Төмөр зам хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг “цонх” нээв

2013 оны 4 сарын 25
     УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний “Улаанбаатар” төв буудал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг “цонх”-той боллоо. Тус “цонх”- ыг ХАХНХЯ-наас өрнүүлж буй “Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд өчигдөр нээж, өдөрлөг зохион байгуулав. Энэ нь галт тэргээр зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тасалбар худалдаалах нэг цонхны үйлчилгээ агаад үүнд зориулан УБТЗ-аас төв буудлынхаа ажилтан, галт тэрэгний үйлчлэгч, кассир зэрэг 112 хүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөв зохистой харилцах сургалтад хамруулжээ. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвөөс явуулдаг тус сургалтаар тасалбар түгээх төвийн ажилтнуудад дохионы анхан шатны болон дадлага хичээлийг байнга орж байхаар болжээ.

   Өдөрлөгийн үеэр Зорчигч үйлчилгээний “Улаанбаатар” төв буудлын дарга А.Арвинчимэг “Манай төв буудлын хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаа, санал санаачлагыг 2012 оноос ажил болгож эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд зориулсан амрах өрөө гаргаж тохижууллаа. Түүнчлэн тасалбар түгээх төвийнхөө танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ, галт тэрэгний хуваарийг бичсэн цаасан самбарууд байршуулдаг болсон“ хэмээн тайлбарлав. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг бэрхшээлүүдийг шийдвэрлэх нь зөвхөн нэг яам, байгууллагын асуудал биш. Нийтээрээ нийгмээрээ оролцож байж шийдвэрлэдэг онцлогтой. Энэ үүргээ ухамсарлаж, бидний ажилд дэмжлэг үзүүлсэн УБТЗ-ын удирдлага, Зорчигч үйлчилгээний “Улаанбаатар” төв буудлын хамт олонд талархаж байна” хэмээн онцолж байна лээ.

    ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Манай яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сарын аяныг эхлүүлээд 20 гаруй хонож байна. Тодорхой хэмжээний шийдвэрүүд ч гарлаа. Бидний энэхүү зорилт, зорилгыг дэмжиж, бодитой хувь нэмэр оруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг бага боловч шийдвэрлэж буй УБТЗ-ынханд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Төрийн болон төрийн бус байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан үйлчилгээ хомс байдаг. Тэдгээр иргэнд үйлчлэх галт тэрэгний тасалбар худалдаалах ажлаа Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын хамт олон тогтмолжуулна гэдэгт итгэл төгс байна” гэсэн. Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, тэдний талаарх ойлголтыг иргэдэд зөвөөр ойлгуулах, уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа юм.



Б.МААМ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...