Гэр хороололын цэцэрлэгт төрийн тусламж хэрэгтэй байна

2013 оны 4 сарын 23
     Хэдхэн жилийн өмнө I хорооллын арын дэнж дээрх айлууд хүүхдээ цэцэрлэгт явуулах гэж бөөн асуудал болдог байв. Учир нь ойр орчимд нь цэцэрлэг байхгүй болохоор гурван буудал газар алхан байж Цамбагарав, Хархорин захын ойролцоох цэцэрлэгт хүүхдээ хүргэдэг байлаа. Гэхдээ намрын намарт л “харъяа хаяг биш” гэх мэт шалтгаанаар олон айлын хүүхэд гэртээ өнжинө. Харин С о н г и н о х а й р х а н дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 125 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр дээрх бэрхшээл багассан. Нэг үгээр хэлбэл аав, ээжүүдийн ачаалал багассанаас гадна зэргэлдээх х о р о о н ы х о о хүүхдүүдийг хүртэл хамруулах болсон. Тэр ч утгаараа тухайн нутаг дэвсгэрт амьдардаг оршин суугчид 125 дугаар цэцэрлэгийн хамт олонд ам сайтай байдаг. Тэгвэл өчигдөр тус цэцэрлэгийг МХЕГ-аас шалгажээ. Шалгалтаар хүүхдийн эрүүл ахуй болон багш нарын дотоод үйл ажиллагаа сайн дүн авсан ч барилга нь чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Гэр хороолол дунд баригдсанаараа анхныхад тооцогдох тус цэцэрлэг 2009 онд 60 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад оржээ. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирэгсдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, д ч олноор байгуулагдаж буй тул стандартын дагуу хүүхэд бүртгэн сургах боломжгүй болсон аж. Энэ оны хичээлийн жилд л гэхэд нэг анги 45- 54 хүүхэдтэй байгаа бөгөөд нийтдээ дөрвөн бүлгийн 180 гаруй хүүхэд хичээллэж байна. Уг нь стандартын дагуу бол нэг ангид 20-25 хүүхэд байх ёстой.

    Хэдийгээр хүүхдийн тоо хэтийдсэн ч багш, ажилчид нөхцөл бололцоогоо ашиглан анги, бүлгэмээ тохижуулж, хүүхдийн аюулгүй байдал, сурах боломж бололцоог хангасаар өнөөг хүрчээ. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн асуудал тун чиг тулгамдаад буй. Судалгаагаар бол цэцэрлэгт хамрагдах ёстой 220 гаруй мянган хүүхэд байгаа атал 80 мянга нь гэртээ. Үндсэн хуульд хүн бүр сурч боловсорч, мэдэх тэгш эрхтэй гэж заасан байдаг. Энэ нь сургуулийн өмнөх, хойно гэсэн ялгаварлал байхгүй гэсэн үг. Гэтэл тэд энэхүү эрхээ эдэлж чадахгүй л явна. Ийм хүнд нөхцөлд буй хүүхдүүдийн нэг хувиар ч гэсэн бууруулж, сургалт, сургуульд хамруулах зорилгоор тус цэцэрлэгийн удирдлагууд хашаандаа гэр цэцэрлэг байгуулах саналыг дүүргийнхээ боловсролын салбарт хүргүүлжээ. Гэвч гаднах талбай тун жижигхэн байгаа нь ихээхэн хүндрэл учруулж буй аж. Нэг үгээр хэлбэл энэ цэцэрлэг айлын хаяанд байрладаг гэхэд нэг их хилсдэхгүй. Дээрээс нь барилгын чанар муу, гадаад тохижилт стандарт хангаагүй гэсэн дүгнэлттэй. Арга ч үгүй биз, өвлийн улиралд хана, цонхноос нь салхи сэнгэнэж, зун дээврээс нь дусаал гоождог гэх. Тиймээс өнгөрсөн зун уг цэцэрлэгийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглан дээврээ засчээ.

     Мөн үүдний өрөөгөө таллан хүнсний агуулах болгосон байх юм. Ийнхүү багш, ажилчид гуйхаа гуйж, худалдаж авахаа авсаар сүүлийн хоёр жилийн дотор хүүхдүүдийн суух ширээ, сандал, гал тогооныхоо тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, олон улсын стандартад нийцсэн тоглоом ч багагүй цуглуулаад авсан байна. Хэдийгээр цэцэрлэгийн барилга нэртэй ч стандарт бус, биеийн тамирын болон дуу хөгжмийн заалгүй. Гаднах талбай бага байгаа нь дулааны улиралд хүүхэд гадаа тоглох эрхийг хааж буй мэт санагдсаныг нуух юун. Орчны байдлыг ажихад цэцэрлэгийн хашаа нь давчуу бөгөөд баруун талд хогийн цэг, агуулах, нүүрсний амбаар, хойд талдаа усны машин ордог зогсоолтой. Харин урд талдаа айлтай залгаа бөгөөд зүүн талдаа байх жаахан талбайгаа савлуур, гулгуур, муурын байшин, цэцэгийн мандал зэрэгхэнээр дүүргэчихсэн тул хүүхэд гүйж, наадах газаргүй шахам харагдаж байлаа. Цэцэрлэгийнхэн гаднах талбайгаа томсгох, цэцэрлэгээ өргөтгөх талаар хороо, дүүргийнхээ ИТХ, газрын алба, боловсролын салбарт хүсэлт гаргасан ч одоогоор нааштай хариу ирээгүй байгааг арга зүйч Д.Сарантуяа ярьсан. Уг нь стандартад хүүхдийн цэцэрлэгийн гаднах талбай нэг хүүхдэд 0.08 га газар ногдохоор заасан байдаг бөгөөд бүлэг бүхэн өөрийн гэсэн тоглоомын талбайтай байх ёстой ажээ. Ямартаа ч 125 дугаар цэцэрлэгийн албан хаагчид хүүхдийн аюулгүй байдал, эрүүл орчны төлөө чадах бүхнээ хийсээр өнөөдрийг хүрлээ. Гэхдээ төрийн шийдэж өгөх асуудал болох тоглоомын талбай, цэцэрлэгийн өргөтөл тэдэнд хэрэгтэй байна. Хүүхдийн сэтгэл сэтгэлгээ нэг өрөөнд эсвэл төмөр хашаагаар хязгаарлагдахгүй гэдгийг холбогдох газрууд нь мэдмээрсэн дээ.

В.НЭРГҮЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...