Азийн аварга О.Насанбурмаа



Сүүлийн өдрүүдэд манай улсын тамирчид гимнастик, бокс, жүдо, сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож медалийн хур буулгасаар байна. Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж манай тамирчдаас шинэ аварга төрж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо чөлөөт бөхийн барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Вьетнам, Иордан, Ирак, Иран, Казахстан, Катар, Киргиз, Монгол, Сири, Тажик, Тайвань, Таиланд, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Японы 200 бөх зодоглож буй. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хурд, хүчээ сорьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багийн дүнгээр долдугаар байрт бичигдээд байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-д Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн 67 кг-д зодоглосон гавьяат тамирчин О.Насанбурмаа алт, 59 кг-д Т.Мөнхтуяа мөнгө, 72 кг-д Б.Одончимэг, 63 кг-д Ш.Түмэнцэцэг, 55 кг-д Б.Номин нар хүрэл медалийн эзэн болсон байна. Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэй ХҮI тэмцээн Нью Дели хотын Индира Гандийн нэрэмжит спорт цогцолборын К.Д.Жадхавын нэрэмжит 4500 үзэгчийн суудалтай Бөхийн ордонд болж байгаа юм. Энэ өдрүүдэд тэмцээн эрэгтэйчүүдийн 66, 74, 84, 96 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)