэрэглэдэг байсан ч төдийлөн амжилт олоогүй байна.
Бөөс хуурс
XVIII зуун хүртэл бараг хүн бүр эл бяцхан шавьжтай “нөхөрлөдөг” байж. Гэтэл эл таагүй шавьжийг мөнгөн усаар устгах шилдэг арга Европт дэлгэрчээ. Гэвч мөнгөн усны хор хөнөөлийг мэдэхгүй хүмүүс хэтрүүлэн хэрэглэсний улмаас галзуурч, амь насаа алдах болсон байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...